29.5 сая долларын зээл авах хэлэлцээрийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

29.5 сая долларын зээл авах хэлэлцээрийг дэмжив

29.5 сая долларын зээл авах хэлэлцээрийг дэмжив

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.13/ хуралдаанаар Монгол Улс Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассиоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төслийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Зээлийн хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациар дамжуулан 29.5 сая долларын зээл авна. Зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Бид Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн холбогдох хүмүүстэй өнгөрсөн долоо хоногт уулзсан. Энэ ажлын хүрээнд зөвшөөрлийн платформыг бас хийхээр тусгасан байгаа. Нийтдээ 80 гаруй эрх бүхий этгээд 362 зөвшөөрлийг олгодог болох юм. Үүнийг цахим платформд нэгтгээд, зөвшөөрөл хүсэхээс эхлээд хүсэлтийг хянах, олгох үйл явцыг  ил тод, нээлттэй цахимаар хардаг болгоход тэрхүү санхүүжилт зарцуулагдах юм билээ. Бид өнөөдөр цахим платформ, цахим шилжилт гээд олон асуудлыг ярьж байна. Нөгөө талдаа иргэдийн, залуучуудын, хүүхдүүдийн цахим мэдлэгийг нь дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр төрийн сургуулиудын цахим лаборатори хуучирсан, сургалтын хөтөлбөр нь 15-20 жилийн өмнөхөөрөө байна. Тиймээс сургалтын хөтөлбөрт анхаарах хэрэгтэй” гэв.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Зөвшөөрлийн хуулийг УИХ баталснаар авлигагүй, ил тод, иргэдийн хүсээд байгаа нийгмийг бүтээх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн. Одоо энэ хуулийг амилуулах Засгийн газрын ажил үлдээд байна. Тийм ч учраас Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мөн худалдан авах ажиллагааны цахим порталыг шинэчлэх ажлыг хийнэ. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын удирдлага “UB online business” гэсэн платформ үүсгээд өдөр тутам иргэдийн зүгээс хандан авдаг зөвшөөрлүүдийг цахимжуулсан. Гэхдээ одоо тусгай зөвшөөрөл хүсэгчээс материалыг нь цахимаар авдаг болсноо зөвшөөрлийг цахимжуулсан гэж нэрлэх нь учир дутагдалтай. Яг хиймэл оюун ухаан ажиллаад тухайн зөвшөөрөл хэн нэгэн хүнтэй холбоогүйгээр шууд шийдэгддэг болбол авлига, хээл хахууль гэдэг зүйл арилах ёстой юм. Тийм ч учраас бид энэ олон системийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтраад ажлын хэсэг байгуулан ажиллаж байна, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаман дээр нийт тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлыг эхлүүлээд явж байсан хэдий ч бусад зөвшөөрлийг цахим болгосон яамдтайгаа уялдахгүй байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг яамдаас олгодог тусгай зөвшөөрлүүд болон Улаанбаатар хотоос олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь нэгтгэсэн платформыг үүсгээд эхний танилцуулга бэлэн болсон. Одоо үүнийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг нь хангах, мэдээллийг нэгтгэж хадгалах, хамгаалахтай холбоотой төсөв санхүүгийн асуудлыг нь шийдвэрлүүлэхээр “Ухаалаг засаг-2”-ын арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан.

Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа уур бухимдлыг харвал иргэд өөрсдөө хяналтаа тавья, ил тод болж өгөөч, нууц гэдэг нэрийн дор олон гэрээ хэлцлийг нууцалдаг байдлаа ил тод болгооч, хүнд хамааралтай бишээр технологи нь шийддэг нийгмийг бүтээж өгөөч гэж хүсч байна. Цаашид хулгай хийх боломжийг хэн нэгнийг сольсноор биш, технологи суурьтай болгосноор хааж чадна. Нүүрсний худалдах, борлуулах, тээвэрлэх бүх түвшин автоматжих ёстой. Цаашлаад цахимаар гэрээгээ хийдэг болоод, энэ нь гааль, татварын нэгдсэн системтэйгээ холбогдох ёстой гэсэн зарчмыг Засгийн газар барьж байгаа учраас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гэрээ хийх, түүнийг борлуулах, тээвэрлэж байгаа, худалдаж байгаа бүх үйл явцыг автоматжуулна. Ингэснээр арилжааг цаашдаа цахимаар хийх бололцоотой болж, үүнд хэн нэгэн нөлөөлөхгүй болох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байна” гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зээлийн хэлэлцээрийг дэмжсэн тул санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж