Реграги: Би хоёр дахь эх орныхоо эсрэг тоглох гэж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Катар-2022

Реграги: Би хоёр дахь эх орныхоо эсрэг тоглох гэж байна

Реграги: Би хоёр дахь эх орныхоо эсрэг тоглох гэж байна

Мароккогийн шигшээ баг Катарт үнсгэлжингийн үлгэрийг амьдруулж, хагас шигшээ шатанд шалгараад байна. Тэмцээн эхлэхээс өмнө Самуэл Это’огоос өөр хэн ч Марокког энэ хүртэл явна гэж таамаглаагүй биз. Тэд өнөөдөр буюу 14-нөөс 15-ныг шилжих шөнө 03.00 цагаас аваргаа хамгаалагч Францын эсрэг тоглоно. Хожсон нь финалд Аргентины эсрэг алтан цомын төлөө хүч үзэх бол хожигдсон нь хүрэл медалийн төлөө Хорваттай учраа таарна.

Марокко-Франц хоёр олон жимээр холбогдоно. Үүний нэг нь Мароккогийн дасгалжуулагч Валид Реграги. Өдгөө 47 настай түүний эцэг эх Марокко гаралтай ч Реграги Франц улсад төрж, боловсрол эзэмшиж, хөлбөмбөгчин болжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр өнөөдөр хоёр дахь эх орныхоо эсрэг тоглоно.

Португалыг хожсон талаараа Реграги “Би анх удаа хөлбөмбөгөөс болж уйлсан тоглолт энэ байсан. Удаан үргэлжлээгүй ч сэтгэл хөдлөл маань өөрийгөө удирдаж чадахааргүй дээд цэгтээ хүрсэн байлаа” гэжээ.

Марокко ДАШТ-ий хагас шигшээ шатанд шалгарсан Африк тивийн анхны баг болсон билээ. Мөн Реграги ДАШТ-ий хагас шигшээд хүрсэн анхны Африк дасгалжуулагч юм.

Харин тэрбээр аваргаа хамгаалагч Францын эсрэг тоглох талаар “Бидний хувьд гайхалтай сорилт байх болно. Бид өнгөрсөн ДАШТ-ий мөнгөн медальт Хорват, хүрэл медальт Бельгитэй тоглосон. Практикийн хувьд дэлхийн шилдэг багууд шүү дээ. Харин одоо энэ тэмцээний магадгүй хамгийн хүнд тоглолтоо хийх гэж байна. Бид өрсөлдөгчөө хүндэлж байгаа. Тиймээс энэ тэмцээний турш үзүүлж буй хамгийн шилдэг тоглолтоо гаргаж, дахин шуугиан дэгдээмээр байна. Мэдээж бид тэднийг хожвол шуугиан дэгдэх нь гарцаагүй” гэжээ.

Түүнээс сэтгүүлч энэ тоглолт хэр онцгой болохыг асуухад “Энэ тоглолт миний хувьд гэхээсээ илүүтэйгээр миний хайртай хүмүүс, гэр бүл, хамаатнуудад минь онцгой байх. Мэдээж надад ч гэсэн онцгой л доо. Би Францын иргэншилтэй, Францад төрж өссөн. Гэхдээ одоо зөвхөн хөлбөмбөгөө л бодмоор байна. Би төрөлх эх орныхоо дасгалжуулагчийн хувиар хоёр дахь эх орныхоо эсрэг тоглох гэж байна. Зорилго минь Францыг хожих. Энэ бол хөлбөмбөгийн тоглолт. Ингэлээ гээд Францыг хайрлах хайр минь хувирахгүй” гэж хариулав.

Францын шигшээ багийн довтлогч Оливье Жиру болон Мароккогийн дасгалжуулагч Валид Реграги хоёр нэгэн цагт Гренобль гэх клубд хамтдаа тоглож байжээ. Богинохон хугацаанд хамт тоглосон ч гэсэн Жиру түүнд эерэг сэтгэгдэл үлдээсэн гэнэ.

Мөн Мароккогийн шигшээ багийн тамирчид бусад багуудтай харьцуулахад гэр бүлийнхэнтэйгээ их ойр байж, тоглолт бүрийн дараа талбай дээр хамтдаа баяраа тэмдэглэж байгаа. Тэгвэл энэ талаар Реграги “Өмнөд Африкчууд гэр бүлийнхэнтэйгээ их ойр байдаг. Ялангуяа ээж нартайгаа. Энэ бол зөвхөн биднийг л ойлгох зүйл. Ээжээсээ хол байна гэдэг тун хэцүү. Бидний хайрын харилцаа их хүчтэй. Энэ хүч дэлхийн аварга шиг дөрвөн жилд нэг удаа болдог тэмцээнд чухал. Тамирчид, гэр бүлийнхэнтэйгээ хамт зочид буудалд байхгүй байгаа ч нэг их хол биш байгаа. Ялалт бүрийн дараа 3-4 цагийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх, баяраа тэмдэглэх боломжийг олгож байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж