Сурвалжлага: Сүхбаатарын талбайн ӨӨР ӨНГӨ

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Сүхбаатарын талбайн ӨӨР ӨНГӨ

Сурвалжлага: Сүхбаатарын талбайн ӨӨР ӨНГӨ

“Он солигдох мөч тун удахгүй тохионо, энэ онд тавьсан зорилго чинь биелсэн үү” хэмээн ярилцах хос төв талбайд зургаа авахуулж байлаа. Гадаа хүйтэн жавартай ч Сүхбаатарын талбай хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагджээ. Тэнд жагсагчид "орилж", харин энд хүүхдүүд хөөцөлдөн тоглох нь харагдав. Хамт яваа эцэг, эхчүүд “Гадаа орой болсон байна. Маргааш өдөр ирье”, “Харанхуйд олон хүнтэй газар төөрчихнө”, “Хүн харахгүй гүйлдэж байгаад уначихна”, “Одоо явъя, даарчихлаа, ханиад хүрчихнэ” зэргээр хүүхдүүддээ санаа тавих нь чихэнд сонсогдоно. Нэг нэгнээ харан хөөрсөн багачууд тэдний олилдохыг ч үл ажран амнаасаа уур савсуулан гүйлдэнэ.

Жаргалтай тоглох багачууд дунд улаан куртик, цэнхэр цасны өмдтэй зургаа, долоо орчим настай хүү нас ойролцоо охины малгайг шүүрч аваад, гэрэлт бугын араар ороод нуугдчихав. “Намайг бага байхад ангийн хөвгүүд малгай авч зугтаагаад, араас нь явахаар цасаар нүүр угаагаад зугтаачихна. Би ч шартай болохоор маргааш нь агаадаа ховлож бөөн юм болдог байж билээ” хэмээн бодлогошрох зуур хажууд зогсч буй 40 орчим насны ах “Би сургуульд байхдаа хөөрхөн охиныг ингэж л араасаа гүйлгэдэг байсан” хэмээн эхнэртээ хэлж байлаа. Түүнийг сонссон эхнэр нь “Эрэгтэйчүүд сонин хүмүүс шүү. Би чамд л хайртай, чи надад маш их таалагддаг гэчхээд л хайрлах байх гээд бодож байтал шоглоод байдаг нь гайхам. Энэ мэт өөрсдөө мэдрэмжгүй хандчихаад нөгөө охин нь өөр залуутай явж байхыг хараад ундууцна” гэж хэлээд, “Одоо эртхэн харьцгаая, хүүгийнхээ сүлд модыг засна гэж амалсан" гээд хөтлөлцөн цааш алхан явлаа.

Хөдөөгөөс ирлээ гэх ах оюутан охины хамт жижиг гэрэлт гацуурын өмнө зогсч, "Утас үрэгддэг, бодит зураг л үлддэг юм" хэмээн зургаа хальснаа буулгуулах хүсэлтэй байгаагаа ярив. Тэр яриаг сонссон цэнхэр хантаазтай нүд нь эргэлдсэн сэргэлэн бүсгүй ах, дүү хоёрын зургийг түргэхэн дарчхаад "Хүлээж байгаарай" хэмээн найрсгаар хэлээд, хальснаа буулгахаар яаран явлаа.

Гэрэлт цаа бугын баримлын хажууд байрлах цагаан баавгайн хажууд найзууд бололтой бөөнөөрөө зургаа даруулж, дараа нь ганцаар болон хоёроороо “Аав, ээж рүүгээ явуулна”, “Нүүр номынхоо зургийг солино”, “Миний өнцөг хаана байна. Хамгийн гоёороо дараарай”, “Би л хөөрхөн гарах ёстой шүү” хэмээн инээлдэж байв. Инээлдэн хөгжилдөх залуус энэ жил оюутан болж ирсэн нэг нутгийн найзууд аж. Тэдний хувьд өмнө нь зурагтаар л талбайн гоё чимэглэл харж байснаас биш ойроос харж байгаагүйгээ хэллээ. Анх удаа бодитоор нь харсан болохоор бага насны хүүхэд шиг л баярлан догдолж байгаа харагдана. Тэд сүрлэг сүлд мод, гэрэлт гудамж, цаа буга, мөсөн хотхон, цагаан баавгайн баримлуудыг сонирхож, хэрхэн бүтээснийг нь гайхан ярилцан байлаа.

Төв талбайн голын хэсэгт сүндэрлэж буй том гацуур мод 22 метр өндөр аж. Талбайн баярын гоёл өвөрмөц бөгөөд өмнөх жилүүдээс гэрэл цацарсан өнгөтэй харагдлаа. Өнгөрсөн жилүүдийн төв талбайн баярын тохижилтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийдэг байсан. Харин энэ жилийн хувьд олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд болон үндэсний зарим компаниуд хамтран төв талбайг фестиваль маягаар тохижуулж байна.

Сүхбаатарын талбай шинэ жилдээ ид бэлдэж байна. Уур уцаартай, улс төрийн хэрүүлтэй, жавартай жагсаалтай өвлийн бүүдгэр энэ өдрүүдэд Сүхбаатарын талбайн "гоёл, зүүсгэл" сэтгэлд эерүү бодол төрүүлнэ. Шинэ жил, шинэ он, шинэ бүхэн айсуй.

Сүхбаатарын талбайн төвд урьдын адил өндөр, том сүлд мод сүндэрлэж түүний тойроод олон жижиг сүлд модод засчээ. Хажууханд нь  бэлгэн хэлбэрийн байшин, мөсөн хотхон, өнгө өнгөөр ээлжлэн асах урт гэрэлт гудамж, цаа буга, цагаан баавгай байна.  Гадаа бүрий болж хүмүүс ажил, хичээлээ тараад гэр рүүгээ яарах хэдий ч  талбайн гоёл чимэглэлийг харж хэсэгхэн зогсох. Түгжрэл, стресс, улстөржсөн өдрүүдэд шинэ жил ирж буйг төв талбай л сануулах.

Хэдийгээр нийгмийн нөхцөл байдал хүнд байгаа ч эцэг эхчүүд болон эмээ өвөө нар хүүхдүүдээ  баярлуулж, тоглуулан баярын уур амьсгалыг түгээж байгаа нь энэ орчныг өөр гэрэлт өнцгөөр харуулав. Төв талбайн баярын чимэглэл дунд хөөцөлдөн, нуугдаж тоглох багачуудын чимээ шуугиан тодорч, хосуудын ирэх оноо угтаж мөрөөдөх гал халуун хүсэл дүүрэн ярилцан алхах нь бүүдгэр их хотын амьдралд тод өнгийг нэмж байлаа.

 

 

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж