Нүүрсний хэрэгт холбогдсон таван УИХ-ын гишүүн өнөөдөр /2022.12.14 / Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас өчигдөр нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар шууд болон шууд бусаар хамааралтай гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулж, дараах нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Бид тавтай АТГ байтугай ямар нэгэн байгууллагаас уулзаж, юм асуугаагүй. Гэнэт бидний нэрсийг зарлалаа. Энэ ямар учиртай юм бэ. Бидэнд хийсэн хэрэг огт байхгүй. Бодит байдлыг харахад дарга нарыг дагаж гүйдэггүй, илүү дутуу юм ярьдаггүй ийм хүмүүсийг хэрэгт холбогдуулж байна.
"ХЭРВЭЭ БИ ХУЛГАЙ ХИЙСЭН БОЛ ШУУД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ"
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Далд эдийн засаг дотор нүүрсний хулгай орж байгаа. Би энэ асуудлыг ил болгох тухай байнга ярьдаг. Надад сануулга өгөх гэж байгаа юм уу. Миний нэрийг зарласан байна. Би тэр Тавантолгой гэдэг газрыг мэдэхгүй. Хэрвээ тэнд очвол хүнээр заалгаж очно. Энэ олон хулгайч нарын шуналыг хөдөлгөсөн олон толгой байдаг юм гэсэн. Ухаа худаг, баруун, зүүн Цанхи ч гэл үү. "Эрдэнэс Тавантолгой" компанийн оффис нь хаана байдаг юм. Б.Ганхуяаг гэдэг нөхрийг зүс танина.
Надад хийсэн нүүрсний гэрээ, тээврийн машин байхгүй. Би яагаад энэ хэрэгтэй нэр холбогдож байгаа юм бэ. Би чуулган дээр "Энэ хулгайчуудын цаана жинхэнэ эзэд нь байгаа" гэдгийг хэлсэн шүү дээ.
Одоо бид АТГ-ын албаныхнаас хүний нэр төрд халсан талаар асуух гэж байна. Миний ХОМ-тээ мэдүүлсэн "Тэс петролиум" компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хоёр гурван ШТС-ууд нь бий. Тэнд явдаг машинууд шатахуун түгээх станцаас гэрээ хийж, мөнгөө шилжүүлээд шатахуунаа худалдаж авдаг. Өөр надад юу ч байхгүй. Хэрвээ би хулгай хийсэн бол шууд хариуцлага хүлээнэ. УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзэнэ.
"МИНИЙ ХОМ ӨСӨӨГҮЙ"
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Би өнгөрсөн дөрвөн жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсантай холбогдуулан хэрэгт холбож байна. Тавантолгой Өмнөговь аймагт байрладаг. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт байдаг учраас намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Би энэ хэрэгтэй ямар ч холбоогүй. Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороонд орж, ажиллаж байгаа. Өчигдөр түр хорооноос хаалттай асуудлыг хэлэлцээд гараад ирсэн чинь миний нэрийг зарласан байна.
Бодвол төв талбай дээр жагсагчдыг нэрсийг зарла гэхээр нь бидний нэрийг хаяж өгч байгаа байлгүй гэж бодож байна. Бусдаар бол хуулийн байгууллагаас дуудаж асуугаагүй.
Одоо бид АТГ-руу орж асууя. Миний ХОМ өсөөгүй. Бүх юм ил тод байгаа. Би Х.Мандахбаярыг нүүрсний холбоонд холбогдоогүй гэж итгэж байна. Нүүрсний хулгай, оффтейк гэрээ намайг Засаг даргаар ажиллаж байхад л төрөөс хийгдсэн байсан. Улаанбаатарт оффистой улсууд л байдаг. Орон нутагт хамааралгүй шүү дээ.
"УНТАЖ БАЙГАА БААВГАЙГ СЭРЭЭСЭН ТЭР ХУЛГАЙЧ НАРТАЙ ӨӨРСДӨӨ ГОМДОХ ЦАГ ИРНЭ"
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:
-Өнөөдөр их сайн юм болж байна. Нүүрсний хулгай удаан үргэлжлэх байх. Ард түмэн ядуу амьдарч байхад ийм том хулгай хийнэ гэдэг байж болохгүй. Цаашдаа энэ асуудал удаан үргэлжлэнэ. Бид нэр төрөө сэргээлгэж авъя. Ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайчдыг илрүүлнэ. Ядарсан ардын зээлийг нүүрсний хулгайчдын мөнгөөр төлүүлнэ. Зарим УИХ-ын гишүүд ядарсан иргэддээ гэр өгнө гэж байгаа. Миний хувьд иргэдийн ипотекийн зээлийг нүүрсний хулгайн мөнгөөр төлүүлэх хуулийн төслийг ирэх жил өргөн барина. Огт хамаагүй УИХ-ын гишүүдийг яаж олж чадсан юм гэмээр ийм сонин баримт дэлгэлээ. Биднийг энэ хэрэгт холбож, нэрсийг зарласан. Би долдугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй гэдгээ хэлсэн. Зарим хүмүүс их шоолж байна лээ.
Бизнесийн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж бий. Би хулгай гэдгийг үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг буцааж, ард түмэнтэйгээ нийлж, бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ.
Би бүлэг дээр нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Намайг хүчирхийллийн хэрэгт холбосон. Цаанаасаа захиалгатайгаар жинхэнэ хулгайчийг олон ард түмний итгэлийг мухардуулж байгаа нэг арга. Тэглээ гээд бид бууж өгөхгүй. Ард түмнээсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд хамтран тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн тэр хулгайч нартай өөрсдөө гомдох цаг ирнэ. Магадгүй УИХ-ын сонгуулийн ажил эхэлсэн байх. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Булган аймагт нэр дэвшинэ гэхэд 10-хан хоногийн дотор сайдын суудлаас унагасан. Булганд их хүчтэй гар бидний эсрэг явж байна. Бид их гайхаж байна. Тэр аймагт нэг ч нүүрсний уурхай байдаггүй.
"БИ ЯМАР НЭГЭН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ ГЭДЭГТЭЭ 100 ХУВЬ ИТГЭЛТЭЙ БАЙНА"
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
-Хилийн тагнуулын байгууллага Хил хамгаалах ерөнхий газарт байсан юм. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-аас хууль гаргаж, хилийн тагнуулын байгууллагыг татан буулгасан юм. Одоо Тагнуулын ерөнхий газрын бүтцэд байдаг. Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгаж, чиг үүргийг нь энгийн байгууллагад шилжүүлсэн. Би бас ажлаа хүлээлгэн өгсөн. Би гомддоггүй. Өнгөрсөн хугацаанд 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан. Ажилгүй хүн Монгол Улсад бүртгэлтэй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аль ч аж ахуйн нэгжид ажиллаж, цалин авах эрхтэй.
Тиймээс би "Импар газ" компанид ажиллаж, цалин авч байсан. Энэ компани байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг байсан. Нүүрстэй ямар ч холбоо байхгүй. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна.
Хуулийн байгууллага шалгаж тогтооно. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Нэр төрөө сэргээлгэхдээ үнэлж, надаас маш олон тойргийн гишүүд гэр хүсдэг юм. Тэр хүсэлтийг нь биелүүлнэ. Намайг харлуулах зорилготойгоор хэвлэл мэдээллээр хэд хэдэн удаа худал мэдээлэл цацсан. Тэр хүнийг нь би мэдэж байгаа. Тэр хүнд хандаж, үг хэлсэн юм.
Холбоотой мэдээ