Хорватын шинэ баатар Доминик Ливакович гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

Катар-2022

Хорватын шинэ баатар Доминик Ливакович гэж хэн бэ?

Хорватын шинэ баатар Доминик Ливакович гэж хэн бэ?

Дэлхийн аварга бүрээр хэн нэгэн тамирчин цойлж, өөрийнхөө үнэ цэнийг өсгөж, ард түмэн эх орныхоо бахархал, баатар нь болдог. Энэ жилийн ДАШТ-ээр олон ч нуугдсан эрдэнэсүүд цухуйлаа. Тэдний нэг нь Хорватын шигшээ багийн хаалгач Доминик Ливакович.

Доминик Ливакович Хорватыг хагас шигшээ хүртэл ирэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр Япон, Бразилын эсрэг торгуулийн цохилт хааж, ирэх нэгдүгээр сард том баг руу явах нь тодорхой болов.

Өдгөө 27 настай тэрбээр нутгийнхаа Динамо Загреб клубт хүчин зүтгэдэг бөгөөд угийн торгуулийн цохилт хаадгаараа алдартай байсан аж. Түүний шигшээ багийн дебют тоглолт 2017 онд Чилийн эсрэг тохиосон. Үүний дараа 2018 оны ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтсан ч талбайд гараагүй гэнэ. Учир нь түүний өмнө тухайн цаг үедээ шаггүй хаалгачдын тоонд орж явсан Даниел Субашич байсан юм.

Харин 2019 оны дунд үеэс Ливакович шигшээ багийнхаа номер нэг сонголт болжээ. Тэрбээр хүчирхэг Английн эсрэг хаалгаа хуурай манаж, гарааны эрхийг олж авсан аж.

Түүний талаар дэлхий нийт Катарын ДАШТ хүртэл багахан мэддэг байв. Гэтэл хасагдах шатанд Японы эсрэг гурван торгуулийн цохилт хааж, тус тоглолтын шилдгээр шалгарав. Ийнхүү Доминик Ливакович гэх залуу олны анхаарлыг татаж эхэлсэн түүхтэй.

Японыг хожсоны дараа Ливакович “Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Эхний цохилтыг хаахын өмнө нүдний минь хөлбөмбөгийн замнал минь харагдаад өнгөрсөн. Тэр сэтгэл хөдлөл, мөчийг би хэзээ ч мартахгүй. Миний хэлж чадах ганц зүйл бол Хорватын ард түмнийг өнөө орой баярлуулсандаа баяртай байна” гэжээ.

Багийнх нь нөхөд ч түүнийг урмын үгээр харамгүй “булсан”. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лука Модрич түүний талаар “Гайхалтай хаалгачтай байх нь бүхнийг хялбар болгодог. Түүгээр бахархаж байна. Тэр үүнийг хүртэх эрхтэй. Учир нь тэр шаргуу хөдөлмөрлөдөг залуу. Түүнийг энэ эрчээрээ байна гэж найдаж байна” гэж ярьж байв.

Ливаковичийн үлгэр үүгээр төгссөнгүй. Өнгөрсөн шөнө Бразилын эсрэг дахин гялалзав. Тоглолтын турш Неймар, Каземиро нарын аюултай довтолгоог няцааж, торгуулийн цохилт цохиход Родригогийн бөмбөгийг хаав. Түүний энэ амжилт 2018 оны Даниел Субашичийг санагдуулам.

ДАШТ-ий түүхэнд нэг тоглолтод гурван торгуулийн цохилт хаасан гуравхан тохиолдол бий. Эхнийх нь 2006 оны Португалын хаалгач Рикардо, хоёр дахь 2018 оны Хорватын хаалгач Даниел Субашич, сүүлийнх нь 2022 оны Доминик Ливакович.

Гэр бүлийн тухайд түүний аав Здравко Ливакович нь барилгын инженер бөгөөд Хорватын далай, тээвэр, дэд бүтцийн яамны төрийн нарийн бичгийн дарга байжээ. Харин эмээ, өвөө нь олонд танигдсан радиологист болон англи хэлний багш байсан гэнэ. Харин ээж Мануэла Скоблар нь Хорватын домогт хөлбөмбөгчин Йосиф Скобларын үеэл.

Ливакович 2022 оны зургадугаар сард удаан хугацаанд үерхсэн найз охин Хелена Матичтай гэрлэжээ. Мөн түүний роль модель хаалгач нь Даниел Субашич, Давид де Хеа, Икер Касилльяас нар гэнэ.

Сүүлд гарсан мэдээллээр түүнтэй Челси, Байерн Мюнхен зэрэг багууд нэр холбогджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж