ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснийг эсэргүүцсэн гадаадын олон мянган иргэн хол замыг туулан итгэл үнэмшлийнхээ төлөө, Киевийг хамгаалахын төлөө тулалдаж байна. Украинд тулалдаж буй гадаадын цэргүүдийн 10 орчим хувь нь тайваньчууд гэдэг нь анхаарал татна. Харамсалтай нь эх орноосоо хэдэн мянган км-ийн цаана тулалдаж яваад дайнд амь эрсдэх тохиолдол гарч байна.
Тайванийн иргэн Ценг Шенг-Гуанг өнгөрсөн сард Украины нутаг дэвсгэрийг хамгаалах хүчний олон улсын легионы бүрэлдэхүүнд тулалдаж байгаад зүүн нутгийн Лайман хотод амь үрэгдсэн юм. Тэрээр Украинд тулалдаж амиа алдсан анхны тайвань хүн юм.
Украины баруун хэсгийн Львов хотын сүмд дайнд амь үрэгдсэн тайвань цэргийн оршуулах ёслол болж гэр бүлийнхэн нь салах ёс гүйцэтгэжээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд өөрсдийнх нь эрх чөлөө, газар нутгийг хамгаалахын төлөө тулалдаж яваад амь үрэгдсэн түүнд хүндэтгэл үзүүлэхээр украинчууд ирсэн байв. Тайванийн Гадаад хэргийн яам түүний талаар гаргасан мэдэгдэлдээ, “ноён Цэнг Украины эрх чөлөөний төлөөх тэмцэлд амиа өгсөн" гэж мэдэгджээ.
ТАЙВАНЬЧУУД УКРАИНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ШАЛТГААН
Ийнхүү тайваньчууд Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэх болсон нь шалтгаантай. Учир нь оросууд Украинд халдан түрэмгийлсэнтэй зэрэгцээд Хятад Тайванийг зэвсгийн хүчээр эзлэх үү гэсэн болгоомжлол гарсан. Тайванийн хоолой дахь нөхцөл байдал өнгөрөгч наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалын дараа хурцадсан. Нэнси Пелосийн айлчлалыг эсэргүүцсэн Бээжин нь Тайванийн арлын эргэн тойронд цэргийн сургуулилалтуудыг явуулсан. Ардчилсан Тайванийн арлыг өөртөө нэгтгэхийн тулд Бээжин нь шаардлагатай нөхцөлд хүч хэрэглэхээ удаа дараа мэдэгдсэн.
Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын ХХ их хуралд Ши Жиньпин хэлэхдээ, “Тайванийг эргэн нэгтгэх үйл явц 2049 онд тохиох БНХАУ-ыг тунхагласны 100 жилийн ойгоос өмнө гүйцэлдэх ёстой” гэсэн.
“Ценг Шенг-Гуанг Тайвань нэг л өдөр Украины хувь заяаг давтана гэхээс эмээдэг байсан. Оросууд украинчуудыг хэрхэн хүчирхийлж, хөнөөж байгааг харж тэвчихгүй нь гэж тэр хэлж байсан” гэж найз нь дурсчээ. Ценг Шенг-Гуангийн цогцсыг авахаар ээж нь өмнө нь хэзээ ч очиж байгаагүй Украинд ирсэн нь энэ.
Тайваньчууд цэргийн алба хаах үүрэгтэй бөгөөд алба хаасан гадаадын иргэд Украины легионд тулалдах боломжтой юм. Ценг Шенг-Гуангаас гадна өөр олон тайваньчууд Украинд тулалдаж буй. Тэдний нэг 28 настай, Жак Яао юм. Тэрбээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский оросуудын түрэмгийллийн эсрэг гадаадын иргэдийг сайн дураараа ирж тулалдахыг уриалснаас гурав хоногийн дараа Киевт очжээ. Яао хэлэхдээ, Украинд дайн болохыг жилийн өмнөөс оросууд тус улсын хилийн ойролцоо бөөгнөрч эхэлсэн үеэс мэдэж байсан гэв. “Тухайн үед ОХУ-ыг Украин руу шууд довтолно гэдэгт хэн ч итгээгүй. Тайванийн нөхцөл байдал ч үүнтэй адилхан. Оросууд дайнд ялбал Хятад Тайваньд ижилхэн зүйл хийнэ гэж бид эмээж байна” гэж тэрбээр ярьжээ. Тэрээр Гүржийн гадаад легионд элсэж, байлдааны тагнуулын үүрэг даалгавар авчээ. Түүнийг Киевт ирэх үед оросууд Буча хотыг пуужингаар харваж, бөмбөгдөж, байсан гэв.
ХЯТАД-ТАЙВАНИЙН ЗӨРЧЛИЙН ХӨШИГНИЙ АРД
Мэдээж Украинд тулалдаж буй тайваньчууд бүгд геополитикийн асуудалд санаа зовнисондоо биш. Тухайлбал, Тайванийн цэрэг Ли Ченлин өнгөрсөн зурагдугаар сард “BBC”-д "Мартагдашгүй амьдралаар" амьдрахыг хүссэн учраас тэнд байгаагаа хэлсэн. “Хэрэв Тайвань түрэмгийлэлд өртвөл түүний байлдах хүсэл нь Тайпейн засгийн газар болон АНУ-ын хариу арга хэмжээнээс хамаарна” гэж ярьж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены зүгээс “Хятадаас Тайваньд халдсан тохиолдолд Вашингтон нь Тайпейг хамгаалах болно” гэсэн мэдэгдлийг удаа дараа давтсан. Гэсэн хэдий ч Вашингтоны албан ёсны бодлого нь "стратегийн хоёрдмол утгатай". Өөрөөр хэлбэл АНУ нь Тайванийг хамгаалах үүрэг хүлээдэггүй, гэхдээ бас хамгаалахыг үгүйсгэхгүй.
Үүний зэрэгцээ Жо Байден өнгөрсөн сард мэдэгдэхдээ, “Хятадууд Тайвань руу довтолно гэдэгт итгэхгүй байна” гэж мэдэгдсэн. Ингэж мэдэгдсэнийхээ дараа Жо Байден Балид болсон Их-20 орны чуулга уулзалтын дундуур Ши Жиньпинтэй нүүр тулж уулзсан.
Уг уулзалтын араас АНУ-ын өндөр албан тушаалтнуудын баг энэ долоо хоногт Хятадад айлчилж, хоёр орны харилцааг сайжруулах асуудлыг хэлэлцэхээр болсон юм.
Тиймээс тайваньчуудын хувьд зөрчилд янз бүрийн байр суурьтай хандаж байгааг Тайваний олон нийтийн санаа бодлыг илэрхийлэх форумын дарга Пол Хуан мэдэгджээ. Түүний дүгнэснээр, тайваньчуудын олонх нь Хятадаас дайрсан нөхцөлд арал нь Украин шиг удаан хугацаанд тэсч, тэмцэж чадахгүй гэсэн бодолтой байгаа аж.
Холбоотой мэдээ