ОХУ-ын зарим мужид ёслолын буудлага хийхийг хоригложээ. Тодруулбал, Украинтай хиллэдэг Курск мужид хоёр сарын хугацаатай, Белгород мужид энэ сарын 21-нийг хүртэл хориглов. Энэ нь бүс нутгийн оршин суугчдыг айлгаж сандаргахгүй байх зорилготой аж.
Курск мужийн захирагч Роман Старовойт “Бид Курск мужид энэ сарын 12-ноос эхлээд нэгдүгээр сарыг дуустал ёслолын буудлага хийх, худалдаалахыг хориглох шийдвэр гаргалаа. Энэ нь оршин суугчдын аюулгүй бөгөөд тайван байдлыг хангах зорилготой. Бүс нутагт терроризмын аюулын шар түвшин зарласан хэвээр байна. Мужийн нутаг дэвсгэрт террорист үйлдлээс урьдчилан сэргийлэхэд эрх баригчид анхаарлаа хандуулсаар байна” гэж хэлжээ.
Курск мужид нисэх онгоцны буудлын ойролцоо нисгэгчгүй онгоцны дайралтаас болж газрын тос хадгалах сав шатсан хэрэг арванхоёрдугаар сарын 6-нд гарсан. Энэ явдлын дараа тус мужид зарим сургуулийн хичээлийг цуцалж, терроризмын аюулын шар түвшин зарласан юм.
Белгород мужид шинэ жилийн гоёл чимэглэлийн худалдааг цуцалсан бөгөөд хуучин чимэглэлүүдээ ашиглах зааварчилгаа өгчээ. Мужийн захирагч Вячеслав Гладков баяр цуцлах төлөвлөгөө байхгүйг хэлэв. Кремлийн зүгээс орон нутгийн удирдлагуудад шинэ жилийн баярыг даруухан тэмдэглэх зааварчилгаа өгчээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ