Нүүрсний хэрэгт хамааралтай гэж нэрээ “цоллуулсан” УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн нар “Авлигатай тэмцэх газар /АТГ/захиалгаар ажиллаж, алдар хүндэд халдлаа. Нүүрсний жинхэнэ хулгайч нар хэргээ займчуулахын тулд нэр цэвэр, шударга бизнес эрхэлдэг гишүүдийг оролцууллаа” гэхчлэн гомдол тавьж эхлэв. Улстөрчдийн мэргэшсэн арга нь л даа.
Өмнө нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банкийг улстөрчид цөлмөсөн тухай асуудал хөндөгдөхөд Ардын намын гишүүд “Зээл аваагүй, би холбоогүй” гэж мэлзэж байсан ч баримтууд нь дэлгэгдэхээр “Төлчихнө ш дээ, сүртэй юм бэ” гэцгээн уурссан.
Хэрвээ АТГ маргааш баримт дэлгээд, нүүрсний хэрэгт хөдөлгөөнгүй холбоотой болохыг зарлавал тэд юу хэлж зогсох юм бол… Ингэж нэг нэрээ хоёр болгож байхаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр шиг гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзээд шалгуулчихвал цэвэр шүү дээ.
Нүүрсний хэрэгт хамааралгүй бол буцаад л УИХ-ын гишүүний бүрэн эрхээ сэргээлгээд, УИХ-д буцаад ирж болно. Гэтэл нэр бүхий таван гишүүнээс одоогоор хэн нь ч УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэн, гэм буруугүйгээ шалгуулах эр зориг гаргаагүй л байна. Тэр бүү хэл намаасаа ч татгалзах хүсэлт гаргасангүй. Хөөгдөж байхаар хүсэлтээ өгч намаасаа гараад, хуулийн байгууллагаар шалгуулаад үнэн мөнөө тодруулчихвал 2024 оны УИХ-ын сонгуулиар намтай, намгүй л ногоон гэрлээр гарч ирнэ шүү. Ард түмэнтэйгээ талбайд гараад хулгайч нартай тэмцэх үү, авлигачидтай толгой холбоод ордон дотроо шигдэж суух уу гэдэг нь та бүхний л сонголт.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ