Дэлхийн дулаарал ба Пандоравирус

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн дулаарал ба Пандоравирус

Дэлхийн дулаарал ба Пандоравирус

Мянган жил хөлдүү хэлбэрт байсан органик бодисууд хөдөлгөөнд орж эхлэв. Тэр дундаа элдэв нян, вирусууд ч ил гарч эхэлжээ. Сибирийн мөнх цэвдэг дор хөлдсөн байсан хэд хэдэн том вирусийг эрдэмтэд саяхан сэргээсэн байна. Үүнээс хамгийн залуу вирус нь 27 мянган жилийн настай байсан бол хамгийн эртнийх нь болох пандоравирус ойролцоогоор 48500 жилийн настай байжээ. Пандоравирус нь одоогоор дахин сэргэсэн хамгийн эртний вируст тооцогдож байна.

Энэхүү нээлтийг Франц, Герман, Оросын эрдэмтэд хийжээ. Тэд пандоравирус, пакманвирус гэх мэт чамин нэртэй нийт 13 вирусийг сэргээж чадсан. Дээжийг олборлох явцад бохирдоогүй гэж үзвэл эдгээр вирус нь үнэхээр хэдэн арван мянган жилийн өмнө үржиж байсан амьдрах чадвартай вирусуудын төлөөлөл юм.

Мөнх цэвдгийн дээжээс амьдрах чадвартай вирус илэрсэн анхны тохиолдол энэ биш юм. Питовирус, молливирус нэртэй вирусууд өмнөх судалгаагаар илэрч байсан. Мөнх цэвдгийн давхаргууд гэссэнээр эртний вирусууд эргэлтэд орох эрсдэлийн талаар бодох хэрэгтэйг эрдэмтэд сануулж буй. Гэхдээ өнөөг хүртэлх бүх вирусууд нь зөвхөн амебуудад нөлөөлдөг ДНХ вирусууд байсан. Амеба гэдэг нь хуваагдах замаар үрждэг нэг эст бичил биет юм. Эдгээр нь хөхтөн амьтад, тэр дундаа хүн төрөлхтөнд аюул учруулах магадлал багатай. Гэхдээ акантамоэба полифага мимивирус нь хүний уушгины хатгалгаатай холбоотой байдаг.

Санаа зовох ёстой өөр нэг асуудал бол мөнх цэвдэг гэссэнээр элдэв халдварт өвчнөөр нас барсан хүмүүсийн цогцос ил гарч ирж, мөнөөх халдварыг нь дахин тараах магадлалтай. Тухайлбал, салхин цэцэг өвчний халдварыг мөнх цэвдэгт дор оршуулсан шарилаас илрүүлсэн. Энэ вирус нь -20 хэмд хөлдсөн ч хэдэн арван жил амьдрах чадвартай.

Эрдэмтэд сүүлийн хэдэн арван жилд Испанийн ханиадаар нас барж, Норвегийн Аляска, Шпицберд мужуудад мөнх цэвдэг дор булагдсан хүмүүсийн цогцсыг ухаж гаргасан. Эдгээр цогцсуудын эд эсэд шинжилгээ хийж, томуугийн вирусийн дарааллыг тогтоох боломжтой. Томуугийн вирусийн хувьд хөлдөөсөн нөхцөлд дор хаяж нэг жил амьдрах чадвартай аж.

НЯНГИЙН ХАЛДВАРТ ӨВЧИН

Мал болон хүнд халдварладаг боом өвчин Сибирьт хэд хэдэн удаа дэгдэж байжээ. Тухайлбал, 2016 онд 2350 цаа бугыг үхэлд хүргэсэн томоохон дэгдэлт гарч байв. Энэхүү дэгдэлт онцгой дулаан зунтай давхцаж байсан учир гэссэн мөнх цэвдэг боом өвчний голомтыг сэдрээсэн байж болзошгүй гэх таамаглал бий. Цаа бугын боом өвчний дэгдэлт 1848 оноос эхтэй. Өвчний улмаас үхсэн цаа бугын махыг идсэн хүмүүс мөн боом өвчин тусч байсан.

Өөр нэг санаа зовоосон асуудал бол мөнх цэвдэг гэсэх үед нянгийн эсрэг тэсвэртэй бичил биетүүд байгаль орчинд тархах эсэх юм. Нянгийн эсрэг тэсвэртэй генийг мөнх цэвдгийн дээжээс илрүүлж болохыг нотолсон олон судалгаа бий. Гэхдээ бидний амьдарч буй байгаль орчин, ялангуяа гол мөрөн хэдийнэ нянгийн эсрэг тэсвэртэй организм, эсэргүүцлийн гениэр маш их бохирдсон.

ИРЭЭДҮЙД ХЭРХЭХ ВЭ?

“Nature” сэтгүүлд дөрөвдүгээр сард нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар дэлхийн дулаарлын улмаас 2070 он гэхэд 4000 төрлийн вирус хүн ба амьтдын хооронд тархана гэжээ. 4000 вирус хүн ба амьтдын хооронд тархлаа гээд дахин 4000 Covid-19 гарч ирнэ гэсэн үг биш гэдгийг Германы эрдэмтэн Грег Албери хэлэв. Гэхдээ мэдээж энэ нь нөлөөлөлд өртсөн экосистемийн эрүүл мэндэд маш муу мэдээ аж.

Эрдэмтэд судалгаагаа хийхдээ компьютер загварчлал ашиглаж, шинэ вирусууд хаана тархаж болох талаар тооцоолсон. Энэ тооцооллоор шинэ вирусийн халдвар халуун орны халуун цэгүүд, хүн амын төвлөрөлтэй давхцаж байгааг тогтоожээ. Тухайлбал, Африкийн Сахел, Этиопын өндөрлөг газар, Рифтийн хөндий зэрэг газар үүнд хамаарна. Түүнчлэн, 2070 он гэхэд зүүн Хятад, Энэтхэг, Индонези, Филиппин, Европын зарим улс халдварын халуун цэг болж магадгүй гэв.

Үндсэндээ эрдэмтдийн судалгаанаас тодорхой болсон зүйл гэвэл уур амьсгал өөрчлөгдөх тусам вирус шинэ газарзүйн бүсэд нэвтэрч, шинэ вирус бий болж, тархана гэсэн үг юм. Эрдэмтэд удаан хугацааны турш энэ чиг хандлагыг таамаглаж байснаа судалгаагаар баталжээ. Амьтан ба хүн хооронд тархдаг өвчнийг зоонозын өвчин гэдэг. Миннесотагийн их сургуулийн Мал эмнэлэг, био анагаахын шинжлэх ухааны тэнхимийн профессор Мэттью Алиотагийн хэлснээр “Шинэ төрлийн зоонозын өвчний давтамж, цар хүрээ цаашид нэмэгдсээр байгааг бид харах болно.”

Зоонозын вирусийн тархалтыг зөв тодорхойлж, тэмцэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулагдах аж. Судалгаа, эрт илрүүлэлт, тандалтын системд энэ хөрөнгийг зарцуулна.

Хяналт тавихаас гадна хүмүүсийн хариу арга хэмжээ вирусийн тархалтад хамгийн их нөлөөтэй гэж эрдэмтэд үзэж байна. Өмнөх туршлагуудаас харахад хариу арга хэмжээ бидний гол саад болжээ. Бид 2009 онд “H1N1” томуу, 2019 оны эхээр “SARS CoV-2”, мэдээж “Omicron BA1” болон “BA2” хувилбаруудыг эрт илрүүлсэн боловч эдгээрийг дэлхий даяар тархахаас нь урьдчилан сэргийлж чадаагүй. Нүүдэллэн ирсэн амьтдыг агнах, эсвэл хурдны зам, далан барих зэргээр нүүдлийн амьтдын замд саад учруулах зэрэг нь вирус тархах бас нэгэн чухал хүчин зүйл ажээ.

Эх сурвалж: POLITICO, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж