"Ч.Хүрэлбаатар шударгын баг өмсөх инээдтэй санагдахгүй байна уу"

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

"Ч.Хүрэлбаатар шударгын баг өмсөх инээдтэй санагдахгүй байна уу"

"Ч.Хүрэлбаатар шударгын баг өмсөх инээдтэй санагдахгүй байна уу"

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Монгол Улсад баян, хоосны ялгаа улам ихэсч байна. Та өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байна гэж дүгнэж байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсад хэд хэдэн хямрал нүүрлэчихээд байна. Миний мэдэхийн манай улсын эдийн засаг ийм хүчтэй “шок”-нд орж байсныг огт санахгүй байна. Эдийн засаг нь агшаад зогсохгүй өндөр инфляци дагалдаж, ийм хос сөрөг үзүүлэлт давхцахыг стагфляц гэж нэрлэдэг. Тэгвэл Монгол Улс стагфляцид нэрвэгдээд зогсохгүй өрийн хямрал нүүрлэжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах нэн хүнд. Нийт 3.4 сая хүнтэй манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) ердөө 13 тэрбум ам.доллар хэрнээ нийт өр 33.9 тэрбум ам.долларт хүрчээ.

Өнөөгийн эрх баригчид 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөг хол давлаа.

Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 92 хувьд хүрснийг Дэлхийн банк анхааруулсаар байна. Ийнхүү Монгол Улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигджээ. Өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж, улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувираад байна.

2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 оных 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жилийнх 2.4 их наяд төгрөг байхаар тооцсон байдаг. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх “харалган шийдвэр” гаргажээ. Төсвийн ийм их хэмжээний алдагдал инфляцийг хөөргөж, үнэ өсгөж буй нь бага орлоготой болон тэтгэврийн насны ахмадуудын амьдралд туйлын сөргөөр нөлөөлж байна. Ийнхүү төсвөөр дамжин үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах зэрэг олон муу үр дүн гарч байна. Дундаж давхарга үндсэндээ үгүй болж, нийтээрээ ядуурч байна.

"ОФФТЕЙК ГЭРЭЭНД НҮҮРСИЙГ АМНААС НЬ НЭГ ТОННЫГ 60-114 АМ.ДОЛЛАРААР ТООЦСОН БАЙНА"

-Цар тахал, Орос-Украины мөргөлдөөн, геополитикийн асуудал зэрэг олон хүчин зүйлээс үүдэн дэлхий даяар инфляци өндөр, эдийн засаг хүнд байна. Монголын хувьд эдийн засгийн хүндрэл бий болсон үндсэн шалтгаан юунд байна вэ?

-Эрх баригчдын яриад байгаа шиг эдийн засгийн хувьд үүсээд буй хүндрэл зөвхөн Covid, эсвэл Орос-Украины дайнаас шалтгаалсан зүйл огт биш. Харин зургаан жил Засгийг удирдаж буй хэт олонхын Засгийн газрын төсөв, санхүүгийн үрэлгэн, тооцоо судалгаагүй олон шийдвэр, мөнгөний бодлого төсвийн бодлоготойгоо огт уялдахгүй байгаа гээд тоочвол маш олон дотоодын хүчин зүйлээс шалтгаалсан. Нэмж хэлэхэд оффтейк гэрээ тойрсон авлигын асуудал байна.

-Гадаа -30 хэм хүрч хүйтэрч байгаа ч иргэд хүйтнийг үл ажран, ес дэх өдрөө жагсаалаа үргэлжлүүлж, “нүүрсний хулгайчид”-ын нэрсийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Газрын баялаг ихтэй ч иргэдийг “үгээгүй ядуу” амьдруулж байгаад асуудлын гол байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Иргэдийн орлого сүүлийн хэдэн жилд огт өсөөгүй хэрнээ амьдрал нь үнийн өсөлтөд туйлдаж байгаа нь жагсаал болох үндсэн шалтгаан болсон гэж би харж байна. Эхлэх шалтаг нь эрх баригчдын хэрээс хэтэрсэн шударга бус үйлдэл буюу “Нүүрсний хулгай”. Эрх баригчдын авлига гаарч, энэ нь нүүрсний хулгайгаар илэрсэн. Өнөөдөр ямар хэмжээний хулгай гарчихаад байгааг төр засаг нь ч тодорхой мэдэхгүй байна.

Сангийн сайд сүүлийн арван жилийн хугацаанд зөвхөн нүүрсний тээврээс жилд 1-1.5 тэрбум ам.доллар алдагдаж байгаа талаар мэдэгдсэн.

Тэгэхээр Монгол Улсын ДНБ-ий хэмжээтэй хулгайн асуудал яригдаж байна гэж ойлгож байна. Ерөнхий сайд ч ийм мэдэгдэл хийж байсан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК хувьд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 2021 он хүртэл нийтдээ 83.5 сая тонн нүүрс олборлож, 76.6 сая тонн нүүрс экспортолж, 9.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлж, 2.3 их наяд төгрөгийн татвар хураамжийг улсын төсөвт хуримтлуулсан гэсэн статистик байсан. Эндээс харвал, 440 их наядын хулгай гарах боломжгүй.

-Ер нь оффтейк гэрээнд нүүрсийг хэдэн ам.доллараар тооцсон байна вэ?  

-Нүүрс зах зээлд 600 ам.доллар давсан. Оффтейк гэрээнд нүүрсийг амнаас нь нэг тонныг нь 60-114 ам.доллараар тооцсон байна лээ. Эндээс ямар их зөрүү гарч байгааг харж болно. Эдийн засагт бизнесийг урт хугацаанд амжилттай санхүүжүүлэхийн тулд оффтейк гэрээг ашигладаг. Гэтэл төрийн өндөрлөгүүдийн оролцоотой энэ бизнесийг нууцын зэрэглэлд оруулна гэдэг бол байж боломгүй үйлдэл. Ийм нууц гэрээ байгаа талаар анх ОУВС зарласан. Статистик дүн харахаар өмнөх жилүүдээсээ их хэмжээний валют олж буй мэдээ байсан боловч  яагаад манай зах зээлд валют хомсдож үнэд оров гэдэг асуултын хариуг энэ оны есөн сард ОУВС-гийн гаргасан тайланд маш тодорхой зарласан юм. Тэрхүү тайланд, “Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Эндээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болжээ. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг өсгөнө. Олон нийтэд эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, яг одоо хэрэгжүүлэх ямар шаардлага байгааг сайтар тайлбарлах шаардлагатай” гэж бичсэн байсан. Ингэж л анх нүүрсний нууц гэрээний асуудал нийтэд ил болсон юм.

"УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ ОЛОН ЖИЛЭЭР ГАЦААХ ГЭРЭЭ ХИЙСЭН ДАРГА НАРТ ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХИЙГ ХАРЖ БАЙЯ"

-Үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй, онц чухал мэдээллийг төрийн нууцад авдаг. Гэтэл бизнесийн, нүүрсний арилжааны гэрээ яагаад төрийн нууцад орчихов гэдэг нь анхаарал татаж буй юм. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Санал нэг байна. Арилжааны гэрээг төрийн нууцад авна гэж юу байх вэ. Монгол Улсын түүхэнд хар толбо болж үлдэх энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг Монголын нийт иргэн төдийгүй дэлхий нийт нэн анхааралтай харж байна. Бүр 2011 онд сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор "Эрдэнэс-Тавантолгой" ХК БНХАУ-ын "Чалко" компаниас "Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй"-гээр зээлийн урьдчилгаа төлбөр авч байжээ.

С.Батболдын Засгийн газрын үед “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан “Эх орны хишиг” нэрээр иргэдэд сар бүхэн тараадаг 21 мянган төгрөгийг өгөхийн тулд “Тавантолгой”-н нүүрсийг барьцаанд тавьж, 350 сая ам.долларыг Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны үйлдвэр болох “Чалко”-гоос зээлсэн юм.

2008-2012 оны хооронд Монгол Улсын Засгийн газар 2008 оны улстөрчдийн амлалтыг биелүүлэхийн төлөө “Эрдэнэс-Тавантолгой”-н нэрээр 350 сая ам.доллар, “Оюутолгой”-н нэрээр 250 сая ам.доллар, “Эрдэнэт”-ээс 200 тэрбум төгрөг гээд, нийтдээ 800 сая ам.доллар зээлж, бэлэн мөнгө хэлбэрээр тараачихсан. Энэхүү 350 сая ам.долларын үлдэгдлийг 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулж байжээ. Ийм асуудалд эртхэн хариуцлага тооцож чадсан бол байдал ингэтлээ даамжирч дордохгүй байх байсан. Одоо гэм буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны асуудал болж хувирсан. Талх хулгайлсан хүүхэд 10 жилийн ял авсан. Улс орны эдийн засгийг олон жилээр гацаах гэрээ хийсэн дарга нарт ямар хариуцлага хүлээлгэхийг харж байя.

-Нууцад 2022.12.09-нд авсан оффтейк гэрээнүүдийн талыг нууцаас гаргаад, талыг нь нууц хэвээр үлдээжээ. Эдгээр гэрээнүүдийг нууцад авах үед У.Хүрэлсүх Ерөнхий сайдын дараа нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын засгийн газар  ажиллаж байсан учраас тэд хамт хариуцлага хүлээх ёстой биз дээ?

-Ийм шийдвэр гаргасан төрийн өндөрлөгүүд өөрсдөө тайлбар хийх ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасны дагуу Засгийн газраас шийдвэр гарч "но"-той гэрээнүүдийг нууцын зэрэглэлтэй болгосон. Тиймээс төрийн өндөрлөгүүдийн шийдвэр ийм байдалд хүргэсэн гэж үзэхээс өөр аргагүй. Чухам ямар нөхцөл байдлын улмаас улс орны эдийн засагт хохирол учруулах гэрээ хийснээ тайлбарлах ёстой. Ийм том хулгайг өнөө цагт статистикийн тооноос нь тооцоод л гаргачих боломжтой. Тухайлбал, 2019 оны статистикийг харвал, нүүрсээ борлуулаад 3 тэрбум ам.доллар олсон. Тэр үед ханш тогтвортой,  гадаад валютын нөөц 4 тэрбум ам.доллар давж байв.

2022 оны 10 сарын байдлаар нүүрсний борлуулалт 5 тэрбум ам.доллар давсан байхад үндэсний валют төгрөгийн ханш суларч, гадаад валютын нөөц эрс багассан. Эндээс дүгнэхэд манай зах зээлд гадаад валют орж ирэхгүй, хомсдол үүссэн байна.

Ийм учраас ам.долларын ханш чангарчээ. Иймээс оффтейк гэрээтэй холбоотой асуудал байгаа гэдэг нь тодорхой юм. Гадаад валютын ханш чангарахаар үнэ өснө. Энэ нь орлого багатай иргэдийн амьдралд хүнд дарамт болж байна.

Мөн дэлхийн зах зээлийн ханшаас хэд дахин бага үнээр гэрээ хийж, улсынхаа эдийн засгаа нэг хорлож. Дараа нь хэт өндөр үнээр төмөр зам барьж давхар хохироожээ. Цаашилбал, манай бизнест шударга бус өрсөлдөөнийг төрийн нууцад оруулах замаар бий болгожээ. Энэ бүхэн нь дэлхий нийтэд ил болсноор манайхыг зорих гадаадын хөрөнгө оруулалт үгүй болж таарна. Ямар ч хөрөнгө оруулагч мафижсан эдийн засагт хөрөнгөө оруулахгүй. Энэ бүхний хохирол нэг хоёр биш, арван жилээр яригдаж, ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд асар их тээг, гай болох нь нэн тодорхой болчихлоо.

-Нууцаас гаргасан гэрээнүүдэд төмөр зам, дагалдах барилга угсралттай холбоотой нэлээн хэдэн гэрээ багтжээ. Нууцад үлдсэн гэрээнүүд нь Хятадын төрийн өмчийн “Чалко” компанитай байгуулсан нүүрс борлуулах гэрээ, мөн төрийн өмчийн “Норинко” компанитай байгуулсан баяжуулах үйлдвэр, нефть дамжуулах хоолойн томоохон гэрээнүүд байгаа юм билээ. Нийт дүн нь тэрбум ам.доллараас ч илүү давах байх гэсэн мэдээлэл байна. Та юу хэлэх вэ?

-Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбоотой оффтейк гэрээний үнийн дүн 1.2 тэрбум ам.доллар, “Богдхан төмөр зам”-ын гэрээ 670 сая ам.доллар, “Богдхан төмөр зам” төслийн туннель болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ гэхэд л 734 сая ам.доллар гээд цааш үргэлжилнэ. Зөвхөн энэ гурван гэрээ хоёр “Чингис” бондын мөнгөтэй тэнцэж байгаа биз? “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зориулан 357 тэрбум төгрөгийн,  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 308.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэж байсан. Гэтэл нэмээд оффтейк гэрээний асар өндөр дүнтэй гэрээ хийгдсэн байна.

Зарим нүүрсний оффтейк гэрээг өнөөг хүртэл нууцалсаар байна. Нэмээд “Эрдэнэт”-ийн зэсийн хүдэртэй холбоотой ийм гэрээ гараад ирэх юм биш биз дээ гэж санаа зовж сууна. МАН долоон жилийн хугацаанд төрийг бүхэлд нь хулгай, авлигад живүүлсэн. Үүнийг олон улсын авлигын эсрэг байгууллагын гаргасан статистик ч баталдаг. Нүүрсний хулгай бол энэ системийн нэг эрэг, шураг төдий юм.

"Ч.ХҮРЭЛБААТАР ИЙМ ШУДАРГА ҮНЭНИЙ БАГ ӨМСӨХ НЬ ИНЭЭДЭМТЭЙ САНАГДАХГҮЙ БАЙНА УУ?"

-Жагсаалын цаад зорилго Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах гэж зарим хүмүүс хэлж байна. Эрх баригч намынхны хоорондын зодоон ч гэж үзэх хүмүүс бий. Засгийн газрыг огцрууллаа гээд ямар үр дүн гарах вэ?

-“Загас толгойноосоо өмхийрдөг” гэж ярьдаг. Төр гээч юм байгаа юм бол нүүрсний хулгайгаа нэн даруй таслан зогсоох учиртай. Монголын 3.4 сая иргэний өмнө УИХ-ын тэнхимд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ гишүүн Ж.Мөнхбат нар хоорондоо хэрэлдэхэд нүүрсний хулгайн талаар хөндөгдөж, нэгнээ хулгайчаар нь дуудаж байсан нь саяхан. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед дэлхийн улс орнуудын түүхэнд гарч байгаагүй том дүнтэй хулгай гарлаа. Тиймээс огцрох нь зүйд нийцнэ. Намын “зодоон” гэх маягаар хандвал харин ч асуудал хүндэрнэ гэж би бодож байна.

Он гартал энэ янзаараа явбал Засгийн газар урд өмнө учирч байгаагүй том тэмцэлтэй нүүр тулна. Тэр нь өлссөн ард түмэн байх болно.

Иргэдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ашгийг нөхөж өгөхөөс эхэлж шударга ёс ялах учиртай. Тус компанийн хувьд 2017 онд 461 тэрбум, 2018 онд 807 тэрбум, 2019 онд нэг их наяд 35 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2019 онд нэг удаа иргэдийн нэгж хувьцаанд 90 төгрөг олгож байсан. Тэгвэл сүүлийн гурван жилд огт ногдол ашиг оногдсонгүй.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийчихвэл эрүүл хүмүүс УИХ, улс төрд орох боломж нээгдэж, гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Шүүх нь хараат бус болно гэж үзэж зарим хүн байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?

-Өнөөгийн сонгуулийн хууль мөнгөтэй хүмүүст зориулагдсан хууль. Та нар парламентад сууж буй гишүүдээ нэг сайн хараарай. Эрдэмтэд байна уу, инженерүүд байна уу? Сонгуульд ихээхэн хөрөнгө зарцуулж гарч ирсэн хүмүүс мөнгөө олж авахыг бодож таарна. Миний хувьд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд сайн сайхан болчихно гэж бодохгүй байна. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, пропорционалиар сонгох хувилбар дэмжигдлээ гэхэд бүх хулгайч нь намын нэрээр ороод ирнэ. Төрд хулгай нүүрлэсэн үед шударга шүүх, шударга сонгуулийн талаар мөрөөдөх хэрэггүй болов уу.

-Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Х.Баттулга бол нүүрсний хулгайн автор. Монгол төрийн эмгэнэл" гэж хэлсэн. “Нүүрсний хулгай”-н хэргийг хоёр нам бие бие рүүгээ чихээд, цөөхөн хүнийг шалгаж, хорьж, шийтгэсэн болоод замхрах вий гэсэн болгоомжлол байна. Иргэдийн жагсаал үр дүнд хүрэх болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Ч.Хүрэлбаатар ийм шударга үнэний баг өмсөх нь инээдэмтэй санагдахгүй байна уу? “Хотгор шанага”-ын асуудал бол нүүрсний хулгайн бас нэгэн кейс юм шүү. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг чуулган дээр ярьж, нотлох баримтуудыг харуулж байсан. Энэ асуудлын үнэн мөнд бас хариулт өгөх цаг нь ирсэн. МАН Хөгжлийн банкны асуудлыг Ардчилсан намд тохоод, өөрсдөө уснаас цэвэр гарсан. Өнөөдөр асар их хэмжээний зээл авсан хүмүүс гишүүнээ, сайдаа хийгээд явж байгаа шүү. Түүн шигээ манай намын хоёр гишүүнд бүх муу муухайгаа наагаад өнгөрнө гэж бодож байвал санасных нь гарз гэж хатуу хэлмээр байна. Нүүрсний их наядаар яригдах хулгай “Covid”-ын үед гаарсан.

Манай иргэд их хэрсүү болсон. Олон ч удаа молиго үмхсэн, аргагүй биз. Тиймээс сүүлийн хоёр парламент дараалан хэт олонх болсон МАН дангаараа хариуцлагаа үүрэх ёстой. Иргэдийн жагсаал үр дүнд хүрэх ёстой. Ер нь он гараад өлссөн иргэд жагсах болов уу. Тэднийг зогсоох ямар нэгэн хүчин байхгүй.

Шри-Ланкад өлсгөлөн иргэд боссон. Үр дүн нь нэн хүнд байсныг бид бүхэн харсан. МАН энэ бүгдээс сургамж авч, Засгийн газраа нэн даруй өөрчилж, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлого цаг алдалгүй авах хэрэгтэй байна. Одоо МАН-ынхан ханаж цадвал ханаж цадахаар их хулгай хийлээ. Аливаа зүйл хэмжээтэй байдаг. Иргэд сонголтынхоо горыг амсч байна. Энэ бохир хулгайн системээс нэн даруй салахгүй бол тусгаар тогтнолоо ч алдах хүнд байдалд Монгол Улс орчихлоо. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал гэж ярьдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж