Автозамын түгжрэлд амьдралынхаа ихэнх хугацааг машин дотор өнгөрүүлэх нь нийслэлийн иргэдийн хувьд байдаг л үзэгдэл. Харин цас орж, зам мөствөл ганц километр замыг цаг туулах улирал айсуй. Түүний хэрээр шийдэл эрэх шинэ санаанууд ундрах биз. Иргэдэд хоорондоо ийн хэлэлцүүлэх эрх нь бий. Тиймдээ ч иргэд цахим хуудастаа нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих шийдвэр гаргасан. Үүнээс болж бусад эгнээний түгжрэл нэмэгдэж, тэг зогсох нь хэвийн үзэгдэл боллоо. Энэ нь дарга нарт ямар ч хамаагүй байх даа. Иргэдээ бодсон шийдвэр гаргасан бол өөр гаргалгаа олох байсан гэцгээнэ. Гол нь Улаанбаатарын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, нийслэлийнхнийг төлөөлж буй ИТХ-ын төлөөлөгчид, түгжрэл шийдэх сайд, Хотын дарга нар үүргийнхээ хувьд зохицуулалт хийж байгаагаа мэдэгдсэн. Гэвч зохицуулалт нь түр зуурын шийдвэрүүд.
Харамсалтай нь дарга нарын шийдвэрийг иргэд сайшаахгүй байгаа. Тиймдээ ч автомашины улсын дугаарын хязгаарлалтыг санал хураасан ч олонх нь дэмжээгүй.
Статистикаар, нийслэлд бүртгэлтэй 618 мянган автомашин байгаа нь замын үндсэн багтаамжаас гурав дахин их үзүүлэлт. Үүн дээр жил тутамд машины тоо нэмэгдвэл автозамын оргил цагийн хурд 2024 онд явган хүний хурдтай тэнцэхийг судлаачид хэлж буй. Хэрэв Улаанбаатарт жилд дунджаар 35-45 мянган автомашин нэмэгдэнэ гэж тооцоолбол замын ачаалал, даац хоёр жилийн дараа цэг тавихад хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цаг, өдрөөр түгжирдэг байсан цаг үлгэр болж, улирлын чанартай тэг зогсоход хүрээд байна.
Автозамын түгжрэлээс болж зөвхөн ажилтай иргэд хохирч бухимдаад зогсохгүй эдийн засагт ч алдагдал үүсч байгаа юм. Тодруулбал, бензин шатахуун хий урсахаас гадна дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд алдаж байгааг ҮСХ-ноос гаргажээ.
Тиймээс үе үе хөндөж гаргаж ирдэг энэ сэдэв, асуудлыг анхаарч, дорвитой ач холбогдол өгөх шаардлага үүссэнийг шинэхэн сайд, Хотын дарга нарт сануулж буй. Өдгөө нийслэлд жолоо барьж буй хүн бүр стресстэй явж байна. Үүнийг харгалзаад ч болов хариуцсан дарга нар нь өөрсдийн нүүдэл, суудалд бус иргэдийн эрхийг зөрчихгүй шийдвэрийг яаралтай гаргах шаардлагатай.
Холбоотой мэдээ