Гүйлтийн цанын төв нь Мишээл ситигийн нэгэн дэд төв болох 110’000мкв талбайтай Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зориулалтын зам талбай, ая тухтай үйлчилгээ, мэргэжлийн хувцас хэрэгсэлтэйгээр нээгджээ.
Тус төвд гулгахаар ирсэн иргэдэд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч хамтран ажиллаж буй гүйлтийн цанын спортын ОУ-ын хэмжээний мастер Э.Очирсүрэнтэй хэдэн хором ярилцлаа.
-Та Гүйлтийн цанын спортоор хичнээн жил хичээллэж байна вэ? туршлагаасаа хуваалцаач
-Энэ спортоор 12 наснаасаа эхэлж хичээллэсэн. Монголын хол зайн тэмцээний 28 удаагийн аварга болж 30 гаруй ОУ-ын тэмцээнд оролцож байсан. 2006, 2010 оны Олимпийн наадамд оролцож эх орныхоо тугийг мандуулж байсан.
-Цанын спортоор хичээллэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Гүйлтийн цанаар тасралтгүй 30 минут гулгахад фитнест 2 цаг хичээллэсэнтэй тэнцэхээр к/кал, 2 цаг тасралтгүй гулгахад биеийн хүчний ажлыг 8 цаг хийсэнтэй тэнцэх хэмжээний к/кал шатаадаг. Мөн хүний хамгийн идэвхгүй хүзүү, нүүрний арьсны булчин болон тулгуур эрхтнүүд маш сайн хөгждөг. Хичээллэх явцад хүчилтөрөгчийг түлхүү авдаг болохоор цусан дахь сахарын хэмжээг багасган зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Сахартай болон турах гэж байгаа хүмүүс ер нь илүү их ирж хичээллэдэг дээ.
-Гүйлтийн цанаар гулгаснаар хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?
-Биеийн бүх булчин жигд хөгжихөөс гадна тэнцвэр, тэсвэр, хурд, хүч, авхаалж самбаа гэсэн хүний хөгжлийн үндсэн 5 чадвар хөгждөг болохоор энэ спортоор хичээллэдэг хүмүүс илүү дархлаа сайтай, эрч хүчтэй байдаг.
-Эхлэн суралцагчдад анхаарах зүйл юу вэ?
-Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд гүйлтийн цанаар гулгахаар ирэх хүмүүст гялгар цасны хувцастай ирэхийг зөвлөж байна. Мөн 2 ээлжийн бээлийтэй ирвэл зүгээр. Учир нь цасанд норох магадлал өндөр. Мөн цанаар гулгаж байхдаа хүйтэн ус уулгүй аль болох халуун, аарц, чацаргана уувал сайн.
-Хувцас хэрэгслийн хувьд ямар стандарт шаардлагыг хангах ёстой байдаг вэ?
-Хувцас хэрэгслийн хувьд мэргэжлийн болон сонирхогчдийн хувцас тусдаа өөр байдаг. Гутал бол цанадаа таарсан бэхэлгээтэй тусдаа гутал байна. Энгийн гуталтай цанаар гулгахгүй гэсэн үг. Бид бүх размерийн гутал хэрэгслийг бэлдсэн байгаа.
-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Энэ спортыг дэмжин хүүхэд залууст таниулахад хувь нэмрээ оруулж байгаа Мишээл сити, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд талархал илэрхийлье. Та бүхэн гэр бүлээрээ хүрэлцэн ирж цанаар гулган дархлаагаа сайжруулж өдрийг спортлог, хөгжилтэй өнгөрүүлээрэй гэж уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа
Холбоотой мэдээ