Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Нэр…

Зуун жилийн өмнө хувьсгал хийсэн эх орончид шоронд, жалганд эцсийн амьсгалаа татахад урвагч нэр зүүлгэжээ.  Оросын гар хөл болж, элэг нэгт, хамтран зүтгэгчдээсээ нүүр бууруулсан Х.Чойбалсан тэдний гавьяаг нь авснаас нь аваад хоцорчээ.

Одоо ч ялгаа алга. Эрдэнэтийн Оросын хувийг эх орондоо авчирсан гэх гавьяатнууд нь адгийн шаарнууд болоод шоронд сууж, гадаадад орогножээ. Түүхэн давтамж юм уу, тохуурхал шоглоом нь гэх үү, бас дахин баатар гарч ирэв. Таван салаа боов амтлаад уйлж суугаад нүүр өгөхөд л нулимсаа арчаад инээдэг хүүхэд шиг гэнэн занг, бусдын хоол болохоо мэдэхгүй хошхирсоор хулхиндаа хуниулдаг тарвага шиг бидний бяцхан ой санамжийг яалтай.

Ямартай ч жагсагчдын шаардсан, шахсаны хүчинд Хууль зүйн сайд холбогдох албаныхан нүүрсний хулгайд холбогдсон 17 нэрсийг жагсагчдад “хаяж” өглөө.

Гэвч бүгд л “би буруугүй”, “ичээндээ байсан баавгайг сэрээлээ”, “номхон тэмээг ноолоход амархан” гэхчилэн цэгээн туйлын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай гэх нь холгүй өөрсдийгөө өмгөөлж сууна.

Хүн нэрээ, тогос өдөө гэгчээр бүгд л өөрийн нэр хүндийг сэргээлгэхээр хандахаа зарлаад зогсохгүй жинхэнэ нүүрсний хулгайчидтай тэмцэхийн тулд жагсагчидтай нэгдэнэ гэцгээж байна. Ядаж байхад дордохын долоон УИХ-ын гишүүн шүү.

Ямартай ч УИХ-ын долоон гишүүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдогч гэж үзжээ. Засгийн газрын зүгээс энэхүү хэргээс хуулийн цоорхойгоор мутрах боломж олгохгүйн үүднээс холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулан өргөн барихаар болсноо мэдэгдэв. Багагүй хугацаанд дуншсаны эцэст зарласан 17 нэр чухам юуг илэрхийлнэ вэ? Албан тушаалтан, нөлөө бүхий улстөрчдийн авлига албан тушаалтны хэрэг  замхардаг завхарлыг зогсоох гэсэн үү, эсвэл хэрэг хуучрахгүйг хэлэх гэсэн үү, хэн нь автор нь вэ гэдгийг тодотгох гэсэн үү, бүү мэд.  “17 чингэлэг спирт”-ийн хэрэгтэй ижил тоотой холбогдогчдыг зарлав. Үүгээр ядаж зүхэх юмгүй яллах ёстой буруутан нь хэн бэ гэдгийг хэлээд өгөх шиг.

Монголчууд 100 жилийн өмнө хулгайчдад дуртай л байсан. Одоо ч янзаараа. Бүр Манжийн дарлалаас монголыг аварсан тухай шившигт киног шинэ цагийн залуус нь хийсэн жишээ саяхных.

Тавантолгойн хулгай эхэлсэн он цаг гээд буй 2011 оны эцэст эдийн засаг 17.8 хувьд хүртэл өсч байсан. Тухайн үед Сү.Батболдын засгийн газрын гавъяа гэж тайлбарлаж байсан ч үнэндээ эрдэс баялгийн түүхий эд өссөн, Оюутолгой, Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулсан цаг хугацаатай давхцсан. Энэ нь ямар их мөнгө олж болох боломж вэ гэдгийг улс төрийн хүрээнийхэнд харуулсан хэрэг болов.Хожим ирэх улс төрийг нь дийлэхгүй гэж үзсэн учраас Сү.Батболд өөрийн эзэмшиж байсан лицензээ өгсөн хэрэг. Нөхцөл байдал тийм гэдгийг ч нүүрсний хулгай харууллаа. Ямар их хэмжээний мөнгийг тонон дээрдсэн нь хэрэгтэй холбоотой шалгалт, яригдаж буй тоо хэмжээнээс нь ил болов.

Гэхдээ нэг л зүйл энэ бүхнээс тодорхой болсон нь хэсэг бүлэг этгээдийг нүүрсний хулгайчаар зарлаж, ялыг өглөө гэхэд цаашид энэ хулгайг зогсоох чадах уу гэдэг эргэлзээтэй хэвээр байна.

Энэхүү дуулиан зуун жилийн өмнөх түүхийг давтаж, хэн нэгэнд хилс хэрэг тохоод өнгөрөх вий гэсэн болгоомжлолтыг төрүүлэв. Ингэж хардах үндэслэл нь хамгийн их хамааралтай байж болзошгүй этгээд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийн дунд алга.

Тиймээс нэр хэлэх нэг хэрэг. Харин бодит эздийг нь зарлаж, хариуцлага тооцон, улсыг хохиролгүй болгох нь өөр хэрэг.

Нэр зарлаад буй хууль хяналтынхан нэрлэсэн шигээ нэг мөр асуудлыг улс төрийн нөлөөнд авталгүй шийдэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Нөгөө талаас улстөрчид нэр төрөө сэргээлнэ гэж мэдэгдэж байгаа бол өөрийн халдашгүй дархан эрхээсээ түдгэлзээд шалгуулчихвал сая итгэмээр. Хэрэвзээ ҮАБЗ-өөр асуудлыг шийдсэн юм бол ганц хүн гэлтгүй бусад гишүүнийг нь ч учир байдлыг тодорхой болгох үүднээс шалгах хэрэгтэй.

Зарласан нэрсийг харахад дараагийн УИХ-ын сонгуульд тойргийг нь захиалсан улстөрчид л яваад байх шиг. Тэрхүү захиалагчид нь ирэх УИХ-ын сонгуульд нүүрсчнээрээ цоллуулаад буй гишүүдийн тойрогт нэр дэвшигчээр тодрох вий.

Жагсагчид л өөрсдийн шахалт, шаардлагыг эргэн нэг хармаар. Гэмт буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно гээд Үндсэн хуульдаа бид тунхаглачихсан. Ийм байдал хэргийг дөнгөж шалгаж эхэлмэгц нэрс зарлахыг шаардсан нь хэлмэгдүүлэлтийг давтаж болохгүйг сануулж байсан Хууль зүйн сайдыг буруу алхам хийхээс өөр сонголтгүй болтол нь түлхээд байх шиг. Нүүрсний хулгайчдыг ял завшуулж болохгүй. Гэхдээ нэр зарлахдаа бас утга учиртай хандмаар. Монголд эхлээд сошиалаар балбаж, элдэв хэрэгт холбогдуулан нэрсийг нь зарлаад эцэст нь гэм буруугүй нь шүүхээр тогтоогдох эсэхээс үл хамааран хулгайч, луйварчин, худалч, дээрэмчин чигээр нь үлдээдэг муухай технологи бий.

Нэг л зүйл энэ бүхнээс тодорхой болж байна. Төрийн мэдэлд уурхай байна гэдэг нь хулгай хийх боломжийг олгоод байна. Тиймээс цаашдаа хулгай хийж боломжийг хумина гэвэл хувьчлах, төрийн нэр дээр бус түмний хяналтад оруулахыг эрх баригчдаас шаардмаар байна.

Төрийн мэдэлд байгаа л бол тонон дээрэмдэх, үрэлгэн зардал гаргах, үр ашиггүй худалдан авалт хийх, үнэтэй бараа бүтээгдэхүүн шахсаар л байх болно. Тиймээс хэний нэр дээр байх вэ гэдгийг хэлэлцэх цаг болсон мэт.

Нэр нэрлэхээс илүүтэй буруутныг тогтоож, бузрыг ариусгах нь хамгаас чухал. Түүнээс илүү чухал нь цаашдаа хулгай хийх боломжийг хаах явдал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж