Засгийн газрын өнөөдөр /2022.12.12/-ийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компани үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх хугацаанд хийгдсэн нүүрс худалдан авалттай холбоотой гэрээг бүгдийг ил болгож байна. Хэчнээн хэмжээний худалдан авалтыг ямар аж ахуйн нэгжтэй байгуулж ажиллав гэдэг нь ил болно. “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсан цагаас нүүрс тээврийн үйл ажиллагаанд 25 мянган тээврийн хэрэгсэл тээвэрлэлтэд оролцсон байна. Эдгээр автомашины өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллийн дагуу ил болгоно.
Өнөөдрийн байдлаар С зөвшөөрөлтэй богинын тээврийг 150 аж ахуйн нэгжийн 5647 тээврийн хэрэгсэл хийж байна. Цагаан хаднаас-Гашуунсухайт, Ганц модны боомтоор хил дамнасан тээвэр хийж байна. Уурхайгаас Гашуунсухайт хүртэлх уртын тээвэрт 421 аж ахуйн нэгжийн 10432 тээврийн хэрэгсэл тээвэрлэлтэд орлцож байна. Мөн Гашуунсухайт дахь чингэлэг тээврийн терминалд 17 аж ахуйн нэгжгийн 1282 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийж байна. Тээвэрлэлтэд нийтдээ 25 мянга гаруй тээврийн хэрэгсэл оролцсон байна.
Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр “Эрдэнэс Тавнтолгой” компанийн санхүүд олон улсын аудит оруулахаар болсон. Олон улсын аудитыг сонгохдоо дэлхийн топ аудитын компанийн аль нэгийг сонгон шалгаруулж, иж бүрэн аудит хийлгэхээр шийдвэрлэлээ.
Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон нийтийн компани болгох, олон улсын болгох IPO гаргах чиглэлээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гаргалаа. Гаргасан алдаандаа дүгнэлт хийж, “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын нээлттэй компани болгох зорилгоор ажлын хэсэг судалгаа хийж, шийдвэрлэнэ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор гурван удаагийн дүгнэлт гаргасан байдаг. Тодруулбал, 1 сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэдэг зүйл бий. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгана.
2017 оны тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20-ны хооронд 207 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэдэг баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.
Өмнө нь 2013 онд энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан байдаг. Эдгээр хэргүүдийг сэргээн шалгах асуудал яригдаж байна.
Хөөн хэлэлцэх хугацааг ярихад үргэлжилсэн гэмт хэргийг хамгийн сүүлд үйлдэгдсэн хэргээс хөөхөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал яригдахгүй.
Нүүрсний хэргийг шалгахад цар хүрээ их байгаа учраас мөрдөгч нарын тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Нэг тээврийн хэрэгслийг таван жолооч барьсан байна. Тэр бүх жолоочоос мэдүүлэг авна. Хил гаальтай холбоотой асуудал яригдаж байна. Хил хамгаалах байгууллагын тодорхой албан тушаалтныг шалгах шаардлага үүсч байна.
Нүүрсийг хууль бусаар хил гаргахад үгсэн хуйвалдаж оролцсон байж болзошгүй учраас Хил, гаалийн албан тушаалтнуудыг бүртгэлгүй нүүрсний хэрэгтэй холбогдуулж шалгана. Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтнуудыг шалгана.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд 12 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна гэдэг дүн гарсан. Үүнээс гадна хэчнээн оффтейк гэрээ хийгдсэн бэ гэдэг нь олон нийтэд ил болж байна.
Маргааш багтвал урьдчилсан байдлаар нүүрсний хэрэгт хэн хэн гэдэг хүн, хэн хэн гэдэг албан тушаалтнууд холбогдсоныг нэрээр нь зарлахаар төлөвлөн ажиллаж байна.
-Төмөр замын нууц гэрээ хийхийг зөвшөөрсөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг ил болгох боломжтой юу?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг хэлэх албан тушаалтан нь тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр. Дийлэнх зөвлөмжүүд манай экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байх үед гарсан.
2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг барих гэж байхад зогсоосон хүн нь Х.Баттулга. Бондын 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгээд үндсэндээ зогссон. Дараа нь энэ зам дээр “Бодь интернэшнл” компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган, ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна.
Нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт шалгагдах ёстой хүн нь хуучин Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан нь үнэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Тэрбээр өөртэйгөө холбоотой 2017, 2018 оны бүх хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргийг сэргээн шалгах ёстой гэж бодож байна.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, хэрэг үүсгээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглодог. Эрүүгийн хэрэг үүсгээд, яллагдагчаар татсанаар хилийн хориг тавих, цагдан хорих, эрх хязгаарлалт хийх олон арга хэмжээ авдаг. Одоогийн байдлаар оффтейк гэрээтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх талаар мэдээлэл алга. Би хэрэг мөрддөггүй, дэмжлэг үзүүлээд, мэдээ мэдээллийг гаргаж өгч, агентлаг, яам хоорондын уялдааг ханган ажиллах ёстой.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ