Өмнөд Солонгосын поп урлаг сүүлийн 10 жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж буй. Сонирхолтой аялгуу, өндөр технологи, бүжгийн хэв маягаараа дэлхийд гайхагдсан “K-pop” урлаг БНСУ-ын хамгийн ашигтай экспортын нэг болжээ.
“Eternity” нэртэй охидын “K-pop” хамтлаг 2021 онд “I’m Real” гэх анхны синглээ гаргасан. Тэр цагаас хойш тэд цахим сүлжээнд сая сая хандалт авчээ. “Eternity” хамтлагийнхан бусдын л адил дуулж, бүжиглэж, шүтэн бишрэгчидтэйгээ харьцдаг. Гэхдээ бусад поп хамтлагаас ялгарах нэг л ялгаа бий нь тэд 11-үүлээ виртуал дүр юм. Тэд бол хиймэл оюун ухаанаар бүтээсэн хэт бодит аватар.
Тэдний менежер нь Пак Жиеун нэртэй эмэгтэй байдаг. Пак Жиеун нь “Pulse9” нэртэй технологийн компанийн гүйцэтгэх захирал юм. “Бидний хийж байгаа зүйл бол шинэ бизнес. Виртуал уран бүтээлчидтэй хамтрахын давуу тал их бий. Энгийн “K-pop” одод хүн учраас бие махбодийн хүчин чадал хязгаарлагдмал, тэр бүү хэл сэтгэцийн хямралтай байнга тэмцдэг. Харин виртуал уран бүтээлчид эдгээрээс ангид байж чаддаг” гэж тэр хэллээ.
“Pulse9” компани анх 101 виртуал дүр гаргажээ. Тэднийгээ өхөөрдөм, тачаангуй, гэмгүй, ухаалаг гэсэн дөрвөн төрөлд хуваасан. Дараа нь хүмүүсийн дунд санал асуулга явуулсны эцэст тэдний хүсэл сонирхолд нийцсэн шинэ дүр төрхийг бий болгох ажилдаа оржээ.
“Deepfake” технологи түгээмэл тархсан энэ үед хүмүүсийн зургийг цахим орчинд зөвшөөрөлгүйгээр ашиглаж, аюултай, ташаа мэдээлэл үүсгэх болсон. Жинхэнэ “K-pop” оддын хувьд элдэв шуугианд өртөх нь бизнест эрсдэл үүсгэдэг. Тэд хэн нэгэнтэй болзох, хоолны дэглэм барих гэх мэт олон ч асуудлаар цахим доромжлолд өртдөг. Залуу одод эмгэнэлтэйгээр нас барж байсан ч тохиолдол бий. Тухайлбал, дуучин, жүжигчин Сулли 2019 онд 25-хан насандаа гэртээ нас барсан олдож байв. Түүний дотны найз Гоо Хара ч бас удалгүй Сөүл дэх гэртээ нас барсан. Тэдний хэн хэн нь нийгмийн сүлжээнд тархсан худал үнэн цуурхлаас болж шаналж байжээ.
Тэгвэл виртуал одод энэ тал дээр харьцангуй аюулгүй юм. Менежер Пак Жиеун шинэ технологийг ашиглаж, хэт ачаалал, дарамтад орсон “K-pop” уран бүтээлчдэд учирч болох эрсдэлийг бууруулна гэж үзэж байна. Цаашлаад салбарын эрэлт хэрэгцээг виртуал уран бүтээлчдээр хангахыг хичээж байна.
“K-pop” од болно гэдэг нэг шөнийн дотор бүтчихдэг зүйл биш. Цаг наргүй бэлтгэл, тоглолтын хуваарь гээд тэднийг туйлдуулдаг зүйлс олон. “YES IM Entertainment”-ийн “Mimiirose” нэртэй хамтлаг бий. Тус хамтлагийн гишүүн 19 настай Хан Евон гоцлол дуучин болохын тулд дадлагажигчаар бараг дөрвөн жилийг өнгөрөөжээ. Жил бүр л шинэ хамтлаг дебют хийдэг тул тэдний дундаас цолгорч гарах хэцүү байдаг талаар Хан Евон ярьсан юм.
ВИРТУАЛ ОДОД VS ЖИНХЭНЭ ОДОД
Хан Евон өглөө 10:00 цагт бэлтгэлийн байрандаа ирдэг. Нэг цаг хоолойны дасгал хийгээд, 2-3 цаг дуулж, 3-4 цаг бүжиглэж, дахин хоёр цаг хоолойны дасгал хийдэг. Ингээд нийтдээ бүтэн 12 цагийг бэлтгэлдээ зарцуулж байна. Гэтэл энэ их хичээл зүтгэлийг нь үнэгүйдүүлэх виртуал одод салбарыг нь эзэлж байгаад тэр санаа зовдог аж.
Зэх зээлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Emergen Research” компанийн тооцоолсноор 2030 он гэхэд виртуал аватарын салбарын зах зээлийн үнэлгээ 527.58 тэрбум ам.доллар хүрнэ. “K-pop” салбарын хамгийн том дөрвөн компани виртуал аватаруудад их хэмжээний хөрөнгө оруулж байна. Өмнөд Солонгосын 2022 оны хамгийн их орлоготой “K-pop” хамтлагуудыг жагсаахад таван ч виртуал хамтлаг байна. Зарим хамтлагуудын хувьд виртуал аватартай болох нь цагийн бүс, хэлний бэрхшээлээс үл харгалзан дэлхий дахины шүтэн бишрэгчиддээ хүрэх боломж болжээ.
Бидний сайн мэдэх “BlackPink” хамтлаг хүртэл өөрсдийн гэсэн виртуал ихрүүдтэй. Тэд ихрүүдийнхээ тусламжтайгаар 2022 онд анх удаа “MTV”-ийн шилдэг метаверс үзүүлбэр шагналыг хүртсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс 15 сая гаруй хүн тус хамтлагийн аватаруудын тоглолтыг үзэж байна.
“Covid-19” цар тахлын үеэр “Billie” охидын хамтлаг амьд тоглолт болон шүтэн бишрэгчидтэй уулзах уулзалтаа цуцалсан. Үүний оронд хамтлагийн гишүүдийн виртуал хувилбарыг бүтээж, виртуал ертөнцөд үдэшлэгийг зохион байгуулжээ. “Виртуал аватарууд бидэнд заналхийлсэн гэж би бодохгүй байна. Магадгүй бид тэдний ур чадвараас суралцаж болох байх” гэж хамтлагийн гишүүн Мун Суа хэлжээ.
Хурдацтай хөгжиж буй “K-pop” ертөнцийн виртуал одод нь богино хугацааны моод уу, эсвэл хөгжмийн салбарын ирээдүй юу гэдгийг хэлэхэд дэндүү эрт байна. Шүтэн бишрэгчид хэнийг нь дагахаа сонгоно. “Үнэнийг хэлэхэд хэрэв надаас Мун Суагийн тоглолтыг 10 минут бодитоор үзэх үү, 100 минут метаверс дээр үзэх үү гэж асуувал би бодит амьдралыг нь сонгоно” гэж нэгэн шүтэн бишрэгч хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ