Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв хамтран зохион байгуулсан уг уулзалтад нийслэлийн 90 орчим, орон нутгийн 240 гаруй менежер хамрагдав.
Сонгон судлах хөтөлбөрүүдээс хэрэгцээ сонирхолдоо тулгуурлан сонгосон боловч бүлэг үүсээгүй болон бусад шалтгаанаар сонгосон хичээлээ судлахгүй байгаа сурагчдад тэгш боломж үүсгэж, цахимаар сургалт зохион байгуулах багш нарыг үе шаттайгаар бэлтгэж байгааг мэдээлэв. Эдгээр багш нар ажлын байрандаа хөгжихийн зэрэгцээ орон даяар мэдлэг, ур чадвараа түгээх боломжтойг онцолж байв. Мөн цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдаж, нэмэлт орлоготой болох юм.
Сонгон судлах хичээлийн бүртгэл Student.edu.mn цахим системээр явагдаж байгаа бөгөөд бүртгэлийн алхмуудыг тайлбарлаж, уг сонголтод багш, эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс хэрхэн зөвлөн туслах талаар чиглэл өглөө.