“Катар-2022” ДАШТ-ий финалд тоглох үлдсэн нэг багийн нэр өнөөдөр шөнө буюу арванхоёрдугаар сарын 14-нөөс 15-ныг шилжих шөнө 03.00 цагт тодорно. Аваргаа хамгаалагч Францын эсрэг анх удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгараад буй Марокко. Хоёр баг ДАШТ-ий түүхэнд анх удаагаа учраа таарч байна.
Дидье Дешамын баг довтолгоогоороо гайхагдаж байгаа бол Мароккогийн хаалгач Яссин Буну энэ ДАШТ-д ердөө ганцхан гоол алдсан гэх сүрдэм үзүүлэлттэй. Атласын арслангуудын хамгаалалтын ноён нуруу Ромайн Сайсс Португалын эсрэг тоглолтод гэмтэл авсан. Түүнийг өнөөдөр тоглоно гэж фанатууд нь итгэж байна. Мөн Найеф Агуэрд болон Нуссаир Мазраоуи нар тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Өнөөдрийн тоглолтыг гол шийдэх хүн нь Францаас Мбаппе бол Мароккогоос Хакими. Францын ПСЖ клубд зүтгэдэг хоёр найз энэ өдөр бие биенийхээ эсрэг тулна. Хакими Мбаппег зогсоож чадвал Мароккод ашигтай. Тэрбээр найзыгаа хамгаална гэхээс тэсэн ядан хүлээж буй талаараа ярьсан.
Хоёр баг өмнө нь Медитерранеаны наадамд гурван удаа тоглож байжээ. 1967 онд Франц 2-0 гэсэн харьцаатай ялж байсан бол 1975 онд 1-1, 1987 онд 0-0 гэсэн харьцаатай тус тус тэнцэж байв.
Тэгвэл 2007 онд нөхөрсөг тоглолт хийхэд 2-2 гэсэн харьцаатай тэнцжээ.
Тоглолтын өмнө Францын дасгалжуулагч Дидье Дешам “Валид Реграги болон түүний дасгалжуулагчийн алба гайхалтай амжилт үзүүлж байна. Цөөн хүн л тэднийг ийм амжилт үзүүлнэ гэж таамаглаж байсан байх. Өнөөдөр тэд бидэн шиг л финалд хүрэхийн төлөө талбайд гарах болно. Бид тэднийг үнэхээр их хүндэлж байна. Тэднийг юу бүтээсэн, юу хийх чадамжтайг бид харсан. Бидэнд энэ тоглолтод сайн бэлдэхээс өөр өгөх зүйл байхгүй” гэжээ.
Харин Мароккогийн хагас хамгаалагч Софиан Буфал “Энэ бүхэн галзуу байна. Бид мөрөөдлөөрөө амьдарч байна. Үүнээсээ сэрэхийг хүсэхгүй байна. Үнэхээр хэлэх үг алга. Бид бүтээсэн бүх зүйлийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөсөн. Гэхдээ хараахан дуусах болоогүй байна. Энэ талаар ярихад л шар үс босч байна. Гайхалтай” гэлээ.
Холбоотой мэдээ