Шинэ он хаяанд ирж, цар тахлаар өнжөөд байсан баяр, ёслолын үйл ажиллагаа арванхоёрдугаар сар гарахтай уралдаж эрчимжиж эхэлсэн. Сар талдаа ороогүй ч хотын төвийн болоод захын хэсгүүдэд байрлах ресторан, хүлээн авалтын танхимуудын захиалга хэдийнэ дуусчээ. Энэ жилийн хувьд сурагчдын шинэ жилийн багц 50 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол байгууллагын захиалгын багц нэг хүний 90 мянгаас дээш үнийн дүнтэй байна. Гэхдээ энэ бол дундаж ханш.
Хотын төвд байрлах ресторануудын хувьд хүлээн авалт, нэг хүний оройн зоог, уух зүйлс багтсан багц меню 150-230 мянган төгрөгийн хооронд байна.
Бид баярын захиалга авч буй хэд хэдэн газартай холбогдож, меню үйлчилгээ, танхим сонирхсон ч томоохон ресторанууд өдөр, цагийн сонголтгүй болсон гэв.
“КОРПОРЭЙТ”, “КЕМПИНСКИ”, “ХОЛИДЭЙ ИНН” ЗОЧИД БУУДЛУУД БАГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Дотоод төдийгүй гадаадынханд өндрөөр үнэлэгддэг газруудад томоохон албан байгууллагууд шинэ жил тэмдэглэх өдрөө сарын өмнөөс урьдчилж захиалдаг. Тэр жишгээр үйлчилгээний байгууллагууд арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө баяраа товлож байгаа бол албан байгууллагууд 21-нээс 31-ний хооронд захиалгаа өгдөг байна. Гэхдээ эдийн засаг хямралтай байгаа учраас өнгөрсөн жилүүдийнх шиг захиалга орж ирэхгүй байгааг захиалгын менежерүүд хэллээ.
Мөн өдөр, багцын сонголтоос шалтгаалж хугацаа товлох, өдрөө солих, урьдчилгаа өгч баталгаажуулах зэрэг дээр тодорхой хэмжээний асуудлууд тулгарч байгаа аж.
“Корпорэйт конвеншн центр”-ийн хувьд нэг хүний 135-175 мянган төгрөгийг меню санал болгож байна. Тухайн байгууллагын хүний тооноос хамаарч заалуудад сул буюу шинэ жил товлогдоогүй өдрүүд байгааг мэдээллийн ажилтан хэлэв. Захиалгын урьдчилгаа болгож төлбөрийн 30 хувиар тооцож буй аж. "Корпорэйт конвеншн центр"-ийн шинэ жилийн багц менюд заалны иж бүрэн чимэглэл, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж, лед дэлгэц, хувцас солих өрөө, дөрвөн цагийн заалны түрээс, 250 хүртэлх машины зогсоол, хамгаалалтын баг зэрэг үйлчилгээ багтжээ.
Харин “Холидэй Инн” зочид буудлын хувьд 70-80 хүн хүлээн авах боломжтой хүлээн авалтын танхимдаа захиалга авч байна. 130-аас дээш хүн хүлээн авах боломжтой заалны захиалга дүүрч эхэлсэн гэв.
"Кемпински" зочид буудалд нэг хүний меню 160-аас дээш мянган төгрөгийн үнэтэй байна. Тус хүлээн авалтын зардалд сюрприз, урамшууллуудаас гадна египет ерөнхий тогоочоор ахлуулсан чадварлаг баг хамт олны гарын амтат зоог, аргентин дуучны уянгалаг дуу, орчин үеийн хөгжмийн гайхалтай дуугаралт, LED дэлгэц, кемпински стандартын Европын тансаг үйлчилгээ санал болгож байгаа аж.
“Кемпински”-д байрлах шинэ жилийн хүлээн авалтын танхимуудын хувьд бүрэн баталгаажаагүй байгууллагууд байгаа тул захиалга дүүрээгүй гэлээ.
Багцын үнэ дээр хөнгөлөлт, урамшуулал багтах бөгөөд меню 195-255 мянган төгрөгийн хооронд сонголттой байна.
Ресторануудын хоолны менюд:
- Амталсан тахиа, эсвэл гахайн мах
- Нэмэлтээр дахин нэг зууш, хоол
- Салат сонголтоор
- Ус, ундаа, пиво
- Угталтын вино
- Оргилуун дарс
- Торт, десерт зэрэг багтаж байгаа бөгөөд үнийн дүнгээс шалтгаалж нэмэлт зүйлсүүд орох аж.
Үүн дээр нэмээд заал ашиглалт 3-4 цаг үнэгүй бөгөөд хэрэв заалны цагийг сунгах бол цаг нь 50-200 мянган төгрөг байна.
30-ААС ДООШ ХҮНТЭЙ БАЙГУУЛЛАГУУД МЕНЮГЭЭ ӨӨРСДӨӨ ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ
Томоохон хүлээн авалтын газрууд өөрсдөө боловсруулсан 2-5 төрлийн үнэтэй багц санал болгож байгаа бол хотын төвөөс гадна байрлах бусад ресторан, хүлээн авалтын танхимууд 5-30 хүнтэй шинэ жил зохиох бол менюгээ өөрсдөө зохиож гаргах боломжтой байна. Ингэснээр хоол, уух зүйлсийн багцыг гаргахаас гадна хамтлаг дуучид, уран бүтээлийн тоглолт, тайз дэлгэцийн чимэглэл, хөтлөгч, хөгжөөнт тоглоом зэргийг нэмэлтээр авах юм. Гэхдээ энэ үйлчилгээ хүний тооноос хамаарах бөгөөд зөвхөн цөөн хүнтэй байгууллага захиалах боломжтой.
Хоёр жилийн турш хязгаарлаад байсан хөл хорионы дараа хүмүүс гэр бүл, найз нөхөд, албан байгууллагаараа амралтын газар шинэ жилээ тэмдэглэх нь ихэсчээ.
Хоол, уух зүйлс, өглөөний цай, байрлах байр багтсан захиалга нэг хүний 120-210 мянган төгрөгийн хооронд байна. Улаанбаатар хотоос ойр буюу 40-60 км зайд байрлах “Ойн булаг”, “Алтан хөндий”, “Дөрвөн улирал” зэрэг амралтын газруудын багц 80 мянгаас эхэлж байгаа бол тансагт тооцогддог амралтын газруудын шинэ жилийн захиалгын меню 145-210 мянган төгрөгийн хооронд сонголттой байна.
ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН Ч ИРГЭД ШИНЭ ЖИЛЭЭС ТАТГАЛЗСАНГҮЙ
Хэдийгээр эдийн засаг хямарч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ч иргэд ёсыг бодож баяруудыг алгасахгүй тэмдэглэхийг хичээж байгаа нь илт. Шинэ жилд орно гэдэг зөвхөн менюгээр хэмжигдэхгүй зардал өндөр. Нүүр будалт, гоёлын даашинз, хослол, үс засалт гээд бусад зардлууд бий. Үнэхээр эдийн засаг хямарч, иргэдийн халаас нимгэрсэн бол шинэ жилийн захиалгууд сар талдаа ч ороогүй байхад дүүрэх боломжгүй. Тиймээс нэг бол иргэдийн санхүү сайн байна, эсвэл хоёр жил алгассан баярыг хүсэн хүлээсэн хүн олон байна гэсэн үг. Ямартай ч томоохон газруудын эвент танхимууд дүүрчээ. Харин 50-аас доош хүнтэй албан байгууллагуудын шинэ жилийн захиалгыг газрууд авч байгаа аж.
Холбоотой мэдээ