Хятадын засгийн газраас "Covid-19" цар тахлыг дарах "Тэг ковид" бодлогоо ард түмний эсэргүүцлээс болж сулруулсан. Ингэснээр тус улсад цар тахлын том давлагаа гарна гэж тооцож, эмнэлгийн ажилчдыг бүрэн бүрэлдэхүүнээр дайчилж, эрчимт эмчилгээний орны нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн байна. Түүнчлэн 65 ба түүнээс өндөр настай хүмүүстээ илүү анхаарал хандуулахыг сануулжээ.
Шааньси мужид гэхэд "Covid-19"-өөр өвдсөн өвчтөнүүдэд зориулан 22 мянган ор бэлдэж, эрчимт эмчилгээний хүчин чадлаа 20 хувиар нэмэгдүүлсэн байна. Хятад улс нийт 138 мянган эрчимт эмчилгээний ортой талаар Үндэсний эрүүл мэндийн комиссын Эмнэлгийн удирдлагын товчооны ерөнхий захирал Жяо Яхуй мэдэгджээ. Гэхдээ эмнэлгийн нөөцүүд муж болгонд харилцан адилгүй байгааг онцолсон байна.
Бээжинд өдөрт хоёр удаа шинжилгээ авахыг зогсоосон учраас өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад халдварын тоо хэдээр нэмэгдсэн нь тодорхойгүй байна. Гэвч олон нийтийн сүлжээнд бизнес, сургуульд халдвар гарсан тухай мэдээллүүд гарч эхэлжээ.
Дэндүү олон ажилтан нь өвдсөний улмаас зарим ресторан хаалгаа барихад хүрсэн талаар мэдээлсэн байна.Үүний зэрэгцээ Бээжингийн нэгэн дүүрэгт шинжилгээ авах цэгийн ажилчид бүгд халдвар авснаас үйл ажиллагаа нь зогсчээ.
Хятад даяар заавал шинжилгээ өгөх журам өнгөрсөн Лхагва гаригт цуцлагдсанаар халдварын албан ёсны тоо баримтад Covid-19 тохиолдлын тоо буурч байгаа мэт харагдаж байна. Хятадын албаныхны мэдээллээр, Ням гаригт 10815 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь өнгөрсөн долоо хоногт 40 мянгад хүрч байсантай харьцуулахад буурчээ. Гэхдээ энэ нь зайлшгүй шаардлагаар шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн тохиолдол юм.
Бээжин шинжилгээ шаардсан журмыг цуцалсан нь АНУ болон бусад орнууд шиг цар тахалтай дасан зохицож амьдрах оролдлогынх нь нэг аж.
Хятадын цар тахлын албан ёсны тоо өнгөрсөн аравдугаар сараас хойш 50 орчим хувиар нэмэгдсэн. Гэсэн ч "Тэг ковид" хатуу бодлогоос болж эдийн засаг нь хоёрдугаар хагаст 2.6 хувь агшиж, арваннэгдүгээр сард олон хотод эсэргүүцлийн жагсаал гарсан. Гэсэн ч эрүүл мэнд, эдийн засгийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 2023 оны дунд хүртэл "Тэг ковид" бодлогоо бүрэн цуцлахгүй гэж таамаглаж байна.
Хятад хилээ нээхээсээ өмнө олон сая өндөр настнаа вакцинжуулалтад хамруулахыг зорьж байгаа аж. Хятадын засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өндөр настнуудыг вакцинжуулах аян зарласан ч хэрэгжиж дуусахад хэдэн сарын хугацаа шаардагдана гэж харж байна.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ