Шар тос нь МАН-д, шавхруу нь ард түмэнд…

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Шар тос нь МАН-д, шавхруу нь ард түмэнд…

Шар тос нь МАН-д, шавхруу нь ард түмэнд…

МАН эрх мэдлээ булаалдан, нэгнээ намнах ажиллагааны золиос нь “60 тэрбумын схем”, “ЖДҮ”, Хөгжлийн банкны хулгай гэх мэт хэргийн авторууд байснаас шударга ёсны тэмцэл байсангүй. Энэ мэт дотоод зодооны нэгээхэн хэсгийн “золиос” болсон хулгайч нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваа байв.

Түүний авлигаар олсон мөнгө болох 315.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 210.000.000 төгрөгийг "Эрдэнэс Монгол" ХХК-д олгохоор шүүхээс шийдвэрлэсэн. Гэвч Д.Хаянхярваа өнөөдөр бугуйндаа зүүсэн байршил тогтоогчийг эс тооцвол тарган мах идэж, үнэтэй сархад хүртсэн шигээ эрх чөлөөтэй яваа.

Учир нь тэр авлига авсан хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн.

Одоо дараагийн алхамд нь тушаа болж буй журмын нөхдөө золигт гаргахаар тэд ид ухаан бодлоо уралдуулж байна. Хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирав гэгчээр эрх баригчид өөрсдийгөө шүгэл үлээсэн, тэр дундаа Ерөнхий сайд гэж саймширч байна. Нүүрсний хулгай 12 жил орчим үргэлжилсэн байхад 8 жилийг нь өөрсдөө эрх барьсан хэр нь шилийн сайн эрээр Женког шивээд зарлалаа.  Х.Баттулга хэргээ задалвал МАН-ын эрх мэдэлтнүүдээс хэн нь холбогдоогүй байх бол… Хууль зүйн сайдын хэлснээр зөвхөн өчигдрийн байдлаар, нүүрсний хулгайтай холбогдож байгаа албан тушаалтнууд 5,4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдчихжээ.

Өнөөдөр тэд хэнийг “шонд өлгүүлэхээ” олон нийтэд зарлах аж. Түүнийг нь дагаж нулимах нэг хэрэг. Харин нүүрсний хулгайн автор нь төр өөрөө гэдгийг ухаарах нь өөр хэрэг….

Жагсагчдын дүйвээнээр эрх баригчид дараагийн бялуугаа зооглохоор нэгэн шийдвэрийг гаргасан нь Тавантолгой ХК-д зургаан сарын хугацаатай ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томиллоо. Бухимдсан жагсагчдыг хүчээр тарааж, онц байдал тогтоох саналыг танилцуулаад байсан нөхөр ийнхүү бүрэн эрхт төлөөлөгч болов. Сав хийвэл төрийг дөвийлгөж, хүний эрхийг мөлийлгөх тухай ярьж суудаг энэ залуу юу хийх нь тодорхой…

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоохдоо төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.

Үр дүнд нь иргэдийн цахилгаан дулааны мөнгийг төлүүлсэн ч түүний цаана ямар их цавчаа, шахаа хийсэн бэ гэдгийг бид төдийлөн мэдэхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийг төр мэдэлдээ авах гэсний ганцхан шалтгаан нь түүнд өмнөхийн адил зах зээлийн үнээс хэт өндөр үнээр шахаагаа хийдгээ үргэлжлүүлэх л байсан. Ц.Нямдоржоос эхлээд энэ үйлдвэрт ямар их хэмжээний бараа, бүтээгдэхүүн шахдагаа хээв нэг зарлаж суудаг нь Монголд энгийн үзэгдэл.

Өнөөдөр “Эрдэнэт”-ийн бодит байдал туйлын хүндэрч, зээл авах тухай ярьцгааж байна. “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ч ялгаагүй.

Төр аваад ид ачааллын үеэр цементийн хомсдол бий болгож, үнийг нь өсгөж, эдийн засгаа хорлосноос өөр гавъяа байгуулаагүй. Төр биш ард түмний, олон улсын аудит энэ үйлдвэрүүдийн дансны дэвтрийг шалгавал хэн нь тансаг зэрэглэлийн байр авч, хэн нь хүүхдийнхээ гадаадын сургуулийн төлбөрийг төлүүлж, хэн нь хэдэн төгрөгийн барааг хэдээр шахаж байгааг түвэггүй мэдэх болно. Н.Багабандиас эхлээд “Тимэм үг”-ээ хоёрхон жилийн өмнө шахаж л байсан. Иймэрхүү шахаа үргэлжилсээр л байгаа нь гарцаагүй.

Ийм байтал ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан “Хармагтай, Ноён уул, Асгат, Гутайн даваа, Тост, Тосон бумба зэрэг уул уурхайн алдагдсан ордуудыг Монголын төрд эргүүлж авах ажлыг хийж байгаа” гэж мэдэгдлээ.

МАН бүх зүйлийг төрд төвлөрүүлэхийг хичээж байна. Үүнийгээ улс төрийн явцуу бүлэглэлийн эсрэг хийж буй тэмцэл гэдгээр халхавчилж буй. Үнэндээ төрийн мэдэлд байгаа болохоор л хулгай хийх боломж олоод байгаа хэрэг. Хэрэвзээ хувийн өмч, эсвэл гадаадын хөрөнгө давамгайлсан байсан бол өнөөдөр нүүрсний хулгай гээч гарна аа, гонж. Оюутолгойн төсөл Монголын мянга мянган компанийг чирч яваа ч нүүрснийх шиг хэмжээний хулгай гарахгүй байгаа нь хулгай нь өөрсдийг нь алдагдалд оруулах учраас тэр. Тиймээс энэ бүх хулгайг зогсоох ганцхан арга зам нь хувьчлах. Гэтэл эрх баригчид жагсагчдын шаардлагаар далимдуулан өшөө олон орд, газрыг төрийн мэдэлд авахаар улайрч байна.

МАН-ын стэйтистүүд иргэдийн баялгийг, боломжийг хулгайлсан хулгайчидтай тэмцэхийн тулд төрд авах шийдвэрийг гаргаж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэж байна гэж чанга дуугаар зандарч байна. Гэтэл төр чинь өөрөө баялаг бүтээгч бус харин тэдний татварыг шимж амь зуудаг. Бид тэдний хүчин бус бидний хүчинд төр оршдог. Гэтэл төрийн албыг 30 хүртэл хувиар цомхотгоно гээд байсан төр өнөөдөр ямар олон давхар дээлтэй болж байгааг бодууштай.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар гэхэд л УИХ-ын гишүүнээс гадна ямар ямар албан тушаал хашиж буйг тоолоод үзвэл гарын арван хуруунд багтахгүй.

Боомтын сайдаас эхлээд боодогны сайд хүртэл албан тушаал энэ засагт бий болчихлоо. Нүүрсний хулгай ярих нэг хэрэг. Харин авлигачдыг өөгшүүлж, албан тушаалтнуудыг хаацайлж буй хялбаршуулсан журмаас эхлээд хуулийн цоорхойг бөглөж, хариуцлага тооцох нь бүр чухал хэрэг. Гэтэл энэ мэт хуулиас өөр хуулийг л өөрчлөхийг УИХ-ын дарга мэдэгдсэн. Төрд авч бус хувьд шилжүүлж байж төрийн хулгай зогсоно. Гэтэл дахиад авах жагсаалтаа танилцуулаад буй нь МАН хулгайтай тэмцэх бус хулгайгаа өргөжүүлэхийг л санаархаж байна. Ингэж буй ахуйд шар тосыг нь ардын тодотголтой нам нийлж, сэм хуйвалдагсад цөлмөж, шавхрууг нь ард түмэн долоосоор байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж