Т.Доржханд: “Бодь интернэшнл”-тэй ичиж үхмээр гэрээ байгуулсан

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Т.Доржханд: “Бодь интернэшнл”-тэй ичиж үхмээр гэрээ байгуулсан

Т.Доржханд: “Бодь интернэшнл”-тэй ичиж үхмээр гэрээ байгуулсан

УИХ-аас байгуулагдсан нүүрсний хэргийг судлах Түр хороонд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат оффтейк гэрээнүүдийн талаар мэдээлэл өглөө. Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой нууцын зэрэглэлтэй долоон гэрээг олон нийтэд ил болгосон юм.


Тэрбээр "Нууцын зэрэглэлээс гаргасан долоон гэрээний гурав нь Богдхан төмөр замтай холбоотой гэрээ бол хоёр гэрээ нь Гашуунсухайт төмөр замтай холбоотой гэрээ. Үлдсэн хоёр гэрээ нь компанитай холбогдох гэрээ.

Тавантолгой Гашуунсухайт төмөр замын төсөл дээр “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам”, “Бодь интернэшнл” гэрээ байгуулж,  5-13 хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлсэн байдаг. Ингэснээр Бодь интернэшнлд 174.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлүүлсэн байдаг. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” компани Бодь интернэшнлд 5-13 хувийн хөнгөлөлт өгөөгүй бол 537.6 сая ам.долларын нүүрсний борлуулалт хийж, 174.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой байсан.

Богдхан төмөр замын гэрээг  “Эрдэнэс Тавантолгой”, “Бодь интернэшнл” хооронд байгуулснаар мөн нүүрсээ 13 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон байдаг.  Ингэснээр Бодь интернэшнлд 26.3 сая ам.долларын нүүрс нийлүүлж, 63.5 сая ам.доллар буюу 187.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлүүлсэн. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ зарсан бол 187.5 тэрбум төгрөгийг олох боломж байсан. Бодь интернэшнлд давуу эрх олгосон байгаа. Хэрвээ гэрээг зогсоох юм бол 20 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг "Эрдэнэс Тавантоглой" компанид төлнө гэсэн байгаа" гэлээ.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч эхлэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нууцалсан гэрээн дотор байгаа ханшийн эрсдлийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцахаар заажээ. Ямар гэрээ гэхлээр ийм байдаг юм бэ. Сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн санхүүжилтээр барих болбол гүйцэтгэгч компани нь Сангийн яамны гадаа дугаарладаг, ханшийн зөрүүнээс үүссэн хохирлыг гүйцэтгэгч өөрөө хариуцдаг. Гэтэл "Бодь интернэшнл"-тэй байгуулсан гэрээнд хэрвээ та үүргээ гүйцэтгэж санхүүжилт өгөөгүй нөхцөлд нүүрсний 20 хувийг гүйцэтгэгч компанид өгөхөөр нууцалсан байна. Ичиж үхмээр гэрээ.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: Гэрээг улсын нууцад, төрийн нууц гээд авчихсан учраас Зам тээврийн хөгжлийн яаманд ч үзүүлдэггүй, танд хамаагүй гэж явж ирсэн юм билээ. Ингэж явж болохгүй гэдэг үүднээс олон төмөр замыг нэгтгэсэн. Шахаж, хэл ам таталж байж, гэрээ санхүүжилтийн талаар мэдээлэлтэй болсон. Нууцаас гаргасан гэрээ нь зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтыг барьж байгуулахтай холбоотой асуудал. Бараа материал нийлүүлэлтийн гэрээ ил болж, яригдах ёстой. Салбар хариуцсан яам нь ч мэддэггүй байсан асуудлыг танд сая танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Гэрээний нөхцөлүүдийн талаар Засгийн газарт танилцуулаагүй, компани хооронд яриад хийсэн байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д ч мэдээлэл өгөөгүй.

“Эрдэнэс Тавантолгой” компанид санхүүгийн олон зөрчил байсныг БЭТ-өөр томилогдсон үеэс таслан зогсоосон.

Жишээ татвал, 70 тэрбумын ажил гүйцэтгэхээр гэрээлснээ 20 тэрбумыг урьдчилж өгөхөөр гарын үсэг зурах гэж байхад нь таван хүнийг холбогдуулан АТГ-т шалгуулахаар өгсөн.

Тендерт компани шалгарчихаад байхад гэрээ байгуулдаггүй. Яагаад гэрээ байгуулдаггүй нь тодорхой бус. Гэрээ байгуулахгүй байсаар хугацаа дуусдаг, тэгэнгүүт өмнөх компаниудын гэрээг тендергүйгээр үргэлжлүүлж хийж ирсэн байдаг. Тийм учраас энэ асуудлыг хариуцаж байсан хүмүүсийг чөлөөлж, шалгуулахаар АТГ-т өгсөн.

“Бодь интернэшнл” дээр ханшийн зөрүүнээс үүссэн эрсдлийг “Эрдэнэс Таватнолгой” 100 хувь хүлээхээр заасан нь эрсдэлд оруулж байгаа. Ханш дээр бол төрийн өмчит компанийг эрсдэлд оруулсан, илт давуу байдал үүсгэсэн. Тухайн үеийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд энэ асуудлыг Засгийн газар, холбогдох төрийн байгууллагад танилцуулж байсан бол ийм байдалд орохооргүй байсан.

“Эрдэнэс Тавантолгой” компани ханшийн зөрүүнээс үүссэн 20 хувийн торгууль алданги хүлээнэ гэдэг нь нүүрсээ хөнгөлөлттэй үнээр өгөөд, урьдчилж өгөөд, торгууль төлөхөөр байгаа нь төрийн өмчит компани үр ашигтай байх зарчмыг алдагдуулсан гэрээ юм.

Төлбөрөө урьдчилж төлдөг хэрнээ гүйцэтгэлийн хяналт байхгүй, ажил нь яаж хийгдсэн бэ гэдэгт хяналт тавьдаг газар байдаггүй. Жишээ татвал, “Эрдэнэс Тавантолгой” компани уурхайд 300 гаруй ажилчдын байр барьж байна. Хувийн компанийн барьж байгаа байрыг ашиглалтад оруулахын тулд дотор заслыг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид хийсэн асуудал байгаа. Мөн гэрээ байгуулаагүй, аман шийдвэрээр ажлыг нь хийлгүүлчихсэн асуудал ч байна. 700 гаруй сая төгрөгийн ажлыг хувийн компаниар гэрээгүй, амаар хийлгэсэн байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ажил гүйцэтгэх гэрээг нууцлалд оруулаад наргиж цэнгэдгийг одоо УИХ, Засгийн газар мэдэж байна. Ийм хөгийн тогтолцоотой.  “Бодь интернэшнл”-ийг гадагшаа яваад гэрээ байгуулаад ирээ гэвэл алаад өгөхөөр байгаа биз. Төртэй гэрээ байгуулаад яаж самардаг юм бэ гэдгийн бодит жишээ энэ.

Ордон дотор нэвт яригдаж байсан, “Атар өргөө” компанийн Атар талхыг 27500 төгрөгөөр нийлүүлсэн гэдэг. Тухайн үед Атар талх 1200 төгрөг байсан. Өртөгтэйгээ харилцуулбал 40 дахин их үнээр нийлүүлсэн. Иймэрхүү туслан гүйцэтгэгч нарын мэдээлэл та бүхэнд байна уу. Ийм байдлаар хулгай яваад байгаа байхгүй юу.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: “Бодь интернэшнл”-ийн төмөр замын төслүүд дээр туслан гүйцэтгэгчтэй холбоотой мэдээлэл “Эрдэнэс Тавантолгой”-д байхгүй. “Тавантолгой төмөр зам” компанид байхгүй бол. Туслан гүйцэтгэгчийн мэдээлэл битгий хэл ажлынх нь гүйцэтгэлийн мэдээлэл ч “Эрдэнэс Тавантолгой” компанид байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ ч арай хэтэрчээ. Хэрвээ Монголын ард түмэн хөхөө өвлийн хүйтэнд гарч жагсаагүй бол энэ их хулгай илрэхгүй байжээ. Гадаа зогсч байгаа мянга мянган залуустаа талархах хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” компани дээр хэчнээн оффтейк гэрээ байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг ил болго. Өшөө ч цаашаа хулгай их гарах байх. Ийм их мөнгө идэж уучихсан. Сүүлийн зургаа долоон жил нягт нямбай луйвардсан байна. Хулгайч нараа зарлах юм уу, мэдэхгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс, Засгийн газраас холбогдох хүмүүс энэ хуралд суух ёстой. Монголын ард түмэн энд ирчихсэн асуух гээд сууж байгаа.

Саяны гаргаж байгаа мэдээллийг хар л даа. Гадаадад нэгдүгээр зэрэглэлд хамаардаг замыг гуравдугаар зэрэглэлд оруулж, гөлөг төөрүүлэх гэж байгаа юм шиг төөрүүлсэн байна. Олон арван жил хулгай хийх суурийг гадна, дотныхон бэлдсэн юм биш үү. Маш их бодож боловсруулсан луйвар хулгай болжээ, дэлхийн бүх хэвлэлүүд шуугиж байна.

Алдагдсан боломжуудыг тооцож үзсэн үү. Хэдэн үеэрээ Монголын ард түмэн хохирчилхлоо. Нүүрсний үнэ өндөр байх үед энэ гэрээг хийгээд хэдхэн хулгайч завшчихлаа. Хятадаас мэдээлэл авсан уу, энэ бүх хулгайч нар гадаадынхны барьцаанд орчихлоо. УИХ, Засгийн газар яагаад ийм хулгай гаргуулчихсан юм. Цаашдаа ийм хулгай гаргахгүйн тулд олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай, Бүрэн эрхт төлөөлөгч томилж, аргалж болохгүй гэж үзэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд долоон гэрээ ил болгосныг тав нь оффтейк гэрээ. Таван оффтейк гэрээтэй холботойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани 5-13 хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрсээ өгсөн. Энэ гэрээтэй холбоотойгоор 63.5 сая ам.доллар буюу 187.5 сая төгрөгийн ашгийг давуу байдал үүсгээд “Бодь интернэшнл”-д өгсөн. Энэ бол оффтейк гэрээтэй холбоотой.

“Эрдэнэс Тавантолгой”  компани “Чалько” компанитай 2011 оноос эхлээд гэрээ хийсэн байдаг. Гэрээгээр 248 сая ам.долларыг урьдчилж авсан, өнгөрсөн арваннэгдүгээр сард барагдуулаад 405 сая ам.доллар үлдсэн. Тодруулбал, 2011 онд 250 сая ам.доллар, 2012 оны тавдугаар сард 70 сая ам.доллар, мөн онд 30 сая ам.доллар авсан байдаг.

Үүнээс гадна  “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө мэдээд мөнгийг урьдчилж авдаг гэрээнүүд хийдэг байсан. ТУЗ-даа танилцуулаад 250 сая ам.доллар авсан байдаг, өөр ямар нэг нууцын зэрэглэлтэй гэрээ байхгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж