Жагсагчид А.Ариунзаяад дахин шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Жагсагчид А.Ариунзаяад дахин шаардлага хүргүүллээ

Жагсагчид А.Ариунзаяад дахин шаардлага хүргүүллээ

Төв талбайд 10 дахь өдрөө жагсч буй иргэд Засгийн газарт дахин шаардлага хүргүүллээ. Тодруулбал, жагсагчдын төлөөлөл гарын үсэг цуглуулж, төрийн өндөр дээд албан тушаалтнууд нүүрсний хулгайд холбогдсон бол нэрсийг бүгдийг нь  яаралтай зарлаж, гэмт хэрэгтнүүдэд тохирох хариуцлагыг тооцуулахыг шаардаж байна.

Иргэд Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу иргэд шаардлага тавьж байгаа аж.

Эрүүгийн хуульд заасан зарим хэсгүүдийг хасч төрийн өндөр албан тушаалтан авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол насаар нь дахин төрд ажиллахгүй болгохыг шаардлагад дурджээ. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатарын удаа дараа хийсэн мэдэгдэлд иргэд итгэхгүй байгаа учир бодит баримт нотолгоотой нэрсийг бүгдийг нь зарлахыг шаардсан байна.

Жагсагчдын энэ удаагийн шаардлагын гол зүйл нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хэн нэгэн этгээд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлсэн бол түүнд тооцох хариуцлагыг чангатгах.

Тухайлбал, холбогдох хууль тогтоомжуудад ойрын хугацаанд нэмэлт өөрчлөлтийг хийхийг шаардлаа. Үүнд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд  заасан авлигын гэмт хэрэг, 22.1 эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.3 улс төрд нөлөө бүхий этгээд авлигын гэмт хэрэг үйлдсэн бол нийтийн албанд томилогдох хугацааг 5-8 жил хасах, 10-40 мянган нэгжээр торгох, эсвэл 2-8 жилээр хорих гэсэн заалтуудаас мөнгөн дүнгийн торгуулийн ялыг бүр мөсөн хасч, 15-18 жил хорихоор шинэчлэх.

Эрүүгийн хуулийн бусад тодорхой заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна олон улсын тогтоомж, олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх FATF байгууллагад хандан нүүрсний хулгай болон бусад хэрэгт холбогдсон Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг дэлхий нийтэд зарлаж, тус байгууллагаар санхүүгийн хяналт шалгалт хийлгэх зэргийг шаардлагад тусгасан байна.

Жагсагчдын шаардлагыг Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа хүлээн авч, нүүрсний хулгайтай холбоотой хууль хяналтын байгууллагын шалгалт үргэлжилж байгааг онцоллоо.

Мөн тэрбээр, маргааш болох Засгийн газрын хуралдаанаар Х.Нямбаатар сайд гурван асуудлыг оруулж ирнэ. Тиймээс жагсагчдын шаардлагын хариуг маргаашийн дотор өгөх боломжгүй. Засгийн газраас иргэдийн жагсаалыг буруутгасан зүйл огт байхгүй. Нүүрсний хулгайчидтай холбоотой асуудлыг өнгөрсөн зургадугаар сараас эхэлж шалгаж эхэлсэн. Хуулийн дагуу нотлогдсон, зөвшөөрөгдсөн мэдээллийг хариуцсан хүмүүс нь өгөөд явна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж