БАЙР СУУРЬ: Монгол ажиллах хүчний хомсдолд орсон

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Монгол ажиллах хүчний хомсдолд орсон

БАЙР СУУРЬ: Монгол ажиллах хүчний хомсдолд орсон

Ажлын байрыг нэмэх, түүнд тохирсон ажиллах хүчийг тасралтгүй бэлтгэх хэрэгцээ шаардлага хөдөлмөрийн зах зээл дээр их бий. Гэвч бодит нөхцөлд хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуусын тоо жил ирэх бүрд буурч байгааг ажил олгогчид хэлдэг. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Дэлхийн банкнаас нэгэн судалгааг хийжээ. Тодруулбал, Монгол Улс эмэгтэйчүүд, залуучууд, хотын оршин суугчдын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн 10 жилд бий болгосноос олон, илүү сайн ажлын байруудыг шинээр бий болгох шаардлагатайг Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурджээ. Учир нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2000-2019 онд дунджаар 5.4 хувьтай байж, ажлын байр, бодит цалингийн хэмжээг өсгөхөд нөлөөлсөн байна. Дэлхийн Банкны танилцуулж буй “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ”-ний тайланд дурдсанаар цар тахлын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх багц арга хэмжээний ачаар эдийн засгийн огцом уналтаас сэргийлж чадсан ч 2021 онд хөдөлмөр эрхлэлт тав орчим хувиар буурсан байна. Тэгвэл тулгамдаж буй асуудал, сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулж хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлж, чанаржуулах талаар байр суурийг хүргэе.

СҮҮЛИЙН 25 ЖИЛД ЭДИЙН ЗАСАГ ТЭЛСЭН Ч ЦАЛИН ӨНДӨР АЖЛЫН БАЙР ДУТАГДАЛТАЙ БАЙНА

Дэлхийн банкны эдийн засагч ЯН ХУАН:

-Монгол Улсын Засгийн газартай хамтарч сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлын тайланг хэлэлцүүлж байна. Энэхүү судалгаа нь өргөн хүрээг хамарсан салбар дундын цогц судалгаа болсон. Хөдөлмөрийн зах зээлд олон талаас дүн шинжилгээ хийснээр цаашид зах зээлийг идэвхжүүлэх арга замыг эрэлхийлж байна.

 

 

 

 

 

 

Сүүлийн 25 жилийн хугацаанд эдийн засаг тэлсэн боловч орчин сайн, цалин хангамж өндөр ажлын байр дутагдалтай байна.

Судалгааны тайлангаас харахад Монголд үйлчилгээний салбарыг дэмжих нь хамгийн тохиромжтой. Ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засаг ч дагаад өснө. Тухайлбал, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх. Энэ нь худалдаа болон үйлчилгээний салбартаа уялдаад ажилгүй байгаа залуу үеийг дэлхийн зах зээлд гаргах, улс хоорондын хил дамнасан худалдаа үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой.

Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөдөө аж ахуйн салбарыг түлхүү дэмжих бодлого баримталж, судалж байна. Тиймээс тайландаа бид хөдөө аж ахуйг дэмжих нь эдийн засагт ямар өгөөжтэй болохыг тусгасан.

Дараагийн нэг асуудал бол ажлын байрны эрэлт, нийлүүлэлт. Ажил олгогчдын зүгээс тавьж байгаа ур чадвар болоод бусад шаардлагыг нийлүүлэгч тал хангахгүйгээс зах зээл дээр энэ орон зай байсаар байна. Тэгэхээр одоо юу тулгамдаж байна гэхээр эрэлтэд нийцсэн ур чадварыг бий болгох шаардлага. Мөн нөгөө талдаа ажил хайгчдын хүлээлтэд нийцсэн сайн цалин, орчин дутагдалтай байна.

АЖЛЫН БАЙР БАЙГАА Ч АЖИЛЛАХ ХҮЧИН БАЙХГҮЙ НӨХЦӨЛ УДААН ҮРГЭЛЖИЛЛЭЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.ЗУЛПХАР:

-Дэлхийн банкнаас хийсэн дүн шинжилгээ нь нэг талаар бидний өөрсдийн хийж байсан судалгаанд суурилсан. Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхтэй, хүртээмжтэй болгох талаар хийсэн судалгааг зах зээлд оролцогч бүхий л талуудыг хамруулан хийснээр онцлог. Тэгэхээр дүн шинжилгээний дүгнэлтүүдийг хэлэлцэж, шийдэл гаргалгааг олох нь чухал. Мэдээж зарим дүгнэлтүүдийн хувьд харгалзах зүйлс олон бий. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт.

Ажлын байр байгаа хэрнээ ажиллах хүчин байхгүй нөхцөл урт хугацаанд үргэлжилж байна. Тиймээс үүсч байгаа нөхцөл байдлыг давах хүрээнд одоо хэрэгжүүлж байгаа асуудлыг давах нь чухал.

Үүний тулд Засгийн газраас үүрэг болгосны дагуу ажил хайж байгаа иргэдийн ур чадварыг үнэлж, ажлын байр руу чиглүүлэх. Бид энэ ажлын хүрээнд 2022 онд 5000 гаруй иргэнийг ажлын байранд чиглүүлж, хөдөлмөрт зуучлаад байна.

Одоогийн байдлаар зах зээл дээр 30 гаруй ажлын байрны эрэлт байна. Тэгэхээр дунд болон урт хугацаанд асуудлыг шийдэхийн тулд боловсролын хөтөлбөрөөс эхлээд анхаарах хэрэгтэй.

Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг харгалзаж мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэх, эрэлт ихтэй салбарт суралцагчдыг идэвхжүүлэх зэрэгт анхаарна. Цаашид мөн нийгмийн тодорхой бүлгүүдэд бага байгаа хөдөлмөр эрхлэлт муу залуу үе, эмэгтэйчүүдийг хөдөлмөрт зуучилж ажиллана. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн орчинг бүрэн сайжруулах шаардлагатай. Ингэснээр нэг талдаа хөдөлмөрийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлж чадна.

2023 онд батлагдсан төсвийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх санд 90.4 тэрбум төгрөг баталсан. Энэ мөнгөний хүрээнд энэ жил хэрэгжүүлж байгаа долоон хөтөлбөр 28 арга хэмжээг үргэлжлүүлнэ. Мөн шинэ хөтөлбөрүүдийг ч гаргана.

Залуучуудыг ажлын байранд зуучлах, тогтвортой ажиллуулах хүрээнд орчин нөхцөл, боломжийг хангаж өгөх ажлуудыг мөн 2023 онд төлөвлөж байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ НАСНЫ БҮТЭЦ ЖИЛ ИРЭХ БҮР ЗАЛУУЖИЖ БАЙНА

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хамгаалал, ажлын байр хариуцсан ахлах мэргэжилтэн Н.МОНГОЛМАА:

-Тайлангийн гол онцлог нь өнгөрсөн үеийн чиг хандлагыг урт хугацаанд нь харж дүгнэх. Ингэснээр цаашдын үр дүнг тооцоолох, хамгийн гол сорилт, шийдлүүд нь юу байж болох вэ? гэдэг логикоор судалгааны тайланг боловсруулж бэлтгэж танилцуулж байна. Тайланд ашигласан бүх тоон мэдээ нь Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хийдэг хөдөлмөр эрхлэлтийн тоон судалгаа, аж ахуй нэгжүүдийн тооллого зэрэг эх тоон мэдээнд тулгуурлаж хийсэн.

Хамгийн сүүлийн мэдээллийн хувьд 2021 оны ажиллах хүчний тоон мэдээллийг ашигласан байгаа. Байгаа тоон мэдээллийн онцлогоос шалтгаалж аль болох сүүлийн онуудын датад дүн шинжилгээ хийж, хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэхэд анхаарсан.

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд өнгөрсөн хугацаанд ахиц дэвшил гарсан уу гэвэл мэдээж гарсан. Бүтцийн шинж байдал өөрчлөгдөж, тодорхой үзэгдлүүд явагдсан гэсэн үг. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд буюу Covid-19-өөс өмнөх жилүүдэд эдийн засгийн тогтмол өсөлттэй байсан. Ажлын байрууд ч нэмэгдсэн. Гэхдээ нийслэлд. Мөн цалин доогуур салбаруудад цалингийн өөрчлөлт орж эхэлсэн. Үүнээс гадна хотжилт хүрээгээ тэлснээр хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг агшилттай гарсан. Ийнхүү бүтцийн шинэчлэлт гарсан.

Ажиллах хүчний насны бүтэц жил ирэх бүрд залуужиж байна. Тэгэхээр цаашид Монголын зах зээлд сайн ажлын байрыг илүү олноор бий болгох шаардлага үүсч байгаа юм. Учир нь дээд боловсролтой хэдий ч ажилгүйчүүдийн эгнээнд орж байгаа залуус цөөнгүй бий.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн бүлгүүдэд эмэгтэйчүүдийн оролцоо буурч байна. Бусад улс орны залуучуудтай харьцуулахад монголд ажилгүй залуусын тоо өндөр. Эдгээрээс дүгнэж үзвэл ажлын байрыг бий болгох, ажилтнуудыг оролцоог нэмэгдүүлэх гэсэн хоёр том сорилт тулгарч байна. Ингэхийн тулд хувийн хэвшлээ дэмжиж тогтвортой аль болох уул уурхайгаас хараат бус ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Ингэснээр ажлын байрууд төрөлжинө. Дараагийнх нь экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс тээвэр логистик, татвар хураамж зэрэг асуудлыг шийдвэрлэх. Ингэж байж хөдөлмөрийн зах зээл илүү идэвхжих боломжтой.

ХЭТ ИХ АКАДЕМИК МЭДЛЭГТ АНХААРЧ ХҮМҮҮСИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ ГОЛ ШААРДЛАГЫГ ОРХИСОН

Боловсролын хөгжлийн Академийн удирдах зөвлөлийн дарга Р.БАТ-ЭРДЭНЭ:

-Хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхжүүлэхийн тулд боловсролын бодлого, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр боловсролын салбарын чанарт томоохон өөрчлөлт хийж байж ажиллах хүчийг бэлтгэхэд тулгамдаж зүйлгүй болно. Судалгаанд үндэслэсэн ажил хэргүүд ч эхнээсээ гарч байна. Тухайлбал, Боловсролын тухай багц хууль. Гэхдээ хууль батлахаас илүү хэрэгжих нь чухал.

Хууль байлаа гээд хэрэгжилт байхгүй бол боловсролын салбар, бүтэц шинэчлэлт амжилт олохгүй.

Бид боловсролын агуулга, хэт их академик мэдлэг, мэдээллийн өндөр ачаалалд анхаарсаар хүмүүсийг нийгэмшүүлэх гол шаардлагыг орхиод байгаа. Угтаа хүн бол харилцаагаар бий болдог амьтан. Хүмүүс ажил эрхлэхгүй, хамтрахгүй байна гэдэг нийгэмд итгэлцэл алдагдсан болохын тод жишээ. Ажил олгогчид өөрсдийн ажилтнаа хамтрагч гэж харж байна уу, түр зуурын ажил үйлчилгээ нийлүүлэгч гэж харж байгаа юу? гэдгээс хөдөлмөрийн зах зээлийн харилцаа тогтвортой байх эсэх нь тодорхой болно.

Байгууллага оршин тогтнож, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах бэхжилтийг хүн л бий болгодог.

Тэгэхээр нийгмийн бүх салбарт тогтолцооны болоод харилцааны гажуудал их байна. Бүхий л салбарт боловсролыг хэрэглээтэй болгох талаар ярьдаг. Үүнд зөвхөн өнөөдөр суралцаж байгаа залуус багтахгүй. Бүх хүн хамаарна. Зөвхөн цэцэрлэг, бага сургуульд боловсролын чанар гэгчийг яриад өөрчлөлт орохгүй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүмүүст мэдлэг, соёл, харилцаа хандлагын төлөвшлийг өгснөөр хөдөлмөрийн зах зээл илүү идэвхжинэ.

ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХҮСЭЛД НИЙЦЭХ АЖЛЫГ БАЙРЫГ БИЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев “Хөдөлмөрийн зах зээл нь өсөн нэмэгдэж буй ажиллах хүчнийг хангалттай тооны чанартай ажлын байраар хангах, ажилгүйдлийг бууруулахуйц эрч хүчтэй биш байгаа нь Монгол Улсад тулгарч буй гол бэрхшээл юм” гэдгийг тайланг танилцуулах үеэр хэлэв. Мөн тэрбээр, залуу, боловсрол өндөртэй болж буй ажиллах хүчин тасралтгүй нэмэгдэж байгаа ч тэдний хүсэл эрмэлзэлд нийцэх сайн ажлын байрыг олноор бий болгох нь чухал. Үүний тулд хувийн хэвшил чанартай ажлын байр бий болгохыг дэмжсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлэх нь зүйтэй” хэмээн онцолсон юм.

Тайланд дурдсанаар, 2021 оны байдлаар хөдөлмөрийн насны (15-аас дээш насны) хүн амын 60 хүрэхгүй хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцож, ердөө тал орчим хувь нь ажил эрхэлж байна.

Ажиллах хүчний оролцоо эмэгтэйчүүд, хотын оршин суугчид, дунд боловсролтой иргэдийн хувьд доогуур байгаа аж. Түүнчлэн залуучуудын, ялангуяа доогуур түвшний боловсролтой залуучуудын хувьд хөдөлмөрийн зах зээлд шилжих шилжилт тийм ч амар биш байна. Мөн дээд боловсролтой залуучуудын хувьд ч ажилгүйдлийн түвшин өндөр байгааг тайланд онцолжээ. Тиймээс стратегийн тэргүүлэх салбаруудад хангалттай тооны чадварлаг ажиллах хүчин бэлтгэгдэхгүй байснаар ур чадварын хомсдол бий болж байгаа нь бас нэгэн сорилт болж байгаа юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж