VS: 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийсэн, хийгээгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

VS

VS: 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийсэн, хийгээгүй

Энэ долоо хоногийн VS  буландаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Т.Доржханд гишүүний хувьд "Тоо бодвол 40 их наяд төгрөгийг анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьсан шүү. Монгол Улсын эдийн засаг, ДНБ 40-45 их наяд шүү. Тооцооллоор 40-45 их наяд төгрөгийн орлогоо алдсан нь үнэн. Түүнд ногдох 10 их наяд төгрөгийн татварын орлогыг алдсан гэдгийг би нотолж чадна. Ямар нэгэн юм гуйвуулаагүй" гэсэн бол Д.Амарбаясгалангийн тухайд, улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай явагджээ хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй, ор тас үндэслэлгүй тооцоолол гэсэн юм.


Т.Доржханд
УИХ-ын гишүүн

-Засгийн газар бол эрх барьж буй намын төлөөлөл. УИХ-д харин гурван намын төлөөлөл бий. Нүүрсний асуудлыг иргэдэд ойлгуулж чадвал хулгай зогсох боломжтой. 2013 онд нүүрсний хулгай гарахад 430 мянган тонн нүүрс хулгайлагджээ. Үүнийг  хоёр улсын гаалийн байгууллага тогтоочхоод байхад прокурор дээр хэрэгсэхгүй болсон гашуун жишээ бий. Хулгай улам гаарч, сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан. Өөрөөр хэлбэл, 6.5 сая тонн нүүрс гэдэг бол одоогийн ханшаар 6.5 тэрбум доллар бөгөөд 20 их наяд төгрөг шүү дээ. Гэтэл Хөгжлийн банкны хулгай хоёр их наяд. Хөгжлийн банкны хулгайгаас 10 дахин их гэсэн үг. Үүнийг нийгэмд ойлгуулж, мартагдуулахгүй байх хэрэгтэй юм. Тиймээс Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байна. Асуудлыг УИХ-ын танхимд нээлттэйгээр арваннэгдүгээр сард багтаан танилцуулахыг шаардсан.

Мөн УИХ-ын Хяналтын сонсголыг санаачилж зохион байгуулна. Үүнд, есөн гишүүн нэгдсэнээр зохион байгуулах боломжтой болно. Тиймээс гишүүдийн гарын үсгийг авч эхэлнэ. Аль нам байх нь хамаагүй, бид хянах ёстой.

Төмөр замын хулгай “Эрдэнэс Тавантолгой”-н эх үүсвэрээр санхүүжилтийг нь авч байна. Гэхдээ нүүрсээр, хямдхан авч байна. Зах зээлийн үнээс 10-20 хувь хямдхан авч түүгээрээ төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийшээгээ, нөгөө нь урагшаагаа. Гэтэл урагшаа хийгдсэн төмөр замын санхүүжилт нь зүүн тийшээгээ тавьсан замынхаа санхүүжилтээс 3-4 дахин өндөр байна гэх мэдээлэл ирээд байна. Цаашлаад Богд уулын урдуур тавигдах төмөр замыг 8 сая ам.доллараар тавина гэж байна. Энэ бүх мэдээлэл нь нууц байдаг. Ийм аргаар хулгай их хийгдсэн байна.  Тооцож үзвэл 30-40 их наядын хулгай хийгджээ. Үүнийг бид одоо зогсоох хэрэгтэй.  Уг асуудлыг УИХ дээр нээлттэй, ил тод хэлэлцүүлье.  Асуудлыг шийдэхгүй байгаа хуулийн байгууллагуудад шахалт үзүүлье. Нууцлаад байгаа гэрээнүүдийг ил болгоё. Зүй нь төрийн өмчийн компаниудыг хувийн сектор руу оруулах, олон нийтийн компани болгох юм.  “Эрдэнэс Тавантолгой” цаашлаад “Эрдэнэт” гээд уул уурхайн чиглэлээр байгуулагдсан бүх төрийн өмчийн компаниудыг олон нийтийн оролцоотой компани болгож, хувийн менежментэд оруулахгүй бол энэ хулгай цаашид  ч үргэлжилнэ. Үр дүнд нь Монгол Улс авлигалдаа живсэн, ард иргэдийн амьдрал доротойж,  залуус  нь гадагшаа явсан ийм л дүр зураг бидний өмнө байна.

Д.Амарбаясгалан
ЗГХЭГ-ын дарга

-Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай явагджээ хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд нар мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй, ор тас үндэслэлгүй тооцоолол. Өдөр тутамд гарч байгаа нүүрсний экспортын хоёр машин тутмын нэг нь хулгайд гарч байсан мэтээр ойлголт өгсөн нь олон нийтийн дургүйцэл, бухимдлыг төрүүлэх үйл явдал болжээ гэж үзсэн учир зөв мэдээллийг хүргэх нь зүйтэй.

“Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Үүнээс 2011-2022 онд нийт 43.5 их наяд төгрөгийн нүүрсний борлуулалт хийсэн байна.

"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008 онд эхлээд ашиглалтад орсон бол ДНБ өнөөдөр байгаагаас нэг дахин нэмэгдэх боломжтой байсан" гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байхдаа олон нийтэд хэлж байсан. Нийт 10 их наяд төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлснээс 8.9 их наяд төгрөг төсөвт, татварын өр 0.7 их наяд, татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа 0.3 их наяд төгрөг байна. Сүүлийн зургаан жил нүүрсний салбарын хийдлийг татварын хяналт шалгалтаар арилгахаар ажиллаж байна.

Алдагдсан нүүрсний хэмжээг Засгийн газраас эцэслэн тогтоож чадаагүй байна. Эдгээр асуудлыг Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, "Эрдэнэс Тавантолгой" компани зэргээс нүүрсний зөрүүтэй асуудлыг нягталж өгнө үү гэж АТГ-д хандсан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж