Юань худалдааны гол валют болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

Юань худалдааны гол валют болох уу?

Юань худалдааны гол валют болох уу?

Хятадын эдийн засаг олон арга хэмжээний үр дүнд асар их амжилтад хүрсэн.17.7 их наяд ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ээрээ АНУ-ын дараа ордог. Мөн АНУ, Европын холбооны дараа ордог дэлхийн гурав дахь том худалдааны улс юм. Гэсэн хэдий ч Хятадын мөнгөн тэмдэгт юань дэлхийн худалдааны ердөө 3 хувийг бүрдүүлдэг. Юаньтай харьцуулахад ам.доллар зах зээлийн 87 хувийг эзэлдэг. Эдийн засаг, улс төрийн хүч чадлыг үл харгалзан тус улс мөнгөн тэмдэгтийн дэлхийн урсгалыг давамгайлж чаддаггүй. Одоо үүнийг өөрчлөх арга замыг Хятад хайж байна. АНУ-ын долларыг орлон юанийг дэлхийн нөөц валют болгох Хятадын олон триллион, олон арван жилийн төлөвлөгөө хэрэгжиж байна.

ВАЛЮТ ХЭРХЭН НӨӨЦИЙН СТАТУСТАЙ БОЛДОГ ВЭ?

Нөөц валютын статустай болох нь албан ёсны үйл явц биш. Харин хамгийн өргөн хэрэглэгддэг валют болох өрсөлдөөн юм. Дэлхийн худалдаа, хил дамнасан худалдааны хамгийн алдартай, өргөн хэрэглээний валют нь де факто нөөц валют болж гарч ирдэг. Валютын “алдаршсан байдал” нь тухайн валют гаргагч орны аюулгүй байдал, уян хатан байдлын талаарх ойлголт дээр суурилдаг. Энэ бол дэлхийн ихэнх төв банкуудын нөөцөд байлгахыг илүүд үздэг хөрөнгө буюу валют бөгөөд зонхилох актив нь "нөөцийн валют" гэсэн шошготой байдаг.

1450 оноос хойш зургаан үндсэн нөөцийн валютын үе бий болсон. 1530 онд Испани хүчирхэгжих хүртэл Португал дэлхийн нөөцөд ноёрхож байв. Нидерланд, Францын гаргасан мөнгөн тэмдэгтүүд XVII-XVIII зууны ихэнх хугацаанд дэлхийн худалдаанд ноёрхож байв. Гэвч Британийн эзэнт гүрэн үүссэн нь фунт стерлингийг Дэлхийн нэгдүгээр дайн дуустал нөөцийн мөнгөн тэмдэгт болгосон юм.

АНУ нь Их Британиас эдийн засгийн давуу талтай болсонтой зэрэгцэн ам.доллар фунтын орон зайг эзэлсэн. 2008 оноос хойш дэлхийн хэмжээнд хийгдсэн гүйлгээний 75 гаруй хувь нь ам.доллараар хийсэн байна. Мөн гадаад өрийн 60 гаруй хувийг доллар, дэлхийн төв банкны нөөцийн 59 хувийг бүрдүүлдэг. Хэдийгээр эдгээр бүх зах зээл, хэрэгслүүдэд эзлэх долларын хэмжээ сүүлийн жилүүдэд аажмаар буурч байгаа ч өөр ямар ч валют эдгээр түвшинд ойртоогүй байна. Хятадын юань нь ашигтай хувилбар биш ч геополитик болон макро эдийн засгийн чиг хандлага нь түүнийг давамгайлахыг дэмжиж байна.

ХЯТАДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Энэ жил Хятадын удирдагчид юанийн нөөц валют болох нэр хүндийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн. Хятадын эдийн засаг, худалдааны урсгал ч ийм алхамыг дэмжихэд хангалттай том байна. Гэсэн хэдий ч тус улс одоо гадаадын төв банкны ажилтнуудыг Хятадын юань (юанийн үндсэн нэгж)-ийг нөөцөд барьж эхлэхэд итгүүлэх шаардлагатай байна. Үүнд хүрэхийн тулд Хятадын Ардын банк долдугаар сард таван улс болон Олон улсын төлбөр тооцооны банктай хамтран ажиллахаа зарласан.

Хятад, Индонез, Малайз, Хонгконг, Сингапур, Чили зэрэг улсууд тус бүр 15 тэрбум юань буюу 2.2 тэрбум ам.доллараар юанийн хөрвөх чадварын хэлэлцээр байгуулсан. Үүний зэрэгцээ Хятадын юань аль хэдийнэ Оросын бодит нөөцийн валют болсон. Энэ оны эхээр Украинд түрэмгийлсний улмаас барууны орнуудын хориг арга хэмжээнд орсон Оросын удирдлага Хятад руу хандах болсон. Одоо Оросын гадаад нөөцийн 17 хувийг юань эзэлж байна. Мөн юань нь Москвагийн бирж дээр хамгийн их эрэлттэй гурав дахь валют юм. Эдгээр түншлэл хүчирхэгжихийн хэрээр юанийн нөөц валют болох статус улам бэхжих юм.

ДЭЛХИЙН НӨЛӨӨ

Калифорнийн Берклигийн их сургуулийн Барри Эйченгрин, Францын төв банкны Камилла Макер зэрэг эдийн засагчид юанийн нөөц валют болох боломжид дүн шинжилгээ хийсэн нийтлэл гарсан. Судлаачдын үзэж байгаагаар долларыг солих нь тийм ч хялбар, хурдан биш юм. Гэхдээ тэд Хятадтай худалдааны харилцаагаа бэхжүүлсэн орнуудад юанийн нөөц тогтмол нэмэгдэж байгааг нотлох баримт олжээ. Энэхүү өсөн нэмэгдэж буй нөлөө нь "олон туйлт" ертөнцөд АНУ-ын долларыг юань орлох өөр хувилбар болж чадна. Өөрөөр хэлбэл, Хятад цаг хугацааны явцад ам.долларын нөлөөллөөс ангижрах магадлалтай.

Судалгааны зохиогчид юанийн одоогийн байр суурь 1950-иад оны ам.доллартай төстэй байсан гэжээ. Энэ тайлбар дээр үндэслэн юанийн ханшийн харьцаа тогтооход хэдхэн арван жил болж магадгүй юм. Хэрэв таамаглал зөв бол урт хугацааны хөрөнгө оруулагчид юаниар илэрхийлэгдэх хөрөнгө болон юанийн орлоготой Хятадын хувьцаанд тодорхой хэмжээнд ямар эрсдэл байх талаар бодох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж