Засгийн газар маргааш буюу Лхагва гариг (2022.12.14)-ийн ээлжит хуралдаанаараа ипотекийн зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг хэлэлцэх юм байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас орон сууцны ипотекийн зээлийн хүүтэй холбоотой хяналт, шалгалтын ажлын хүрээнд холбогдох судалгааг хийж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс иргэдэд олгох ипотекийн зээлийн хувь хэмжээг ялгавартай тогтоож байгааг арилгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх албан шаардлагыг Монголбанкинд хүргүүлсэн. Тус шаардлагад дурдсанаар,
“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хүүг жилийн 8 хувь, 6 хувь гэж ялгавартай тогтоож, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж байгаа нөхцөл байдал үүссэн байна.
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.1.2-т “Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш олгох зээлд жилийн 6 хувь” гэж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн А-397 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Иймд ипотекийн зээлийн хүүг ялгавартай тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн Монголбанкны 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаартай тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д холбогдох өөрчлөлт оруулан зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн байна.
Холбоотой мэдээ