Төв аймгийн Зуунмод сумын "Хүмүүн" цогцолбор сургуулийн сурагчдад хордлогын шинж тэмдэг илэрч, яаралтай тусламж авсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр түгсэн. Энэ талаар тус дунд сургуулийн захирал С.Отгонбаяраас тодруулахад, "Мэргэжлийн байгууллагын шалгалтын дүгнэлт гараагүй байна. Шаардлагатай шинжилгээнүүдийг хийсэн, сурагчдын хичээл хэвийн үргэлжилж байна" гэлээ.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 5-нд тавдугаар ангийн сурагчдад хордлогын шинж илэрч, эмнэлгийн тусламж авсан. Тэр даруйд сурагчдад яаралтай тусламж үзүүлж, анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд хордсон байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн. “Хүмүүн” цогцолборын дунд сургуулийн байранд 6-9 дүгээр анги хичээллэдэг ч сургуулийн байрны засвартай холбоотойгоор тавдугаар ангийн хүүхдүүд мөн хичээллэж байсан.
Хордлогын шинж бүх сурагчид илрээгүй. Зөвхөн тавдугаар ангийн 5-6 хүүхдэд ажиглагдсан. Сургуулийн захиргаанаас холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүлж, Мэргэжлийн хяналтын газраас баг ирж, агаарын чанарыг шалгасан.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлт одоогоор гараагүй байна. Эцэг, эхчүүдийн зүгээс сургуулийн захиргаанд ямар нэгэн гомдол өгөөгүй. Урьдчилсан байдлаар ангид засвар хийсэн учраас будагны үнэрээс хордсон байж болзошгүй гэж үзэж байна" гэсэн юм.
Холбоотой мэдээ