Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас өнөөдөр нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар шууд болон шууд бусаар хамааралтай гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулж, дараах нэр бүхий гишүүд тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Нэр зарласан учраас байж болох үндэслэлийг бодож байна. Хил хамгаалах ерөнхий газарт би дэд даргаас нь эхлээд даргаар хоёр удаа ажилласан хүн.
2012-2016 онд сонгуульд ялсан нам Засгийн эрх барьж байхад бүх төрийн тусгай албадын дарга нарыг чөлөөлсөн. 2016 онд дахин Хил хамгаалах ерөнхий газрын даргаар томилогдсон. 2019 оны арванхоёрдугаар сард 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх зорилгоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Би 2012-2016 оны хооронд ажлаас чөлөөлөгдөөд гудманд явж байхдаа 2014 оны наймдугаар сард аж ахуй нэгжид ажилд орж, цалин авч байсан нь үнэн. Түүх намтартаа бүх зүйлээ бичсэн. Надад бусдаас илүүрхээд байх хөрөнгө мөнгө ч байхгүй. Нэр зарласантай холбогдуулаад хүн юм болохоор бодож байна. Зүгээр байхад зүүгээр хатгаад байх шиг байх юм. Би улс төрд удаан яваагүй болохоор сайн мэдэхгүй.
Нутгийнхаа зон олны итгэлийг хүлээж, сонгуульд ялсан нь үнэн. Улс төрийн өшөө авалт гэдэг юм уу, улс төрийн өрсөлдөгч гэдэг юм уу янз бүрийн юм зохион байгуулж байгаа юм болов уу гэдэг хар төрж байна. Надад манай сонгогчдоос маш олон асуудал тавьдаг. Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой асуудал, Дорнодын цахилгаан станцтай холбоотой асуудлаар маш их мэдээлэл өгдөг. Би хууль хяналтын байгууллага биш учраас энэ асуудлаа хууль хяналтын байгууллагад тавь гэдэг. Хуулийнханд тавиад байгаа ч шалгаж өгөхгүй байна гэдэг. Одоо би баримтуудыг гаргаж тавина, шүгэл үлээнэ. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэж Монголын ард түмэн ярьдаг. Би ямар ч хэрэг хийгээгүй, нүүрсний хулгай байдаг юм уу. Мөрөөрөө явсан хүнийг ингэж Монгол төр оролдож болдог юм бол оролдог, үнэн ялна гэдэгт итгэлтэй байна. Нэр төрөө харин би өндрөөр үнэлнэ, сэргээлгэнэ. Нэр төрөө сэргээлгэсэн төлбөрийг нь авч, Монголын ядарсан зүдэрсэн ард түмэнд тарааж өгнө. Дорнод аймагт гэр оронгүй, амьдралын боломжгүй олон хүн хүсэлт тавьдаг. Тэдгээр хүмүүсийг би бүгдийг гэр оронтой болгоно. Хэрвээ миний нэр төр сэргээд нэхэмжилсэн мөнгө ирдэг юм бол. Ирнэ гэдэгт итгэлтэй байна. Ний нуугүй хэлэхэд уур хүрч байна. Хууль хяналтын байгууллага шалгах ёстой зүйлээ шалгах ёстой. Гэхдээ өөрт нь мэдэгдэлгүйгээр ингэж шалгаж байна гэж олон түмэнд зарлаж болдог юм уу. АТГ-аас нэр зарласан учраас би маргааш албан ёсоор хүсэлт тавина.
Ш.Раднаасэд: Үймсэн олныг тасдаж идэг гэж хаяж өгч байгаа таван нэр
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: АТГ нэр зарласан УИХ-ын гишүүдээс юм уу, эргэн тойрны хүмүүсээс тайлбар авсан байх ёстой. Гэтэл хэнээс ч тайлбар авалгүйгээр нэр зарлана гэдэг бол олон нийтийн жагсаал цуглаанд нэр хаяж тайвшруулах гэсэн оролдлого. Тэрний золиос нь бид хэд юм шиг байна. Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг… Нүүрсний хэрэгт холбоотой хүмүүс бол үе, үеийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс. Гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж байсан нь УИХ биш Засгийн газар. Эндээс хулгайч нарыг хайх ёстой. Тэр үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан нэг ч хүн алга. Нүүрстэй холбоотой гэрээ контрактад нөлөөлөх ямар ч боломжгүй хүмүүс. Оффтейк гэрээг УИХ-аар, Байнгын хороогоор хэлэлцээгүй. Хулгайч нар золиосонд биднийг нохой шиг хаяж өгчихөөд бултгах гэж байна. Шаардлагатай бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаад шалгуулъя. Одоо энэ дээр зөв, буруу гэдэг юм ярихлаар сонин байдал руу чирэх байх. Шаардлагатай бол намаас нь гарч байгаад шалгуулъя. Жинхэнэ хулгайч нарыг олохын төлөө ард түмэнтэйгээ нийлэх ёстой. Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ц.Анандбазар биднийг хаана, хэнтэй, хэзээ, хэдэн тонн нүүрс өгөөч гэж явсан юм. Үймсэн олныг тасдаж идэг гэж хаяж өгч байгаа таван нэр. Манай нөхдүүд санал нэг байгаа гэж бодож байна. Намаас гарч, УИХ-ын гишүүнийхээ эрхээс татгалзаж байгаад шалгуулъя.
Ц.Анандбазар: Нэр цэвэр, шударга бизнес эрхэлдэг хүмүүсийг нүүрсний хулгайч болголоо
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Нүүрсний хулгай бол том асуудал болж байна, УИХ дээр нүүрсний хулгай илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн нэг гишүүн нь би, ажлын хэсэг ажлаа дуусаагүй байхад ийм PR хийж байгаа нь ажлын хэсгийг ажиллуулахгүй гэсэн нүүрсний хулгайч нарын ажил гэж бид үзэж байна. Манай группд алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй гэдэг зорилготой.
Монголын ард түмний боломжийг хулгайлсан хулгайчид амь тавих дөхөөд бүх зүйл тодорхой болоод ирэнгүүт хулгайгаа займчуулж алга болгохын тулд нүүрсэнд огт хамааралгүй гишүүдийг оролцууллаа.
Долдугаар ангид байхдаа гэртээ нүүрс оруулж байснаа санадаг, тэрнээс хойш нүүрс хутгаж үзээгүй. Хүрз нүүрс гаргаж үзээгүй хүнийг нүүрсний хулгайд сэрдэнэ гэдэг бол өөрсдийнхөө мөрийг баллуурдах гэж байгаа юм. Ийм увайгүй юм хийсэн хүмүүс удахгүй тодорно. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж үг байдаг. Нүүрсний хулгайч нар зам мөрөө баллахын тулд ийм арга хэрэглэж, энийг нь АТГ маш хуумгай мэдэгдэл хийж буйд харамсч байна. Маргааш бид АТГ-ын удирдлагуудтай уулзаж, асуудал тавина. “Сод Монгол” групп түүний охин компанид нэг ч чиргүүл явуулдаг юм байхгүй. Санаатай ард түмний дургүйцэл дээр дөрөөлж өөрсдийн зам мөрөө баллах гэсэн явуулга.
АТГ ганцхан зүйл харсан гэж, 20 сая төгрөгөөс дээш бараа материал нийлүүлсэн компанийг зарлалаа гэсэн. Барааны саван нийлүүлсэн компанийг зарлах гэж байгаа юм уу. Нүүрс бид тээвэрлэж үзээгүй, энэ бол хулгайч нарын санаатай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Ер нь энэ нүүрсний хулгайч нарыг ажлын хэсгээр гаргаж, асуудлыг шийдвэрлье гэж бодож байна. Нэр цэвэр, шударга бизнес эрхэлдэг, ажил хийдэг хүмүүсийн нэрийг оруулж байгаад өөрсдийн ул мөрөө баллах гэж байгаа увайгүй үйлдэл гэж хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
АТГ нэг ч гишүүнээс нэг ч удаа асуугаагүй байж, УИХ-ын нэр бүхий гишүүдийг нүүрсний хэрэгт холбоотой гэж зарласан.
УИХ-ын гишүүний нэр хүндэд халдах эрх АТГ-ын бүрэн эрхэд байхгүй. Хулгайчийн нэр зарла гэхээр ханган нийлүүлэгчийн нэр зарлаж таарахгүй.
Б.Баттөмөр: Андуурал гарсан байх, би Тавантолгой хаана байдгийг ч мэдэхгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Өнөөдөр АТГ-аас нүүрсний хулгайтай холбогдуулж, 17 хүний нэр зарлаж. Энэ дотор миний нэр явж байна. Монгол Улсад далд эдийн засаг их байгаа, янзлаачээ гэж анх шүгэл үлээсэн хүн нь би. Далд эдийн засгийн нэг хэлбэр нь нүүрсний хулгай, маш тодорхой байр суурь илэжрхийлж ирсэн. Гэтэл өнөөдөр би нүүрсний хулгайч боллоо. Тавантолгой гэдэг газар хаана байдагийг мэдэхгүй, оффис нь хаана байдгийг мэдэхгүй. Би нефтийн компанид хувьцаа эзэмшдэг, “Тэс петролиум” компани Монгол даяар үйл ажиллагаа явуулдаг. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг, жижиг агуулахтай. Тэндээсээ хувийн компаниудад шатахуун худалддаг, өөр ямар ч бизнес байхгүй. Намайг дуугүй болгоно гэж бодож байвал эндүүрэл, хэлэхээ хэлнэ.
Нүүрсний хулгай бол гаарсан, Монгол эзэнтэй юм уу, эзэнгүй юм уу. 18 машин 6000 удаа хилээр гарсан байдаг, энийг хэлсэн. Би ч гэсэн хүн ш дээ, АТГ энийгээ нотлох ёстой байх. Сонгогчиддоо хэлэхэд надад нэг портер машин хилээр гаргасан тохиолдол байдаг юм бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Энд андуурал гарсан байх.
Шатахуун нийлүүлэлт бол аж ахуй хоорондын асуудал. Нүүрс тээвэрлэдэг, төмөр зам барьдаг компаниуд гэрээ байгуулаад шатахуун авсан байхыг үгүйсгэхгүй. Ийм учраас надад ямар ч холбогдол байхгүй.
Намдаа нөлөөгүй байж болох байх. Энд тэнд хор найруулаад элдэв бусын юм хийдэггүй. Би дайсан олонтой, Хөгжлийн банкны хулгайч нараас 20 гаруйг нь зарласан. Тэд надад муу санаж явдаг байх. Нийтийн сонсгол хийж, хулгайч нарыг зарласан. Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар 92 дугаар тогтоолыг батлуулж байсан, маш олон хүн дургүй байсан. Тэд нарын хариу бэлэг байх.
Би бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулахад бэлэн.
Н.Наранбаатар: Нүүрсний хэрэгт нэр холбогдож, зарлагдсанд гайхаж байна
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Миний бие өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон. Миний нэр зарлагдсанд гайхаж байна. Нүүрс, төмөр замтай холбоотой үйл ажиллагаанд оролцож байгаагүй, бизнес эрхэлдэггүй. Ташаа мэдээлэл гарсан байна.
Миний бие хууль хяналтын байгууллага, АТГ-аас нэг ч удаа дуудаж тайлбар авсан зүйл байхгүй. Маргааш ямар асуудалд холбогдож байгаа талаар АТГ-аас мэдээлэл авна.
Аймгийн Засаг дарга Тавантолгойн асуудалд холбогддоггүй. Засаг даргын оролцоо орон нутгийн өмчид байдаггүй. Өмнө нь сайд, дарга хийж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Аймгийн Засаг дарга үүрэг чиглэл өгдөггүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ