Иргэн Г.Ган-Очир болон У.Цогтбаяр нар өчигдөр /2022.12.12/ цахим хуудаст дансанд нь их хэмжээний мөнгө шилжүүлсэн талаар дансны хуулга харуулж мэдээлэл хийсэн. Энэ асуудалтай холбоотой Хаан банк болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.
Хаан банкны гүйцэтгэх захирал Р.МӨНХТУЯА:
-Хаан банк Монгол Улсын хууль тогтоомжийг чанд баримтлан ажилладаг. Өчигдөр иргэн Г.Ган-Очирын нийгмийн сүлжээнд хийсэн мэдээлэлтэй холбоотой тайлбар өгөх нь зүйтэй. Бид аливаа хууль бус үйл ажиллагааг дэмждэггүй. Банк нь хууль тогтоомжийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудаас ирсэн тухайлсан харилцагчийн дансанд хөдөлгөөн хязгаарлах барилт гүйлгээ хийгдсэн байгаа. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр системийн боломжит оронгоор тооцож хийсэн.
Хасах дүнтэй үлдэгдэл дансанд харагдаж байгаа нь тийм хэмжээний мөнгө тухайн иргэний дансанд байгаа гэсэн үг биш. Банкны системийн боломжит дээд оронгоор хязгаарласан.
Хэрэв та бүхэн лайв дээр гарсан мөнгөн дүнгийн мэдээллийг харсан бол хасах тэмдэглэгээтэй байгаа. Хаан банк 2.7 сая хэрэглэгчтэй. Эдгээр харилцагчийн нууцлалыг хамгаалж, харилцагчийн мэдээллийг өөрөөс нь зөвшөөрөл авахгүйгээр ярих боломжгүй. Тухайн лайв мэдээлэлтэй холбоотой зайлшгүй тайлбар мэдээллийг хийж байна. Банкны систем дээр гүйлгээний мэдээлэл устаж огт алга болдоггүй.
Шалгах эрхтэй хүмүүс энэ асуудлыг шалгах байх.
Хаан банкны нийт актив хөрөнгө 13.4 их наяд төгрөг. Тиймээс дээрх бичлэгт гарсан шиг дүнгээр нэг харилцагчийн дансанд гүйлгээ оролцох боломжгүй. Бид банкны тухай хуулийн дагуу улирал тутамд ашигт ажиллагаа, орлогын мэдээллийг тайлагнадаг. Барилт хийгдсэн дансанд л хасах дүнгээр гүйлгээг хязгаарладаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-2022.12.12-ны өдөр жүжигчин Цогтбаяр, иргэн Г.Ган-Очир нарын фейсбүүк лайвт надтай холбоотой худал мэдээлэл дурдагдсан учир албан ёсоор тайлбар хийж байна.
- Миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй.
- Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн Сангийн яамны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна.
- Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй.
Засгийн газар анх “Нүүрсний хулгай”-н талаар “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн. Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байна. Энэ нь иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн юм. Тиймээс олон нийтийн шударга ёсны энэ тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, Засгийн газрын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье” гэлээ.
Холбоотой мэдээ