Хятадын дараагийн ерөнхий сайд Ли Цян

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Хятадын дараагийн ерөнхий сайд Ли Цян

Хятадын дараагийн ерөнхий сайд Ли Цян

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар ирэх гуравдугаар сард томилогдох Ли Цяны талаар энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


2014 онд Ши Жиньпинд үнэнч зүтгэгчид нь Алибаба онлайн худалдааны группыг үүсгэн байгуулагч, Хятадын хамгийн алдартай бизнес эрхлэгч Жэк Маг магтан сайшааж байсан. "Илүү олон Алибаба, илүү олон Жэк Ма байх ёстой" гэж Ли Цян  Жөжян мужийн захирагчийн хувиар интернэтийн салбарын хурал дээр хэлж байв. Харин найман жилийн дараа Ши дарга Магийн амыг таглаж, Ли Цян Хятадын Коммунист намын түүхэн 20 дугаар их хурлаас хоёр дахь өндөр албан тушаалтнаар тодорчээ. Тус их хурлаар Ши Жиньпин эрх мэдлээ бэхжүүлсэн. Түүнийг Хятадын төрийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр дахин томилох, мөн Ли Цяныг ерөнхий сайдаар томилох асуудал ирэх оны гуравдугаар сард баталгаажна.

Коммунист намыг хүчирхэгжүүлэхийн тулд аюулгүй байдал, улс төрийг эдийн засгийн өмнө авч үзнэ гэдгээ Ши Жиньпин их хурлын үеэр мэдэгдсэн. 

Гол асуудал нь Ши даргын зөн совин, зааварчилгааг дагаж, дэлхийн хоёр дахь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бизнесийнхнийг хяналтдаа авах уу эсвэл Жиньпиний итгэл, өөрийн туршлагыг ашиглан хуучинсаг бодлогыг нь өөрчлөх үү гэдэг байна. 63 настай Ли Цян бол шинэчлэгч сэтгэлгээтэй, бизнесийн салбарыг дэмжигч нэгэн. Тухайлбал, 2015 онд Ли Цян төрийн хэвлэл мэдээллийнхэнд эдийн засгийн илүү зоригтой шинэчлэл хийх нь "Үхэл, амьдралын" асуудал гэж ухуулж байв. Тэрбээр Засгийн газар хязгааргүй эрх мэдэлтэй байх ёсгүй гэж үздэг бөгөөд "Тодорхой хүрээнд үр дүнтэй ажилладаг Засгийн газар бол орчин үеийн чиг хандлага. Үүний тулд олон төрлийн удирдах эрх мэдлийг иргэний нийгмүүдэд шилжүүлэх шаардлагатай" гэж ярьжээ. Үүгээрээ тэрбээр Ши даргын "нам бол дээд удирдлага" гэх үзэл баримтлалтай зөрчилдөж байгаа юм. 

Гэхдээ Ли Цяны хувьд Шигийн үнэнч холбоотнуудын нэг гэдэг нь хөдлөшгүй үнэн. Үүгээрээ тэрбээр огцрох ерөнхий сайд Ли Көцянаас ялгаатай. Ли Көцян нэгэн цагт Ши Жиньпиний өрсөлдөгч байсныхаа хувьд ийнхүү улс төрөөс холдож байна.

Ли Цян Хятадын зүүн эргийн Жөжян мужид төрсөн. Улс төрийн карьерын хувьд тогтвортой боловч анхаарал татахуйц биш. Хөдөө аж ахуйн инженерээр сурч төгссөнийхөө дараа тэрбээр Жөжян мужид шат дараатай албан тушаалуудыг хашчээ. 2002 онд тэрээр бизнес эрхлэгчдээрээ алдартай Вэнжоу хотын намын даргаар томилогдсон. Эргэн тойрных нь хүмүүсийн хэлснээр тэрбээр эелдэг, өөртөө итгэлтэй нэгэн юм. Эхнэр, охины хамтаар амьдардаг.

Өнгөрсөн долоо хоногт томилогдсон олон албан тушаалтнуудын нэгэн адил Ли Цян нь Ши Жиньпинийг мужийн дарга байх үеэс нь дор нь ажиллажээ. Ийнхүү тэрээр Ши Жиньпинийг даган эрх мэдэлтэй албан тушаалтан болж дэвшсээр ирсэн байна.

Ли Цян 2000-аад оны дундуур Ши Жиньпинийг Жөжян мужийн захирагч байхад нь нарийн бичгийн даргаар нь ажиллаж байжээ. Ши Жиньпин 2012 онд засгийн эрхэнд гарсны дараагаас тэрээр "нисдэг тэргэнд суусан" мэт албан тушаал ахисан. Тэрээр 2013 онд Жөжян мужийн захирагчаар томилогдсон бөгөөд гурван жилийн дараа ойролцоох Жянсу мужийн дээд албан тушаалтан болжээ.  Ли Цян 2017 онд Шанхай хотын намын нарийн бичгийн дарга болж дахин дэвшсэнээрээ чадварлаг, ажил хэрэгч гэсэн нэр хүндийг олсон.

Түүний удирдлага дор Шанхайн хөрөнгийн бирж технологийн компаниудад зориулсан шинэ арилжааны самбар ажиллуулж эхэлсэн бөгөөд тэрбумтан Элон Маск Теслагийн хилийн чанад дахь хамгийн том үйлдвэрийг тус хотод байгуулсан.

Ли Цянг мөн Covid-19 цар тахлын үед санхүүгийн төвийг удирдаж байсан. Тэрбээр халдварын эхэн үед тархалыг өргөн хүрээнд тархаагүйн тулд хөл хориог үр дүнтэй тогтоож ажилласнаараа эдийн засгийн сөрөг үр дагаварыг бууруулсан гэж сайшаагджээ. Гэвч өнгөрсөн хавар Шанхайд халдварын тархалт огцом нэмэгдсэнээс болж олон жилийн турш бүтээн босгосон сайн нэр хүнд нь  хэдхэн хоногт нурсан. Маш хатуу хөл хорионы дэглэмийг баримталснаас болж Шанхай хотын оршин суугчдад хүнсний хангамж тасалдсан зэрэг асуудал үүсч, нэлээдгүй шүүмжлэлд өртсөн. Гэхдээ Ши Жиньпин уг хэрэгт түүнийг арай өөрөөр үнэлсэн. Ши Жиньпин түүнийг "Намын эгзэгтэй мөчид хүнд хэцүү шийдвэр гаргаж, хэцүү үүрэг хариуцлага хүлээж чаддаг жинхэнэ коммунист Ли Цяны  үлгэр жишээ зан чанарыг харуулсан" гэж магтжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж