Украин дахь довтолгоо болон цэрэг армид гүйцэтгэж буй үүрэгтэй нь хамаатуулан Оросын 12 командлагчид Их Британи хориг арга хэмжээ авлаа. 12 командлагч дотор хошууч генерал Роберт Баранов багтсан байна. Роберт Баранов нь Оросын далавчит пуужингуудыг програмчилж, онилдог нэгжийн командлагч болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон. Далавчит пуужингууд болон Ираны нисгэгчгүй нисэх онгоцууд нь Украины дэд бүтцэд халдахад голлох үүрэг гүйцэтгэж байна.
Мөн ОХУ руу нисгэгчгүй нисэх онгоц нийлүүлэх, үйлдвэрлэх үйл ажиллагаанд гар бие оролцсон Ираны бизнес эрхлэгчид, албан тушаалтнууд ч хориг арга хэмжээнд багтжээ. Иранчуудын талаар, чухам ямар байдлаар нисгэгчгүй нисэх онгоцны нийлүүлэлт, үйлдвэрлэлтэд оролцсон талаар тодорхой дурдаагүй байна.
Хоригт багтсан хүмүүсийн Их Британи дахь хөрөнгийг царцааж, тус улс руу нэвтрэх эрхийг нь хязгаарлав.
ОХУ аравдугаар сарын 10-наас хойш Украины дэд бүтцүүдэд зургаан удаа томоохон хэмжээний цохилт өгчээ. Үүний улмаас олон гэмгүй хүн амиа алдаж, олон сая хүн тоггүй болсон. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 5-нд гурван мужийн эрчим хүчний байгууламжид халдсан бөгөөд дөрвөн хүн амиа алджээ. Хэрвээ Орос довтолгоогоо үргэлжлүүлсээр байх юм бол Их Британи улс илүү алсын тусгалтай зэвсгээр Украиныг хангана гэж Батлан хамгаалахын сайд Бэн Уоллес хэллээ.
Дашрамд дурдахад, Шинэ Зеланд улс Украинд 1.94 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж илгээх болсноо зарласан. Украины ерөнхийлөгч Зеленский Шинэ Зеландын парламентад үг хэлсний дараа тус улсын ерөнхий сайд Жасинда Ардерн тусламжийн тухай мэдэгдлийг хийжээ.
Эх сурвалж: KIYV INDEPENDENT, AL JAZEERA
Холбоотой мэдээ