Тойм: Бондын өрөө төлж, нүүрсний хулгайчдыг эрсэн 7 хоног

Хуучирсан мэдээ: 2022.12.11-нд нийтлэгдсэн

Тойм: Бондын өрөө төлж, нүүрсний хулгайчдыг эрсэн 7 хоног

Тойм: Бондын өрөө төлж, нүүрсний хулгайчдыг эрсэн 7 хоног

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг News.mn сайт онцолж байна.

ҮАБЗ ОНЦ БАЙДАЛ ТОГТООХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭВ

Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө тайван бус хэлбэр рүү шилжсэн учир өнгөрсөн Даваа гаригт УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцсэн.

Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ дэмжсэн юм.

Чуулганы хуралдаан хаалттайгаар, цахимаар хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Тухайн үед Засгийн газрын зүгээс Онц байдал зарлах эсэх саналыг УИХ-д оруулж, гишүүд санал хураасан юм.

ЖАГСААЛЫН УЛМААС  МАН-ЫН БАГА ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Цаг үеийн нөхцөл байдал, жагсагчдын эмх замбараагүй байдалтай холбогдуулан МАН-ын бага хурал энэ сарын 6-нд болох байсан ч хойшиллоо. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар, Чингис бондын эргэн төлөлтийн талаар сангийн сайдын мэдээллийг сонссон.  Мөн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх байсан ч агентлагийн дарга нь байхгүй учир хойшлуулсан талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн.

Хэдийгээр гишүүд бага хурал товлосон цагтаа хуралдах талаар хэлж байсан ч жагсагчдын шаардлагаас үүдэж хурлыг тодорхойгүй хугацаанд хойшлуулж байгаа мэдэгдсэн юм.

"ЧИНГИС" БОНДЫН 136 САЯ ДОЛЛАРЫГ БҮРЭН ТӨЛЖ ДУУСЛАА

Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөртэй холбоотой асуудлаар хэлэхдээ, "Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2012 оны арованхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар 90 оноос хойш анх удаа олон улсын хөрөнгийн хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын кодтой арилжааны бонд арилжаалж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 1990-2012 онд хөгжлийн хамтрагч Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагуудаас хөнгөлөлттэй 25-30 жилийн урт хугацааны хөгжлийн зээлүүдийг авч, төсөвтөө хэрэглэж байсан байдаг.

Монгол Улсын гадаад өр зээлийн хувьд 2012 оноос цоо шинэ хуудас нээгдсэн гэсэн үг.

Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой, Засгийн газрын гаргасан өнөөдрийг хүртэлх цорын ганц бонд болох, Их Эзэн Чингис хааны нэртэй "Чингис" бонд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Сангийн яам, Сангийн сайдад төлөх эрхийг олгосноор бид олон улсын санхүүгийн зах зээл дээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийн хариуцлагаа цаг хугацаанд нь буюу эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг төлж, бүрэн барагдуулж дууслаа. Энэ бол Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргасан бондуудаа цаг хугацаанд нь, маш хариуцлагатайгаар бүх хүү үндсэн зээлийн хамт төлж ирж, мөн УИХ-аас Засгийнгазарт өгч байсан үүрэг, дунд хугацааны гадаад өрийн стратегийн хүрээнд үе үеийн Засгийн газрууд үүргээ ягштал биелүүлж ирсний нэг жишээ болж байгаа юм.

Ирэх онд нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад зээл төлнө.

Засгийн газрын зээлжих зэрэглэл энэ оны хавар болон намар хийсэн аудитын дараа ч В тогтвортой хэвээр байна. Зэрэглэлийг олон улсын агентлагууд гаргадаг. В тогтвортой гэсэн үнэлгээг бид ирэх онд ч хадгалж, хувийн хэвшлийн гаргах бондуудад эерэг нөлөө үзүүлэхээр зорьж байна. Бид бондоо цагт нь төлөх нь Засгийн газрын нэр хүндтэй шууд холбоотой" гэв.

ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ НӨХӨН ТООЦНО

Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нөхөн тооцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 1-30-ныг хүртэлх цахилгааны төлбөрөөс шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаж, түгээх газрууд залруулга хийх аж. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй уялдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 48, 49 дүгээр хурал арванхоёрдугаар сарын 1-нд болжээ. Хурлаар нийт долоон асуудлыг хянан шийдвэрлэж, хамгийн хүлээлттэй байсан нь дээрх шөнийн тарифын хөнгөлөлтийн асуудал байсан юм.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, айл өрхийн арваннэгдүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгчээ.

Энэхүү шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсний нэгэн адил үргэлжилнэ. Өнгөрсөн 2021 онд 156 мянган айл өрх 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байгаа аж.

ЗГ НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ ШАЛГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ШТАБ БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газар нүүрсний хэргийг шалгахад дэмжлэг үзүүлэх штаб байгуулж байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал, нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штаб байгуулжээ. Нүүрсний хулгайн гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нэгдүгээрт “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой гэрээ, гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг шалгаж байна. Уртын болон богинын тээврээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэлт хийсэн эсэх, оффтейк буюу нууц гэрээг шалгаж байна.

Гадаадын компаниудтай байгуулсан гэрээг оффтейкээр байгуулсан учраас Гадаад харилцааны яамаар дамжуулан ил болгохоор ажиллаж байна. Мөн бүртгэлгүй тээврийн хэрэгсэл Монголын хилээр гарсан эсэхийг шалгаж байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, агентлаг хоорондын уялдааг хангах. Хятад улсаас шаардлагатай мэдээллийг гаргуулах. Тавантолгойн тээвэрлэлтэд 9000 орчим тээврийн хэрэгсэл оролцож байгаа гэдэг мэдээлэл байна. Тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тотгоох. Ачаа бараатай гарсан эсэхийг судлан шалгах нүсэр ажил хийж байна. Тээврийн  хэрэгсэл хилээр гарахад тэмдэглэгээ хийгдсэн байгаа, ачаатай гарсан бол гааль дээр бүртгэгддэг. Зөрүүтэй мэдээллийг шалгах ажил хийгдэх юм байна.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО ХАРИУЦЛАГА АЛДАЖ, БҮРЭЛДЭХҮҮН ДУТУУ БАГ АНУ-ЫГ ЗОРИВ

Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд АНУ-ын Коралвилл хотод болно. Эрэгтэйчүүдийн ангилалд АНУ, Иран, Япон, Монгол, Гүрж, дэлхийн баг гэсэн зургаан баг оролцох бол эмэгтэй ангилалд Япон, АНУ, Хятад, Монгол, Украин, дэлхийн баг гэсэн зургаан баг оролцоно.

Харамсалтай нь монголчууд тус тэмцээнд багаараа орох уу гэвэл үгүй. Эмэгтэй бүтэн багаараа оролцох боловч эрэгтэй баг хүн дутуу АНУ-ыг зорьсон.

Шалтгаан нь онгоцны тасалбар, бичиг баримт, виз болон зардал гэх аж. Ерөнхийдөө холбооны зүгээс уг асуудал тун хойрог хандаж, бүтэн багаараа оролцох боломжгүй болжээ. Энэ талаар шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Баттулга “Чөлөөт бөхийн тамирчид маань дэлхийн цомд оролцохгүй болох шахсан эцсийн мөчид эмэгтэй бүтэн багаараа, эрэгтэй 70-80 хувь оролцохоор боллоо.

Д.АМАРБАЯСГАЛАН: НУУЦ 9 ГЭРЭЭГ АТГ-Т ӨГЧ ШАЛГУУЛАХААР БОЛЛОО

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр  “Эрдэнэс Тавантолгой” компанид хамаарах нууцын зэрэглэлд байсан есөн гэрээг ил болгох тогтоолын төслийг баталсан.

Есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргаснаар Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулах, УИХ дээр байгуулагдсан нүүрсний хэргийг шалгах үүрэг бүхий түр хороонд мөн шилжүүлэх аж.

Нууцаас гаргасан гэрээг нэрлэвэл,

  • Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
  • Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл
  • Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төсөл
  • Богдхан төмөр замын суурь бүтцийн төслийн ажил
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах гэрээнүүд

Засгийн газар цаашид бүтээн байгуулалтын төслүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж