"Хөгжлийн банкны асуудлыг хойш тавья гэж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банкны асуудлыг хойш тавья гэж болохгүй"

"Хөгжлийн банкны асуудлыг хойш тавья гэж болохгүй"

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2022.12.12/ боллоо.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫГ 3 ХУВААН АВЧ ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-Хянан шалгах түр хороо хянан шалгах шинжээчдийн багийг томилоод, хагас сарын хугацаанд ажиллаж, нэлээд материал үзэж харсан. Үүнтэй холбоотойгоор хяналт шалгалтын нээлттэй сонсголыг гурав хувааж авч үзэх нь зүйтэй юм байна. Эхний сонсгол нь 2023 оны нэгдүгээр сарын 16-наас 20-ны ажлын өдрүүдэд. Хэлэлцэх асуудал нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгч болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан шинжээчдийн дүгнэлтийг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Хоёр дахь сонсголыг 2023 оны хоёрдугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд хэлэлцье. Үүнд Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага хөндлөнгийн хяналт, шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдлыг хэлэлцэх саналтай байна.

Гурав дахь сонсголыг 2023 оны гуравдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэлэлцэх саналтай байна. Үүнд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжин олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн үр дүн мэдээлэл сонсох, урьдчилсан болон нээлттэй сонсголуудын үр дүнг хэлэлцэх, Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсох зэрэг ийм асуудлуудыг хэлэлцэх саналтай байна.

"УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ БОЛОН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМААРАЛ БҮХИЙ 4000 ГАРУЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН 8000 ХУУДАС МАТЕРИАЛ ИРСЭН"

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-Хяналт шалгалтын цар хүрээ маш өргөн, ажил одоо ч үргэлжилж байна. Яг одоо ирсэн цаасан материал бидний одоо хуралдаж буй танхимыг бүтэн дүүргэхээр байна. Сая жагсаал цуглаантай холбоотой манай хянагч, шалгагч нар Төрийн ордноос орох гарах гээд хөл хорио болоод, хугацаа алдсан тал бий. Өчигдөр л гэхэд бүтэн сарын хугацаанд гарсан улс төрд нөлөө бүхий болон хууль хяналтын байгууллагуудын хамаарал бүхий этгээдүүдийн бүх мэдээллийг улсын бүртгэлийн газраас авсан. Нийтдээ 4000 гаруй хуулийн этгээдтэй холбогдох 8000 хуудас материал ирсэн. Энэ бүгдийг Хөгжлийн банкнаас зээл авсан, дамжуулан зээл авсан хуульийн этгээдүүдийг нэг бүрчлэн шалгах ажил эхэлнэ. Ингэхээр энэ ажил цар хүрээ өргөнтэй үргэлжилнэ. Үүн дээр шинээр хоёр шинжээч оруулмаар байна. Хүн хүчний хувьд үнэхээр хүрэхгүй байна. Энэ асуудлыг бүлэглээд, эхний сонсголоороо Хөгжлийн банкнаас шууд олгосон асуудлуудыг яръя.

Хоёр дахь асуудлаараа хөрөнгө оруулалтын шинжтэй асуудал, аудитын зөвлөмж, урьд нь гарсан зөрчил, дутагдал юу болов гээд нөхөж ярья. Зарим асуудлууд нь илэрсэн ч ямар үе шатандаа алга болов гэдэг цаг авах юм байна лээ. Гуравдугаарт, урьд нь огт ороогүй нэг асуудал бий. Дамжуулан зээлдэхээр авсан 2000 гаруй зээлийн асуудал бий. Өмнө нь гарч байгаагүй. Үүнийг нэг бүрчлэн шалгах нь зүйтэй гэж үзсэн. "Ажил хийвэл дуустал" гэдэг. Бүгдийг нь мухарлаж, ард түмэнд тайлагнана. Тиймээс үүн дээр цаг хугацаа харамлахгүй ярина. Яг яривал гурван долоо хоногт багтахаар байна. Хоёр сар бид тасралтгүй сонсгол хийх байдал ч гарч магадгүй харагдсан. Гол гол зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, үүн дээр нотлох баримтын хүрээнд хамаарал бүхий байдал тогтоогдсон учир гурван долоо хоногийн сонсгол заавал хийх юм байна гэж танилцуулж байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБООТОЙ, ШИЙДВЭР ГАРГАСАН БҮХ АЛБАН ТУШААЛТНЫГ ТҮР ХОРООНЫ ХУРАЛД ИРҮҮЛЖ, ОРОЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Энэ түр хорооны хуралд яг холбогдох албан тушаалтнуудыг бүгдийг нь байлгах тал дээр дарга анхаарах хэрэгтэй байна. Зохион байгуулаад, хүмүүсийг зүгээр цуглуулаад яриад тардаг биш, ялангуяа хуулийн байгууллагуудын дарга нарыг байлгамаар байна. Орлогч, газрын дарга нарыг биш АТГ-ын дарга, ерөнхий прокурор шаардлагатай бол ТЕГ, ЦЕГ-ын дарга нарыг байлгамаар байна. Иргэд эрх мэдэлтэй хүмүүст хариуцлага тооцохыг л хүлээгээд байна. Тиймээс энэ хэрэгт холбоотой шийдвэр гаргасан бүх албан тушаалтныг байлгах тал дээр анхаарах хэрэгтэй, заавал ирэх ёстой гэсэн үүрэг даалгавар өг. Нүүрсний хулгайн асуудал явж байгаа ч Хөгжлийн банкны хулгай бол цагаан захтнуудын хулгай шүү. 2 их наяд гэдэг бол том тоо шүү. Бодитой, эзэн нь тодорхой, гүйлгээгээрээ баталгаажсан хэрэг байгаа шүү. Нүүрсний том хулгай ярьж байхад Хөгжлийн банкны асуудлыг хойш нь тавья гэж болохгүй. Иргэд маань ч, хэвлэлийнхэн ч ач холбогдол өгөх нь зүйтэй.

"ОДООГИЙН БАЙДЛААР 1 САЯ ГАРУЙ ГҮЙЛГЭЭГ ШАЛГААД БАЙНА"

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн гар хөл шургалсан, нөлөөлсөн дараа нь хэргийг хэрэг биш болгосон гээд тэгээс нь эхлээд бид адаг хүртэл нэг бүрчлэн нээлттэй сонсголоороо ярих боломж гарна. Хяналт шалгалтын үеэр нэг тоо хэлье. Урьд нь шалгаж байгаагүй өргөн хүрээнд шалгаж байгаа. Нэг ч гүйлгээ хяналтын гадна үлдэхгүй гэсэн зарчмыг баримталж байгаа. Одоогийн байдлаар нэг сая гаруй гүйлгээг шалгаад явж байна. Шалгах хороог юу хийж байна вэ гэж асууж байна. Нэг сая гаруй гүйлгээг шалгаад байна. Өөрөөр хэлбэл, гарсан мөнгийг эхнээсээ эцэс хүртлээ хэрхэн зүсээ хувиргасаныг нотлох баримтаар эцэслэн тогтоох ажиллагаа явж байна. Энэ бүхэн нээлттэй сонсголоор тодорхой болно.

"ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭЗЭН БИЕТЭЙ ХЭРЭГ ДЭЭР УИХ-ЫН ЗАНГАРГИЙГ ХАРУУЛЖ ӨГӨХИЙГ ХҮСЧ БАЙНА"

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Хөгжлийн банкны энэ түр хороо бусад түр хорооноос илүү барьцтай. Учир нь эх үүсвэр, гарсан мөнгө, очсон эзэн нь тодорхой. Хэдэн төгрөгийн хүү бодогдох нь гараад ирнэ. Ийм барьцтай юмны ард гарч чадахгүй бол барьцгүй юмаар цохиж унагаагаад явна. Мөнгөний тоог ард түмэн ойлгохоо болилоо. Хүмүүсийн цалин, тэтгэвэр хэдэн зуун мянгаар яригдаж байхад өр, авлага нь тэрбум, 50 тэрбум, 100 тэрбум, сүүлдээ 40 их наядаар яригдаж байна. Нэгийн ард хичнээн тэг байгааг ч ойлгохгүй, мэдэхгүй байдалд нийгмийг самууруулж байна. Энэ төөрөгдлөөс цагаан цаасан дээр хараар буусан программтай, эзэн биетэйг хамгийн түрүүнд шалгаж УИХ-ын зангаргийг, түр хорооны чадвар чансааг харуулаасай гэж хүсч байна. Нийгэм, сошиалд хөтлөгдмөөргүй байна. Би гурван үе шаттай хуралдана гэдэг хол байна гэж л бодож байна. Аль болох богино, хоёр үе шаттай хуралдмаар байна.

"ХӨГЖЛИЙН БАНКНЫ НАЙДВАРГҮЙ БОЛСОН НИЙТ ЗЭЭЛИЙН 75 ХУВЬ НЬ ТУХАЙН ҮЕИЙН БОНДЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРЭЭР ОЛГОГДСОН НЬ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООГДСОН"

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-2012 оны анхны эх үүсвэр "Чингис" бондын санхүүжилтийг тухайн үед бодлогын зөвлөл гэдэг байсан. Бондын зөвлөл ч гэж ярьдаг. Энэ зөвлөл шийдвэр гаргадаг байсан. Энэ зөвлөлтэй холбоотой асуудал ер нь яригдаж байгаагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг нотлох баримтын хүрээнд гаргуулж авсан. Тиймээс энэ гол Хөгжлийн банкны найдваргүй болсон нийт зээлийн ¾ буюу 75 хувь нь энэ зөвлөлийн шийдвэрээр олгогдсон. Тиймээс ямар үндэслэлээр энэ зээлүүд олгогдсон бэ гэдгийг бодлогын зөвлөлийн гишүүдээс асууж, тодруулах хэрэгтэй байна. Нөгөө талаараа тухайн үед энэ Хөгжлийн банкны удирдлага, зээлийн дарга, шийдвэр гаргасан хүмүүсийг хэн томилсон юм бэ? Ямар үндэслэл, шалгуураар тухайн үед зээл гаргасан бэ гэдгийг холбогдох албан тушаалтнуудаас асуух шаардлага бий.

150 албан тушаалтнаас гурван долоо хоног гэж үзвэл нэг өдөрт 10-аас доошгүй албан тушаалтныг гэрчээр дуудан байцаах ажил байна. Тиймээс цар хүрээтэй ажил болно. Гурван удаагийн сонсголын яг аль дээр хэнийг дуудах эрхийг түр хорооны дарга, ажлын албанд өгөөч. Нэрсийг нь батлаад, аль өдөр, хэнийг нь дуудах вэ гэдгийг хурлын үйл явц байдлаас хамааран цаг минуттай ярина. Энэ олон хүнд хуулийн дагуу гурваас доошгүй хоногийн өмнө утас, хаягаар мэдэгдэнэ. Дуудаж буй хүмүүс хүндэтгэх шалтгаангүй ирээгүй тохиолдолд төрийн албанд ажиллаж байгаа нь Төрийн албаны хуулинд заасны дагуу огцрох, чөлөөлөгдөх хариуцлага хүлээнэ. Иргэдийн тухайд Зөрчлийн хуулийн дагуу торгуулна.

МоАХ-ны газрыг барьцаалахад гарын үсэг зурсан гэгдэж байгаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан, БХБ-ын сайд асан Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний зөвлөх Г.Аюулгүй нарыг дуудаж байцаах нь зүйтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж