Энэтхэг дэлхийн үйлдвэрлэлийг "базна"

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Энэтхэг дэлхийн үйлдвэрлэлийг "базна"

Энэтхэг дэлхийн үйлдвэрлэлийг "базна"

Хятадын “Тэг ковид” бодлогын улмаас сүүлийн 40 жилд анх удаа дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдаад байна. Олон компани геополитикийн эрсдэлээс зайлсхийхийг хичээхийн сацуу нийлүүлэлтийн сүлжээ нэг л улсаас хамааралтай байх ямар хор уршигтай болохыг ойлгосон юм. “Геополитикийн хурцадмал байдал дангаараа нийлүүлэлтийн сүлжээг ийм түвшинд хүргээгүй. Covid-19-ийн бодлого гал дээр тос нэмсэн явдал болсон” гэж зах зээл судлаач Ашутош Шарма хэлжээ.

Технологийн акул “Apple” компани л гэхэд Хятад дахь үйлдвэрлэлийн салбартаа хэт найдсанаар ямар үр дүнд хүрснийг бид өмнө нь мэдээлсэн. Хятад дахь “Foxconn” үйлдвэрт Covid-19-ийн халдвар дэгдсэнээр гэнэтийн хөл хорио тогтоож, үүнийг эсэргүүцсэн ажилчид ажил хаяж, зугтсан. Ажил хаялтын улмаас “iPhone 14” утасны нийлүүлэлт тасалджээ. Тиймээс “Apple” компани Азийн бусад орон руу үйлдвэрлэлээ шилжүүлэхээр шийдээд байна.

Түүнээс гадна аравдугаар сард АНУ дэвшилтэт чип үйлдвэрлэдэг Хятадын үйлдвэрүүдэд экспортын хяналт тогтоосон. Ингэснээр “Apple”-ийн томоохон нийлүүлэгч “Foxconn”-ийн шилдэг сонголт Энэтхэг болов. “Энэтхэг улс ажиллах хүчний арвин нөөцтэй, үйлдвэрлэлийн урт түүхтэй, аж үйлдвэр, экспортыг нэмэгдүүлэхэд засгийн газрын зүгээс дэмжлэг сайтай. Тиймээс үйлдвэрлэлийн тал дээр Энэтхэг улс Хятадаас илүү ашигтай эсэхийг олон компани судалж эхэлсэн” гэж мэргэжлийн хүн хэлж байна.

Энэтхэг бол дэлхийн хамгийн том ардчилсан орон. Тиймдээ ч нэг талаасаа тус улсад шийдвэр гаргах үйл явц амаргүй байдаг. Тус улсад иргэд нь харьцангуй залуу, эдийн засаг нь том тул үйлдвэрлэлийн хүчирхэг төв болох бүрэн боломжтой. Гэвч Өмнөд Азийн энэ улс хүнд сурталтай гэдгээрээ алдартай аж.

Дэлхийн улсуудад бизнес эрхлэхэд хэр хялбар байдгийг эрэмбэлсэн Дэлхийн банкны судалгаа байдаг. 2019 онд гаргасан эл судалгаагаар Энэтхэг улс 190 орноос 63 дугаарт оржээ. Ерөнхий сайд Нарендра Моди 2014 онд албан тушаалаа хүлээж авах үед тус улс 142 дугаар байрт байсан. Тэгэхээр 2014 оноос хойш нөхцөл байдал харьцангуй дээрдсэн гэсэн үг. Хятад улсын хувьд 2019 оны судалгаагаар 31 дүгээрт эрэмбэлэгдсэн юм.

Энэтхэг улс импортод татвар ногдуулах замаар дотоодын үйлдвэрүүдээ гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах тактикийг хэрэгжүүлж байсан түүхтэй. Энэ нь томоохон хөрөнгө оруулалтыг татахад саад болдог сөрөг талтай. Тодруулбал, Хятад улс өргөн цар хүрээтэй үйлдвэрлэдэг бол Энэтхэг улс ихэвчлэн ЖДҮ-д тусгайлан зориулсан зохицуулалтын улмаас төдийлөн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэж чаддаггүй.

Нарендра Моди 2014 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн санхүүгийн жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 83.6 тэрбумд ам.долларт хүргэжээ.

Хүн ам, газар зүй, сүүлийн жилүүдэд баригдсан дэд бүтэц гээд Энэтхэгт дэлхийн үйлдвэрлэгч болох олон давуу тал бий. Гэвч дутагдалтай тал ч бас бий. Хятад улс бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай бүх түүхий эдээ эх үүсвэрээс нь авч, өртгийн сүлжээг маш өргөн хүрээнд бий болгож чадсан. Ингэснээр хямд өртөгтэй үйлдвэрлэлийг өргөн цар хүрээнд хийж чадаж байна. Мөн тэд 40 жилийн турш үйлдвэрлэлийн экосистемийг бий болгосон. Харин Энэтхэг энэ боломж дутмаг байгаа бөгөөд үүнийг бий болгоход олон жил шаардагдах юм.

Зөвхөн “Apple” ч бус АНУ-ын спорт хувцасны томоохон төлөөлөгч “Nike”, Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota”, Өмнөд Солонгосын технологийн аварга “Samsung” гээд дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн компаниуд Хятадын нийлүүлэлтийн сүлжээний асуудалтай нүүр тулаад буй. Тэд эх үүсвэрээ төрөлжүүлэх арга замыг эрэлхийлж байна. “Apple” компани одоогоор үйлдвэрлэлийнхээ нэлээд хэсгийг Энэтхэг рүү шилжүүлжээ. Мөн Вьетнам зэрэг орон руу зарим хэсгийг нь шилжүүлжээ.

Дэлхийн эдийн засгийн бодлогын дээд хэмжээний уулзалт өчигдөр /2022.12.12/ Шинэ Делид болсон. “Дэлхийн үйлдвэрлэлд ноёрхож байсан улс одоогоор ажлаа тийм ч сайн хийхгүй байгаа тул бидэнд боломж байна. Биднийг үйлдвэрлэлийн салбарт хоцорч байна. Үйлчилгээндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж дэлхий нийт боддог байсан үе бий. Хятадад одоо тулгараад буй асуудлууд нь дэлхийн үйлдвэрлэлийн салбараас зохих хувийг нь өөрсдөдөө авах боломжийг Энэтхэгт олгож байна” гэж Энэтхэгийн Котак Махиндра банкны гүйцэтгэх захирал Котак хэлсэн юм. Мөн “Дэлхийн үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх энэ өвөрмөц боломжийг дээд зэргээр ашиглахын тулд сэтгэлгээгээ, хууль тогтоомжоо, практикаа өөрчлөх шаардлагатай” гэлээ.

Үйлдвэрлэл нь Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувийг бүрдүүлдэг. Энэ тоог 20 ба түүнээс дээш хувьд хүргэхийг зорих хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүн хэлж буй.

Хятад улсын хувьд сүүлийн хоёр дарааллан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хумигджээ. Тодруулбал, үйлдвэрлэлийн түвшинг тодорхойлдог индекс аравдугаар сард 49.2 хувь байсан бол арваннэгдүгээр сард 48.0 хувь болсон. Энэ нь Хятадын экспортод сөргөөр нөлөөлсөн. Арваннэгдүгээр сард Хятадын экспорт 8.7 хувь болж буурсан нь 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн огцом уналт болсон юм.

Гэвч дэлхийн компаниуд Хятадыг сонгосон шигээ Энэтхэг рүү бөөн бөөнөөрөө хошуурах нь юу л бол, энэ нь хэтэрхий эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: INSIDER, MONEY CONTROL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж