Эдийн засагт айсуй эерэг дохионууд!

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эдийн засагт айсуй эерэг дохионууд!

Эдийн засагт айсуй эерэг дохионууд!

Covid-19 цар тахлын дараагаас эдийн засаг хүндхэн монголчуудад бондын өрөө дарсан, БНХАУ “Тэг ковид” бодлогоо зөөлрүүлсэн эерэг мэдээнүүдтэй байна, ойрын өдрүүдэд.

Цар тахлаас үүдэж, “Тэг ковид” бодлого хэрэгжүүлж буй БНХАУ-ын хувьд журамдаа өөрчлөлт оруулж, олон улс төдийгүй Монгол Улсад таатай үйл явдал өрнөв. Цар тахалтай холбоотойгоор хатуу бодлого явуулж, хилийн хязгаарлалт, хяналтыг маш өндөр хэмжээнд хэрэгжүүлж буй. Гэхдээ өнгөрөгч долоо хоногт хатуу бодлогынхоо зарим хэсгийг зөөлрүүлсэн нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байна. Мөн зарим хязгаарлалтыг цуцалсан нь тус улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаалтай холбоотойг ч зарим ажиглагчид хэлж буй.

Тухайлбал, Төрийн зөвлөлөөс зарим хязгаарлалтыг сулруулсан 10 шинэ удирдамжийг танилцуулсан байна. Энэ нь үндэсний хэмжээнд Covid-19-ийн бодлогод гарсан анхны албан ёсны өөрчлөлт болж буй.

  • QR кодын хяналт үгүй болсон. Тус улсад Covid-19 халдвар дэгдсэнээс хойш гар утсан дээрх кодыг ашиглан хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг хянадаг байсан. Улаан, ногоон, шар өнгийн кодоор иргэдийг хянадаг байсан нь одоо үгүй болжээ.
  • Гэрийн хорио цээрийн дэглэм баримтлана. Онц шинж тэмдэг илрээгүй тохиолдолд заавал тусгаарлах байранд аваачилгүй гэрээр нь тусгаарладаг болов.
  • Хөл хорионы хязгаарлалт. Зөвхөн өндөр эрсдэлтэй газруудад л хөл хорио тогтооно. Тухайн газарт таван өдөр дараалан шинэ тохиолдол илрэхгүй бол хөл хориог нэн даруй цуцална.
  • Вакцинжуулалтын төлөвлөгөө. Ахмад настнуудын дунд вакцинжуулалтыг түргэсгэх шаардлагатай гэж шийджээ. Нэмэлт тунд хамрагдаагүй 45 сая гаруй ахмад настан Хятадад байна.
  • Дотоодод зорчих журам. Дотооддоо аялагчдаас сөрөг шинжилгээний хариу юм уу, эрүүл мэндийн код нэхэхгүй.
  • Covid-19-ийн дэгдэлтгүй сургуулиудыг сургалтаа хэвийн явуулахыг зөвшөөрөв. Мөн сургуулийн кампус дахь цайны газар, номын сан, спорт заал зэрэг байгууламжуудыг нээнэ.
  • Эмийн сангаас эм худалдан авахад хүндрэлтэй байсныг болиулжээ. Эмийн жор болон сөрөг шинжилгээний хариу заавал шаарддаг байсныг болиулсан.
  • Эрсдэлтэй бүсийг тодорхойлох журамд өөрчлөлт оруулсан. Нийтэд нь бус зөвхөн тухайн орон сууц, барилга, давхарт л хөл хорио тогтооно.
  • Өрхийн эмнэлэг, ойр орчмын эмнэлгүүдэд бүрэн эрх олгоно.
  • Иргэдийг эмнэлгийн тусламж авах боломжтой байлгахын тулд гал түймрийн гарц, хаалга, олон нийтийн хаалгыг хаахыг хориглоно.
  • Ажиглагчдын зүгээс цаашид ч Хятад улс “Тэг ковид” бодлогоо зөөлрүүлж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа ч тус улсад хилийн хязгаарлалт, хяналтыг сулруулах талаар одоогоор ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Үүний зэрэгцээ эдийн засагт төдийгүй Монгол Улсын гадаад өрийн дарамтаас гарч буй сайхан мэдээг өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд мэдэгдсэн. Тодруулбал, "Чингис" бондын өрийг бүрэн дарж, "Самурай" бондын өрийг төлөхөд бэлэн болсноо зарласан нь гадаад өрийн дарамт буурах, цаашид Монгол Улсын зээлжих зэрэглэлд эерэг үзүүлэлт авчрах нь гэсэн мэдээллийг эдийн засагчид онцолж байна.

Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөртэй холбоотой асуудлаар "Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой, Засгийн газрын гаргасан өнөөдрийг хүртэлх цорын ганц бонд болох, Их Эзэн Чингис хааны нэртэй "Чингис" бонд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Сангийн сайдад төлөх эрхийг олгосноор бид олон улсын санхүүгийн зах зээл дээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийн хариуцлагаа цаг хугацаанд нь буюу эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг төлж, бүрэн барагдуулж дууслаа. Энэ бол Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргасан бондуудаа цаг хугацаанд нь, маш хариуцлагатайгаар бүх хүү үндсэн зээлийн хамт төлж ирж, мөн УИХ-аас Засгийнгазарт өгч байсан үүрэг, дунд хугацааны гадаад өрийн стратегийн хүрээнд үе үеийн Засгийн газрууд үүргээ ягштал биелүүлж ирсний нэг жишээ болж байгаа юм.

Ирэх онд нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад зээл төлнө. Засгийн газрын зээлжих зэрэглэл энэ оны хавар болон намар хийсэн аудитын дараа ч В тогтвортой хэвээр байна. Зэрэглэлийг олон улсын агентлагууд гаргадаг. В тогтвортой гэсэн үнэлгээг бид ирэх онд ч хадгалж, хувийн хэвшлийн гаргах бондуудад эерэг нөлөө үзүүлэхийг зорьж байна" гэв. Энэ өрийг төлөх нь дан ганц Засгийн газрын, Монгол Улсын гадаад өрийн дарамт буурахаас гадна олон улсын зах зээл дээр тоглогч хувийн хэвшлүүдэд том боломж үүснэ гэдгийг ч Сангийн сайд онцолж байлаа.

Энэ мэт гадаад, дотоод эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд 2023 онд биднийг ямар эдийн засаг хүлээж байх бол гэдэг таамаглалд тодорхой хариултууд өгч буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж