Хуулийнханд анхааруулах нь: Ял бүү завшуул, хүн бүү хэлмэгдүүл!

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Хуулийнханд анхааруулах нь: Ял бүү завшуул, хүн бүү хэлмэгдүүл!

Хуулийнханд анхааруулах нь: Ял бүү завшуул, хүн бүү хэлмэгдүүл!

“Эрдэнэс Тавантолгой”-н экс удирдлагууд болон нэр бүхийн компаниудын захирлуудыг баривчилж, мэдүүлэг авсны дараа АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой гэх  17 улстөрчийг зарлалаа.  МАН-ын арав, Ардчилсан намын долоон хүн холбогдсон уг жагсаалтын нэгдүгээрт,  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлэв.  Ийнхүү Х.Баттулга албан ёсоор нүүрсний хулгайн “сэжигтэн” боллоо.  Түүнийг “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийн мэдүүлэгт үндэслэн ийнхүү АТГ-аас сэжигтнээр татаж байгаа аж.  Өөрөөр хэлбэл,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22-т заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үүднээс “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг “Х.Баттулгыг матсан бололтой. Ингээд энэ удаад Х.Баттулга жинхэнээсээ гутлаа тослоод, зангиагаа зүүгээд  хуулийн шүүхийн өмнө алхаж очихоос өөр аргагүйд хүрлээ.  Ахиад ямар “Баянгол”-ынхоо баруун буланд нуугдалтай нь биш.

Х.Баттулгатай хамт нэр дурдагдсан УИХ-ын долоон гишүүний тав нь /МАН-ын бүлгийн/ өчигдөр Төрийн ордонд, өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийв. Ядаж байхад ямар гэнэн, тэнэг тайлбар хэлдэг юм, хэлсэн хэдхэн үгэндээ ахин, дахин ороогдоод л.

Ц.Анандбазарын  “бурханы шашинтай хүн хулгай хийдэггүй” гэх үгэнд үнэндээ хүүхэд ч итгэхгүй дээ. Будда нь хүртэл миний шавь нар миний шашныг мөхөөнө гэсэн гэнэ лээ.

Эндээс хамгийн инээдтэй нь, нүүрсний хэргийг хянан шалгах УИХ-ын түр хорооны гишүүн Б.Баттөмөр “Тавантолгойн нүүрсний орд хаана байдгийг мэддэггүй гэнэ ээ.  Харин эмгэнэлтэй нь, хулгайн хэргийн сэжигтэн өөрөө, өөрийнхөө хэргийг хянахаар нүүрсний хулгай үнэн зөв шийдэгдэж чадах нь юу бол. УИХ нь хуулиа сайжруулах, хууль хүчнийхэн нь хулгайчаа нотлох гээд өөрт оногдсон үүрэгт ажлаа хийхгүйгээр улстөрчид хуульчид, хуульчид нь улстөрчид болчихвол хөөсөрсөн хэдэн тоотой үлдэнэ. Хэн нэгнийг ял завшуулж болохгүй, хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Манай танай, чиний миний хүн, сайд, журмын нөхөр гэж хандах ёсгүй л гэсэн үг.

1.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэн өнөөдөр 1937 он биш гэдэгтээ санал нэг.  Тиймээс АТГ-ын хийх ажил нь зарлах биш нотлох юм. Өөрөөр хэлбэл, нотло, нотло, бас дахин нотло.

АТГ-ын хар жагсаалтад багтсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд   нүүрсний нэг хулгайчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг шууд нэрлэчихлээ. Тэгж ярих юм бол “Б.Ганхуяг Т.Аюурсайханы хүн, Т.Аюурсайханы туслах, зөвлөх баригдсан” гээд шулуухан хэлчихлээ. УИХ-ын гишүүн  Ц.Сэргэлэн  “Зүгээр байхад зүү шидвэл зөрүүлээд тэвнэ шиднэ шүү” гэж намынхаа сүрдүүлж, Ц.Анандбазар  “Унтаж буй баавгайг сэрээсэн хулгайч нар гомдох цаг ирнэ” гэж Засгийн газраа айлгаж байна. Энэ бол зөвхөн эхлэл, унасан бөх ууртай.  Л.Оюун-Эрдэнийн орой дээр үүл хуралдаж байна гэсэн үг.  Женкогийн хэлэх үгийг  өмнө ЖАН нь дамжуулж, жагсаал нэгдэнэ гээд өчигдөр мэдээлнэ билээ.

2.

Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ. Сүүлийн үед  их хэмжээний авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс хэргээ хялбаршуулан шийдүүлэх замаар ялаас мултрах, ялаа хөнгөрүүлэх болсон. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг, Д.Хаянхярваа нар байна. Хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумаар нь завшчихаад 40-хөн сая төгрөгөөр торгуулиад өнгөрөх нь яаж бодсон ч шударга биш л дээ. Атал ганц өнчин ишиг хулгайлсан иргэн тав хүртлэх жилийн хорих ялтай.

Тиймээс Засгийн газар авлига, албан тушаалын хэрэгт ялын бодлогоо чангатгаж, эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэл оногдуулж, төрийн албаны удирдах албанд бүх насаар  нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлдөө суулгаж өгчээ. Тэрчлэн Эрүүгийн хуулийн 22 дугаар тусгай бүлэгт хэргийг хялбаршуулах заалтыг авч, их бага хэмжээний авлига авсан бол бүгдийг нь хураан авахаар ялын бодлогоо өөрчилж байгаа юм байна. Үндсэндээ, хоёр, хоёрын дөрөв биш ээ гэж байна, эрх баригчид.

Гэхдээ долоон гишүүн нь нэр устайгаа зарлагдсан, цаашдаа ч нүүрсний хэрэгт холбоотой УИХ-ын гишүүдийн нэрс нэмэгдэж магадгүй нөхцөлд парламент нь түдгэлзүүлээд шалгуулаад ир гэж эр зориг гаргах нь юу бол.  Энэ нөхцөлд УИХ бараг тарахаас өөр сонголтгүй болж байх шиг.

3.

Нэгэнтээ, хоёр жилийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдаан дээр “Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхраас шүүгч нарт хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар  өгдөг” болохыг шүгэлдэж байв. Тэр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хэлсэн хэрэг.

“Хүн нь олдвол хэрэг тохох амархан” гэгчээр Х.Баттулгын шүүх С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт, Да.Ганболд нарын 14 хүнийг ялласан, шоронд хийсэн.  М.Энхсайханыг гэхэд терроризм хийхийг завдсан гэж эхэндээ буруутгасан бол сүүлдээ /шүүх нотлож чадаагүй / автомашины хэрэг болгон хувиргаад шоронд хорьсон билээ. Тиймээс нүүрсний хэргийг өрсөлдөгчөө намнах зэвсэг болговол  Монголд хуулийн засаглал тогтохгүй гэсэн үг. Тиймээс ахиад анхааруулъя хуулийнханд, ял битгий завшуул, хүн бүү хэлмэгдүүл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж