“Катар-2022” ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр бүрэн тодорлоо.
АНГЛИ 1 – 2 ФРАНЦ
Аваргууд алтан цомоо хамгаалахад нэг алхам ойртлоо. Англи, Францын энэхүү тоглолт нь дасгалжуулагчдын ур ухаан, тактик тамирчдын чадвар, туршлагыг шалгасан тун сонирхолтой өрнөсөн. Тоглолтын эхний гоолыг 17 дахь минутад аваргаа хамгаалагчид оруулсан. Английн шигшээ Мбаппег зогсооход гол анхаарлаа төвлөрүүлсэн байсан бөгөөд энэ нь Францын бусад тоглогчдод боломж байлаа. Үүнийг ч Орельен Чуамени ашиглаж, гайхалтай алсын цохилтоор тооны харьцааг нээсэн. Энэ нь түүний шигшээ багийнхаа төлөө оруулж буй анхны гоол байжээ.
Хожигдож эхэлсэн англичууд тоог тэнцүүлэхээр мэрийж эхэлсэн. Хоёрдугаар үед Букайо Сакагийн гоцлон тоглолт, багтаа торгуулийн цохилт авчрав. Түүнийг торгуулийн талбай дотор өнөөх Чуамени унагааж, багаа хөөдсөн юм. Олдсон боломжийг Харри Кейн чулуу болгож, тооны харьцааг 1-1 болгон тэнцүүлсэн.
Үүний дараа Францаас Оливье Жиру, Англиас Харри Магуйар нар гоол оруулах сайхан боломжоо алдав. Гэхдээ Жируд дахин нэг боломж олдож, үүнийгээ Францын бүх цаг үеийн мэргэн бууч маань алдсангүй. Тооны харьцааг 2-1 болгож, багтаа эргэн тэргүүллийг авчирсан. Ингээд бүх зүйл дууслаа гэж бодсон ч Мэйсон Маунт багтаа дахин торгуулийн цохилт авчрав. Харамсалтай нь, Харри Кейн энэ удаад тун чухал, амьдралд ганц олдох цохилтоо алдаж, насан туршид нь дагах хар сүүдрийн эзэн боллоо.
Ийнхүү тоглолт 2-1 гэсэн харьцаатай Францын ялалтаар өндөрлөжээ. Тэд аваргаа хамгаалахад хоёрхон хожил хэрэгтэй.
Тус тоглолтын шилдгээр Оливье Жиру тодорчээ.
МАРОККО 1 – 0 ПОРТУГАЛ
Атласын арсангууд хочтой Мароккогийн гайхамшигт аялал үргэлжилсээр. Испани, Бельги, Хорватыг хожсон тэд энэ удаад Португалаар хагас шигшээн замаа засав. Тоглолтын цорын ганц гоолыг Юссеф Эн-Несири 42 дахь минутад толгойгоороо оруулж, 37 сая ард түмэн, эх орноо цэнгэл жаргалд умбуулав. Роналдогийн нэр хуудас болсон гоолыг багийнх нь эсрэг оруулсан гэхэд буруудахгүй. Эн-Несири тэсрэлт, үсрэлт, мөргөлт энэ шатны чимэг нь байлаа.
Португал үлдсэн хугацаанд гоол оруулах арга замыг эрэлхийлсэн ч аз, тохироо нь бүрдсэнгүй. Тоглолтыг сэлгээний сандлаас эхлүүлсэн Роналдо хоёрдугаар үед талбайд гарсан ч бараг харагдсангүй. Түүний аюултай нэг цохилтыг Яссин Буну хаасан юм. Тоглолтын төгсгөлд Пепегийн мөргөлт хаалгатай тун ойрхон зөрж, Мароккогийн ард түмнийг сандаргаад амжсан.
Мароккод таагүй мэдээ байгаа нь Найеф Агуэрд, Нуссаир Мазроуи, Ромаин Саисс нар бэртлийн улмаас ирэх хагас шигшээн чухал тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна.
Тоглолтын үлдсэн хугацаанд гоол орсонгүй Марокко ялж, тэд ДАШТ-ий түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны Африк баг болов. Мөн Кристиано Португалын төлөө 196 дахь тоглолтдоо оролцож, шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон гэх Йорданы Бадер Аль-Мутаватай зэрэгцэж ирэв.
Замналынхаа ганц дутуу цомыг өргөх боломжгүй болсон Роналдо тоглолтын төгсгөлд нулимсаа барьж дийлсэнгүй. Түүний олон сая фанатуудын зүрх шимширч, дагаж уйлсан биз ээ.
Тоглолтын дараа Мароккогийн гол тоглогч Софяан Амрабат “Үнэхээр, үнэхээр итгэмээргүй. Маш их бахархаж байна. Бид үүнийг 100 хувь хүртэх эрхтэй. Бид ард түмэн, эх орныхоо төлөө зүрх сэтгэлээсээ хэрхэн тоглож, хэрхэн тэмцэж чаддагаа харууллаа. Бидэнд бэртэл гэмтэл тохиосон учир гурван хамгаалагчтай тоглох хэрэгтэй болсон. Сайн ч хамгааллаа. Тэднийгээ хүндэтгэе. Дасгалжуулагч, фанатууд гээд хүн бүхнээ хүндэтгэе” гэжээ.
Харин Португалын дасгалжуулагч Фернандо Сантош “Хувцас солих өрөөний байдал таагүй байна. Бидний урам хугарлаа. Тамирчдынхаа хөдөлмөр, чанарын ачаар бид Португалын ард түмэнд баяр баясал бэлэглэнэ гэж бодож байлаа. Финалд хүрч, түрүүлж чадна гэж итгэж байв. Ийм л өндөр хүлээлттэй байсан учир бидний урам хугарч байна” гэлээ.
Тэгвэл Мароккогийн дасгалжуулагч Валид Реграги “Би үргэлж Эн-Несирид итгэж ирсэн. Мароккогийн сэтгүүлчид намайг түүнийг хамгаалахад шүүмжилж байлаа. Би шүүмжлэлийг хүлээн зөвшөөрсөн ч түүнийг топ тоглогч гэдгийг хэлсэн. Тэр бол ДАШТ-ий түүхэн дэх хамгийн шилдэг марокко хөлбөмбөгчин. Дасгалжуулагч бүрт сонгох шалтгаан байдаг. Түүний талбай дээрх эрч хүч надад таалагддаг учир би түүнд итгэдэг. Энэ ч утгаараа тэр Севилья тоглож байгаа. Тэр бол Францын Жиру л гэсэн үг. Тэр багийнхаа төлөө зүтгэдэг. Заримдаа довтлогчид шүүмжлүүлэх тохиолдол бий. Тэр Мароккогоос гаралтай, Мароккод бэлтгэгдсэн чухал тамирчин. Түүнээр бахархаж байна. Түүний гоол бол хувь заяаны бэлгэ тэмдэг” гэж ярьжээ.
Тус тоглолтын шилдгээр Мароккогийн хаалгач Яссин Буну тодорчээ.
Холбоотой мэдээ