Сурвалжлага: Нүүрснээс "салсан" ч утаатай хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Нүүрснээс "салсан" ч утаатай хэвээр байна

Сурвалжлага: Нүүрснээс "салсан" ч утаатай хэвээр байна
Нийслэлчүүд утаанаасаа түүхий нүүрснээс татгалзаад дөрөв дэх өвөлтэйгөө золгож байна. Гэвч Улаанбаатарын утаан “хөшиг” бүрэн арилсангүй. Гэр хорооллоор өглөө, оройн галлагааны цагаар сааралтаж, хоолой хорсгосон хэвээр гэдгийг иргэд хэлж байна. Биднийг оройн 18.00 цагт Баянхошуу орчмын гэр хороололд очиход утаа харьцангуй багатай байлаа.
Учир нь ойрын өдрүүдэд цас орж, салхитай хүйтэн байгаа учраас утаа бага байна гэдгийг иргэд хэлэв.
Автобусны буудал дээр унаа хүлээж зогсох иргэн Л.Болормаа "Баянхошуу орчмын гэр хорооллоор өглөө, оройдоо нэлээн утаатай байдаг. Утаагүй арилаагүй. Гэр хорооллоор ид галлагааны цагаар утаатай хэвээрээ байна" гэв. Харин иргэн Д.Саранчимэг "Түүхий нүүрс түлж байсантай харьцуулахад утаа харьцангуй буурсан. Гэхдээ өглөө, оройдоо утаа ихэсдэг. Бусад цагаар утаа багассан юм шиг санагддаг" гэлээ.
Тэндээс Дэнжийн мянга орчмын гэр хороололд очлоо. Гэр хорооллын гудамжаар цэцэрлэг, сургуулиас тарсан хүүхэд багачуудаа хөтөлсөн иргэд амны хаалттай алхаж харагдана. Иргэн В.Бат-Амгалан "Дэнжийн мянга орчмын гэр хорооллоор утаатай байдаг. Өглөө, орой галлагааны цагаар бүр их утаатай болчихно.
Манайх сайжруулсан шахмал түлшээ л худалдаж, авдаг. Түүхий нүүрс хэрэглэхгүй байхад сүүлийн үед яагаад агаар бохирдолтой байгааг мэдэхгүй юм. Өнөөдрийн хувьд салхитай учраас утаа харьцангуй бага байна. Салхигүй, тогтуун өдөр манан шиг сааралтчихдаг" гэв.

"ГЭР ХОРООЛЛЫН ГАЛЛАГААНЫ ЦАГААР АГААРЫН БОХИРДОЛ ИХЭСДЭГ"

Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбат:

-Улаанбаатар хотын хэмжээнд нийт 18 агаарын чанарын хяналт шинжилгээний харуул 24 цагаар ажиллаж байна. Эдгээр автомат харуулыг гэр хороолол, орон сууц, авто зам, үйлдвэрийн бүс, алслагдмал бүс орчимд байрлуулсан. Ингэхдээ 24 цаг тасралтгүй ажиллаж, agar.mn цахим сайтад тогтмол индекс мэдээллийг өгдөг. Хамгийн сүүлийн байдлаар агаарт түгээмэл тархсан зургаан бохирдуулагч болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM10 тоосонцор, PM2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны хэмжээг тооцоолон гаргадаг.

Жишээлбэл, хүхэрлэг хийг 2021 оны мөн үетэй харьцуулахад Зурагт орчимд 10.7 дахин их гарсан. Харин азотын давхар исэл 3.4, PM10 тоосонцор 3.8, PM2.5 тоосонцорын хэмжээ Нэгдүгээр хороолол орчимд өнгөрсөн жилийнхээс 6.5 дахин их гарчээ. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл Толгойт орчимд 1.5 дахин их байгаа бол озон агаарын чанарын стандартаас даваагүй байна.

Манай байгууллагаас хүйтний улирлын тоймыг аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл гаргадаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тоймоор сүүлийн зургаан жилээр харьцуулахад PM2.5 тоосонцор 2021 онд 65 мкг/м байсан бол энэ жил 55 мкг/м болж буурсан үзүүлэлттэй гарсан. Мөн PM10 тоосонцор 130 мкг/м байсан бол энэ жил 97 мкг/м болж буурсан.

Хүхэрлэг хийн хэмжээ 2021 онд 92 мкг/м байсан бол 85 мкг/м болж багассан үзүүлэлттэй гарсан. Ерөнхийдөө өглөө 06.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл галлагааны оргил үед агаарын бохирдол ихэсдэг.

Газрын гадарга дээрх хүйтэн агаарын дээр бохирдуулагч бодистой агаар үүний дээр хүйтэн агаар болсноос давхарга үүсч байгаа. Энэ давхарга нь сарниж алга болох ёстой агаарын бохирдлыг хааж байна. Өөрөөр хэлбэл лонхонд тамхины утааг хийгээд тагласантай адил гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл агаарын давхарга тогтдог гэв.

ГЭР ХОРООЛОЛД ХҮХЭРЛЭГ ХИЙ, PM2.5 ТООСОНЦОРЫН ХЭМЖЭЭ ИХ БАЙДАГ

Мишээл экспо, Зайсан, 13 дугаар хороолол, Амгалан дулааны станц, “Ургах наран” хороолол, Налайх, Зуун айл, Толгойт, Нисэх, Баруун дөрвөн зам орчим бага бохирдолтой. Харин Зурагт, Таван буудал, Нэгдүгээр хороолол, Баянхошуу, Шар хад, Хайлааст орчимд бохирдолтой болон их бохирдолтой байна.

Гэр хороолол орчимд байрлаж байгаа харуулын мэдээллээр хүхэрлэг хий, PM2.5 тоосонцорын хэмжээ бусад газруудаас өндөр гарсан байдаг. PM2.5 тоосонцорын хувьд шууд түүхий нүүрс болон шахмал түлшний шаталтаас үүсдэг аж.

Гэр хорооллын 220 мянган айл өрх жилдээ нэг сая тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг бол томоохон цахилгаан, дулааны станцууд нэг жилд зургаан сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Үүнээс харахад түүхий нүүрс хэрэглэж буй станцууд гэр хорооллынхноос зургаа дахин хэрэглээтэй гэсэн үг. Үүн дээр нэмэгдээд нэг сая орчим автомашин байнгын замын хөдөлгөөнд оролцож, утаа ялгаруулдаг гэх судалгаа бий.

"АГААРЫН БОХИРДЛЫГ 3 ХОНОГИЙН ӨМНӨӨС УРЬДЧИЛАН МЭДЭЭЛНЭ"

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Алтанзул:

-Өнгөрсөн жилийнхтэй энэ жилийн агаарын бохирдлыг харьцуулахад 10 орчим хувиар буурсан. Жилийн дунджаар үзвэл нэгдсэн дүн хараахан гараагүй байна.Бид үзэгдэх орчны зургийг өглөө, өдөр, орой гурван удаа тогтоосон цэгүүдээс авч байгаа. Энэ жил иргэдийн механик өсөлт 20-25 мянга орчмоор нэмэгдсэн. Энэ шилжилт хөдөлгөөн агаарын бохирдолд нөлөөлдөг. Бид жилдээ 8000 орчим айлыг орон сууцжуулж байгаа. Энэ хоёрын зөрүү их байгаа учраас механик өсөлтийг хязгаарлаж, хотыг төвлөрлийг сааруулах бодлогыг баримтлан ажиллаж байна.

Энэ жил тоосонцорын хэмжээ 480 мкг/м хэмжээнд хүрсэн байна. Иргэд олон нийтийн сүлжээнд нийтэлж байгаа зурган дээр утаа сааралтаж харагдаж байгаа. Тэр бол тоосонцор.

Энд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гэр хорооллын айлуудын түлшээ дутуу шатааж байгаа зуух нөлөөлж байгаа. Сайжруулсан шахмал түлш бүрэн шатахгүй болохоороо агаарт тоосонцор үүсгэж, бохирдлыг нэмж байгаа. Хотын агаарын урсгал устай зүйрлэвэл ямар ч хөдөлгөөнгүй, тогтоол ус шиг болж байгаа юм.

Хүйтэн агаар нь дээшээ хөөрөхгүй, хөдөлгөөнгүй болчихоор агаарын бохирдолтой байгаа юм. Салхитай өдөр сарниж алга болчихдог.

Бид агаарын бохирдлыг гурван хоногийн өмнөөс урьдчилан мэдээлдэг системийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ ажлаа арванхоёрдугаар сарын 15-наас олон нийтэд танилцуулна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн, Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж