Украины өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд тулаан өрнөв. ОХУ-ын арми Одессаг онилсон бол украинчууд эзлэгдсэн Мелитополь хотыг бөмбөгджээ. Түүнчлэн Украины арми Оросын “Вагнер” бүлэглэлийн төв байр руу цохилт өгснийг Луганскийн захирагч Сергей Хайдай мэдэгдэв. Энэ цохилтын улмаас Орос улс их хэмжээний хохирол амссан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүйн улмаас амьд үлдэгсдийн 50 хувь нь нас барах магадлалтай байна.
Одесса боомт хотын эрчим хүчний таван байгууламжид цохилт өгснөөр 1.5 сая орчим хүн цахилгаангүй болжээ. Ерөнхийлөгч Зеленский“Одесса мужид нөхцөл байдал маш хүнд байна. Цахилгааныг эргэн сэргээхэд хэдэн цаг биш хэдэн өдөр шаардагдана” гэж хэллээ. Дэд бүтцийн гол объектууд руу Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцоор халджээ. Украины арми 10 нисгэгчгүй онгоцыг сөнөөж чадсан байна.
Мелитополь хотод Украины пуужингийн довтолгооны улмаас хоёр хүн амиа алдаж, 10 хүн шархадсан гэв. Энэ довтолгоонд Украины арми АНУ-аас нийлүүлсэн “Himars” пуужингийн системийг ашиглажээ.
Мелитополийг ОХУ-ын арми гуравдугаар сарын эхэн үед эзэлсэн бөгөөд энэ нь зүүн өмнөд хэсэгт байрлах Оросын цэргийн хүчний гол ложистикийн төв юм. Запорожье муж дахь тус хот зүүн талаараа Мариуполь, баруун талаараа Херсон, Днепр мөрөн, өмнөд талаараа Крымтэй хиллэдэг. Мелитополь хот Украины хүчний гол бай болж магадгүй гэж Ерөнхийлөгч Зеленскийн зөвлөх Алексей Арестович хэлжээ. Хэрвээ Мелитополь дахь ОХУ-ын армийг буулгаж авч чадвал Херсон хүртэлх хамгаалалтын шугам бүхэлдээ сүйрэх аж. Энэ тохиолдолд Украины арми хүчээ Крым рүү чиглүүлэх юм байна.
Сүүлийн долоо хоногт байлдааны ажиллагаа Украины зүүн хэсэгт, ялангуяа Донецк мужийн Бахмут хотын орчимд төвлөрч буй юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ