Жавар тачигнасан өвлийн хүйтэнд Б.Тулгынх өдөрт гурван удаа гэрээ галладаг. Зургаан шуудай түлшээ хэмнэхийн тулд зарим өдөр хоёр удаа галлана. Гадаа хүйтэн үед галлагаагаа нэмж, яалт ч үгүй гурван удаа буюу шуудай түлш түлдэг. Ингэж тооцохоор зургаан өдөр л гал алдахгүй, шахмал түлшээ хэрэглэдэг тухайгаа ярьж байв. Эднийх шиг айл нийслэлийн гэр хороололд олон. Иргэд модоор голдуу галлаж, түлшиндээ завсар хийдэг гэв.
Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулагч Б.Батсайхан "Хүйтэн өдөрт таван тонн шахмал түлшийг тэр дороо борлуулдаг. Цэг маань зам дагуу байрладаг учраас иргэдийн машин тасрахгүй. Иргэдийн хэлж байгаагаар долоо хоногт зургаан шуудай сайжруулсан шахмал түлш хаанаа ч хүрэлцэхгүй байна. Тийм учраас энэ тоогоо нэмж өгч болохгүй юу гэдэг санал гомдлыг их хэлдэг.
Ес эхлэхээр таван тонн түлш дээрээ нэмэлт захиалга өгдөг. Тэгсэн ч хаанаа ч хүрэлцдэггүй. Иргэд ихэвчлэн орой ажил тарах замдаа түлшээ худалдаж авдаг" гэсэн юм.
Өнгөрсөн 2020 оноос нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш худалдах журам гарсан. Энэ журмын дагуу гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлшийг борлуулж буй. Иргэдийн зүгээс шахмал түлшний тоог ядаж, 8-9 болгох санал гомдлыг хэлж байв.
Нийслэл хотын долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллаж байна. Эдгээрт өдөртөө 2700-3100 тонн шахмал түлш нийлүүлж, нөөцөд 98 мянган тонн түлш бий гэдгийг албаныхан хэлж байлаа.
Харин нэг айл өрхөд олгож буй зургаан шуудай түлшний тоог нэмэх боломжтой эсэх талаар "Тавантолгой түлш" компаниас тодруулахад "Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа, баталж өгсөн тооны дагуу нэг айл өрхөд зургаан шуудай шахмал түлш худалдаж байгаа. Энэ тоог нэмэх чиглэлээр тооцоо судалгаа хийж байгаа байх. Иргэдийн зүгээс ийм санал гомдол их ирдэг" гэдэг хариултыг өгсөн юм.
Иргэд түлшээ авахдаа цахим картаар авах ёстойгоос гадна нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах нормтой.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Басандорж "Сайжруулсан шахмал түлшний асалт дажгүй, илч нь сайн байна. Айл өрхүүдэд долоо хоногт зургаан шуудай нүүрс олгодгоо болимоор байна. Энэ л асуудал болж байна. Ядаж найм, есөн шуудай түлш болгож нэмж болдоггүй юм уу. Бид модоор голдуу галлаж байна. Одоо картаараа зургаан шуудай түлш авах гэж байна. Илүү түлш өгөхгүй шүү дээ. Утааны хувьд саарал утаа гарч байгаа. Өглөө оройдоо хоёр галласан ч зургаан шуудай нь хүрэлцэхгүй юм" гэв.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах шахмал түлшний борлуулагч Н.Энхмандал "Зарим иргэд долоо хоногт зургаан шуудай шахмал түлш хаанаа ч хүрэлцэхгүй байна гэдэг. Зарим нь бидэнд тэр бухимдлаа гаргадаг. Зарим нь болгоод л байдаг юм шиг байна лээ.
Ер нь иргэд хүрэлцэхгүй маягтай юм ярьдаг. Түлшний нэг карттай хоёр айлд бүр хүрэлцдэггүй байх. Дөрвөн хоногт таван тонн нүүрсийг зарж чадахгүй байлаа. Өчигдрөөс жаахан хүйтэрсэн чинь түлш сайн борлож байна" гэлээ.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Алтанзул:
-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажлыг хийж байна. Үүний нэг нь нийслэл, "Тавантолгой түлш” компанитай хамтран гэр хорооллын айл өрхийн түлж байгаа сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулахад түлхүү анхаарч буй. Түлшний үйлдвэрлэлийн технологийн хувьд бодит өөрчлөлтүүдийг оруулсан.
Өнгөрсөн хавраас хойш эрдэмтдийн зөвлөлтэй хамтран түлший хатаалт, барьцалдуулагч бодисын холилтын системд өөрчлөлтүүдийг оруулсан. Ингэснээр түдшний хатаалт сайжирч, утаа буюу нүүрсхүчлийн хий бага ялгардаг болсон. Хэвлэгч төхөөрөмжийн авч, шинэчилсэн учраас үйрч унахгүй болсон.
"Тавантолгой түлш” компани өөрсдөө гэрээлэгч компаниудтайгаа гэрээ байгуулж, түлшний барьцалдуулагчаа нийлүүлж байгаа. Заримыг нь дотоодоос, заримыг нь Хятадаас нийлүүлж буй. Бид барьцалдуулагчийн шинжилгээний дүнг сар бүр авдаг. Ингэхэд Монгол Улсын стандартыг хангаж байгаа. Өмхий үнэртэж байна гэдэг нь баяжуулсан нүүрс нь байгалиасаа 1-1.3 хувийн хүхэртэй. Тэгэхээр энэ хүхрийг угааж чадахгүй учраас хүхэр үнэртээд байгаа юм.
Эрдэмтдийн зөвлөл шохойн чулууны орцыг шахмал түлштэй хольж, барьцалдуулахад зуухандаа хүхэрээ барьж үлдэж байгаа юм. Өнгөрсөн жилийн өдийд агаарын бохирдол өндөр байсан. Учир нь сайжруулсан шахмал түлшний нөөц 40 мянган тонн хүрэхтэй үгүйтэй байсан. Өнгөрсөн жилийнхтэй энэ жилийн агаарын бохирдлыг харьцуулахад 10 орчим хувиар буурсан. Жилийн дунджаар үзвэл арай гараагүй байна гэв.
Нийт 25 килгограммын шуудайтай сайжруулсан шахмал түлшийг зах зээлд 3750 төгрөгөөр борлуулдаг. Албаныхан нэг шуудай шахмал түлш гурван шуудай нүүрстэй илчлэг чанараараа тэнцдэг тул нүүрснээс гурав дахин хэмнэлттэй гэдгийг онцолдог. Тиймээс нэг айлд долоо хоногт зургаан шуудай байх нь хангалттай гэдэг тайлбарыг өгдөг. Гэтэл амьдрал дээр идэр есийн хүйтэнд зургаан шуудай нүүрс хаанаа ч хүрэлцдэггүйг иргэд хэлж байна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ