Ардчилсан намыг үхдэл болохоос нь өмнө зайгаа тавьж өг!

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Ардчилсан намыг үхдэл болохоос нь өмнө зайгаа тавьж өг!

Ардчилсан намыг үхдэл болохоос нь өмнө зайгаа тавьж өг!

Ардчилсан нам нягтрах цаг ирлээ, энэ бол нийгмийн шаардлага, дуудлага юм. Учир нь, Ардчилсан нам “Монгол Улс парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлэх ёстой" гэдэг үзэл баримтлал дээрээ тууштай л зогсож буй юм бол дотоод зодоондоо цэг тавих цаг нь болжээ.

Төрд нүүрлэсэн хулгай луйврыг эсэргүүцсэн өргөн олны тэмцэл хэзээ мөдгүй тэсэрч мэдэхээр байна.

Эрх баригчид нүүрсний хулгайчдыг илрүүлэх их авд гарцгаасан ч жинхэнэ эздийг барьж хорьж, хариуцлага хүлээлгэтэл цаг хугацаа ч нэлээд шаардах нь тодорхой болов. Гэхдээ энэ их бужигнаан дунд нэг зүйл анхаарал татаж буй нь 2024 онд зарлагдах ёстой УИХ-ын сонгууль ирэх жил болж, урагшилж болзошгүй байна.

Эрх баригчдын хувьд сонгуулийг нэг жилээр урагш татахад татгалзах зүйл байхгүй гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр дамжуулан мэдэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч “Нүүрсний хулгайчдыг илрүүлж, хариуцлага хүлээлгэж чадахгүй бол Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ, Засгийн газрыг тарааж, хугацаанаас нь өмнө УИХ-ын сонгууль зарлана” гэдгээ ил тод зарласан.

МЭК судалгааны байгууллагаас хийсэн тайланд дурдсанаар сонгогчдын 70 гаруй хувь нь “УИХ-ын гишүүд биднийг төлөөлж чадахгүй байна” гэж хариулсан зэрэг нь парламентын сонгууль хугацаанаасаа өмнө зарлагдаж болзошгүй нөхцөл байдал руу түлхэж буй.

Хэдийгээр олон нийтийн дунд “Одоогийн УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг дуусгавар болгож, шинээр сонгууль зарлавал нүүрсний хулгайтай тэмцэх тэмцэл саарна” гэж үзэх хэсэг бий ч сонгууль хугацаандаа болсон ч, урагшилсан ч парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлэх нь сөрөг хүчний үүрэг юм. Яагаад гэвэл ардчилсан парламентын тогтолцоогоо бэхжүүлэх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж босгож буй цайз юм.

Парламентаа төгөлдөржүүлэхийн тулд Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин болж, эрх баригчдад хяналт тавих ёстой.

Парламентыг төгөлдөржүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Сонгуулийн хуульдаа холимог тогтолцоо суулгах шаардлагатай болж байгааг улс төрийн намууд хүлээн зөвшөөрч буй нь сайн мэдээ ч Ардчилсан нам дотооддоо зодоонтой, тамганы хэрүүлээ шийдэж чадахгүй цаг алдсаар суувал дахиад л сонгуульд ялагдана гэсэн үг.  Тодруулж хэлбэл, сонгуулийн тогтолцоо нь парламентад олон суудалтай намын төлөөлөл орж ирэх боломжийг нээж өглөө ч сонгуулиас сонгуульд хэрсүүжиж байгаа сонгогчид хэрүүлтэй намаас өрсөлдөж буй нэр дэвшигчдэд итгэл үзүүлж чадахгүй.  Тэр хэрээр эрх баригч намаас дахиад хулгайд нэр холбогдсон улстөрчид нь мөнгөөр зодон УИХ-д эргэн сонгогдохыг үгүйсгэх аргагүй.  Энэ тохиолдолд Монголд нэг нам дангаар ноёрхож, нэг хүний засаглал тогтохыг байг гэх газаргүй.

Хэдийгээр өнөөдөр Монгол Улс ардчилсан орон гэгдэж буй ч дараалсан хоёр удаагийн УИХ-ын сонгуульд МАН дангаар 65-62 суудал авснаар нидэр дээрээ нэг нам дангаар ноёрхлоо тогтоосон он жилүүдийг үдэж байна.

Нэг намын ноёрхлын сүүдэр дор төрийн өмчит компанид ямар их хулгай явсныг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамаарах долоон оффтейк гэрээг ил болгосон жишээнээс харж болно.

Тухайлбал, оффтейк гэрээтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани нь 5-13 хувийн хөнгөлөлтэй үнээр “Бодь интернэйшнл” –д нүүрс нийлүүлснээр 63.5 сая ам.доллар буюу 187.5 тэрбум төгрөгийн ашгийг алдсан байдаг. Нэг км төмөр замыг тус компани 5 сая ам.доллараар барьсан бол “Атар” талх нэг ширхэг нь 27500 төгрөгөөр үнэлэгдэн, төмөр зам барьсан ажилчдын хоол хүнсэнд нийлүүлэгдсэн байх жишээтэй. Дээр нь Хөгжлийн банк, ЖДҮХС, тендер, концесс руу гар дүрсэн баримтуудыг нь нэмбэл барагдахгүй урт жагсаалт болно.

Иймээс С.Эрдэнэ, Х.Баттулга нар тамга тэмдгийн хэрүүлдээ цэг тавиад, Ардчилсан намыг улс төрийн үхдэл болохоос нь өмнө улс төрийн нам шиг үйл ажиллагаа явуулдаг болох боломжоор хангаж, зайгаа тавьж өгөх хэрэгтэй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж