Афганистаны нийслэл Кабул хотод өчигдөр /2022.12.12/ үдээс хойш хятадууд голдуу байрладаг зочид буудал руу галт зэвсгээр халдлага үйлдсэн хэрэг гарчээ. 1.5 км хүрэхгүй зайд байрлах эмнэлэгт 21 хүнийг хүргэсэн боловч гурав нь замдаа нас барсан байна. Цахим сүлжээн дэх зургаас харахад тус барилгын ханан дээр хятад ханзаар бичсэн байжээ. Энэ хэрэг болохоос нэг өдрийн өмнө Хятадын Элчин сайд Ван Юй Кабул хотноо Талибаны дэглэмийн Гадаад хэргийн дэд сайд Шер Мохаммад Аббас Станикзайтай уулзсан. Энэ уулзалтын үеэр тэр Хятадын Элчин сайдын яамны аюулгүй байдалд илүү их анхаарч ажиллахыг уриалжээ.
“Үдээс хойш 14:30-ийн үед Кабул хотын Шар-э-нау дүүрэг дэх нэгэн зочид буудал халдлагад өртсөн. Зочид буудал дотор гадаадын иргэд болон уугуул афганчууд байсан” гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Халид Задран хэлэв.
Бичлэгээс харахад барилгын доогуур давхрын цонхноос өтгөн утаа суунаглаж, гал гарч байжээ. Зочид буудлын эсрэг талын байрнаас авсан өөр нэг бичлэгээс харахад хэдэн хүн цонхоор гарч байсан. Тэдний нэг нь агааржуулагчаас зуурч хэсэг тогтсон боловч өндрөөс унажээ. Хоёр гадаадын иргэн цонхоор зугтаж, хөнгөн гэмтэл авсан гэж Талибаны дэглэмийн хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахид хэллээ.
Халдлагын хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй байна. Тус улсад гадаад улс руу чиглэсэн халдлага сүүлийн үед нэг бус удаа гарсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Кабул дахь Пакистаны Элчин сайдын яам руу зэвсэгт этгээдүүд халдаж, хамгаалагчийг нь шархдуулжээ. Энэ халдлагыг “ISIS-K” бүлэглэл үйлдсэн. Мөн ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа есдүгээр сард амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн удаатай. Энэ хэргийн улмаас Оросын хоёр дипломатч амь үрэгдсэн.
“Талибаныг шууд болон шууд бусаар дэмждэг улс орон, хувь хүмүүсийн эсрэг халдлага нэмэгдсээр байх болно” гэж улс төр судлаач Ахмад Саиди хэлжээ.
Эх сурвалж: CBS NEWS
Холбоотой мэдээ