Катар улс Европын парламентын албан тушаалтнуудад авлига өгсөн байж болзошгүй байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор Европын парламентын дэд ерөнхийлөгч Ева Кайли тэргүүтэй дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ева Кайлигийн дэд ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагад Ойрхи Дорнод багтдаг. Нийт зургаан хүнийг цагдан хорьж байцаасан бөгөөд хоёрыг нь суллажээ.
Прокурорууд Катарыг мөнгө, бэлэг өгөх замаар парламентын шийдвэрт нөлөөлөхийг оролдсон гэж сэжиглэж байна. Гэхдээ Катарын засгийн газар энэ мэдэгдлийг үгүйсгэжээ.
Европын парламентын ажиглагчид болон сөрөг хүчний гишүүдийн үзэж буйгаар, энэ нь Европын парламентад урьд өмнө байгаагүй авлигын томоохон хэрэг байж магадгүй аж. Энэ хэргийн улмаас Ева Кайлид өгсөн бүх эрх мэдэл, үүрэг, даалгаврыг нэн даруй түдгэлзүүлэхээр шийджээ.
Түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд Европын парламентын ерөнхийлөгч Роберта Мецола нь Бельгийн Үндсэн хуульд заасны дагуу нэгжлэгийн үеэр байлцсан байна. Нийт 16 удаагийн нэгжлэгээр 600 мянган евро бэлнээр хураан авсан аж. Мөн доторх файлуудыг шалгахын тулд компьютер, гар утсыг нь хураан авчээ.
Катар улс 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахтай холбоотойгоор авлигын хэрэгт буруутгагдаж байсан удаатай. Тус улс энэ мэдэгдлийг няцааж, авлигын хэргээс чөлөөлөгдсөн билээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ