Драма дүүрэн тулаанаас Месси амь гарч, Неймар харив

Хуучирсан мэдээ: 2022.12.10-нд нийтлэгдсэн

Драма дүүрэн тулаанаас Месси амь гарч, Неймар харив

Драма дүүрэн тулаанаас Месси амь гарч, Неймар харив
Brazil's Neymar reacts after the penalty shootout at the World Cup quarterfinal soccer match between Croatia and Brazil, at the Education City Stadium in Al Rayyan, Qatar, Friday, Dec. 9, 2022. (AP Photo/Martin Meissner)

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн наймын эхний тоглолтууд өнгөрсөн шөнө болж, хагас шигшээ шатанд шалгарах эхний хоёр багийн нэр тодорлоо.


ХОРВАТ 1 – 1 БРАЗИЛ (ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ 4 – 2)

Энэ өдөр болсон хоёр тоглолт хоёулаа хөлбөмбөгийн фанатуудын хүлээлтийг давж, адерналин ялгаруулав. Эхний тоглолтод Хорват энэ тэмцээний гол фаворит Бразилыг ялж, таамаг эвдлээ. Үндсэн цаг 0 – 0 гэсэн харьцаатай өндөрлөсөн бөгөөд Бразилын тоглолтын турш довтолж, Хорватын хамгаалалтыг шалгасан. Энэ өдөр Хорватын хаалгач Доминик Ливакович дэлхий дахинаа өөрийгөө дахин нэг удаа харуулав. Тэрбээр Бразилын аюултай довтолгоонуудыг ээлж дараалан няцааж, ард түмнийхээ баатар болсон.

Нэмэлт цагийн 105+1 дэх минутад Неймар гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Нэгэнт эрчийг авсан тэд довтолгоогоо сааруулсангүй. Үргэлжлүүлэн довтолсоор байлаа. Яг энэ үед нь буюу 117 дахь минутад Хорватын шигшээ эсрэг багийнхаа хамгаалалтын алдааг овжиноор ашиглаж, олдсон цөөн боломжийнхоо нэгийг гоол болгов. Тус тэнцээний гоолыг сэлгээгээр талбайд орж ирсэн Петкович оруулсан юм.

Хорват өмнөх шатандаа Японыг торгуулийн цохилтоор ялсан билээ.

Ийнхүү шүүгч тоглолтын эцсийн шүгэлийг үлээж, торгуулийн цохилтоор ялагч тодрохоор болсон. Хорватаас Оршич, Модрич, Майер, Влашич гээд эхний дөрвөн цохигч нь цохилтоо амжилттай болгосон бол Бразилаас эхлээд Родриго алдаж дараа нь Маркиньос дахин алдсанаар 4-2 гэсэн харьцаатай 2018 оны мөнгөн медальт Хорват цааш шалгарсан.

Неймар энэхүү тоглолтод гоол оруулснаар Бразилын бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтад 77 гоолтой Пелетэй зэрэгцэж ирсэн.

Тоглолтын дараа Бразилын тамирчин Каземиро “Ялагдал бүр л хүнд тусдаг. Ялангуяа зорилго, мөрөөдөл болгоод дөрвөн жил хүлээсэн мөчид хожигдоно гэдэг үнэхээр хүнд. Энэ мөчийг илэрхийлэх үг олдохгүй байна. Толгойгоо өргөх хэрэгтэй, амьдрал үргэлжилсээр байна. Бид бүхэн гунигтай байна. Бүгд л чадах бүхнээ хийлээ. Бид бүгд сэтгэл дундуур байна. Бүх зүйл биднээс шалтгаалах байсан ч бүгдийг нь алдчихлаа. Үнэхээр хүнд үе тохиож байна. Одоо сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй байх” гэжээ.

Тус тоглолтын шилдгээр Хорватын хаалгач Доминик Ливакович тодорчээ.

НИДЕРЛАНД 2 – 2 АРГЕНТИН (ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ 3 – 4)

Энэ тоглолт магадгүй ДАШТ-ий бүх цаг үеийн хамгийн шилдэг басхүү хамгийн ширүүн тоглолтын нэгээр нэрлэгдэх биз ээ. Аргентин 83 дахь минут хүртэл 2-0 гэсэн харьцаатай итгэл төгс тэргүүлж байв. Тус гоолуудыг Молина болон Месси нар оруулсан.

Алдах зүйлгүй болсон Луи Ван Гаал хоёрдугаар үед Ваут Вергхост, Люк де Йонг нарыг талбайд гаргасан нь үр дүнгээ өгч, Вергхост 83 болон 90+10 дахь минутуудад дараалан гоолдож, үндсэн цагт хоёр баг 2 – 2 гэсэн харьцаатай тэнцсэн. Ялангуяа Вергхостын хоёр дахь гоол цэвэр гэрийн даалгавар байв. Хөдөлгөөнгүй бөмбөгнөөс Нидерланд гайхалтай хувилбар хэрэгжүүлж, тоглолтын сүүлийн минутад гоол оруулж чадсан юм.

Гоолоос гадна хоёр багийн тамирчид хоорондоо ихээхэн сөргөөцөлдсөн. Энэхүү тоглолтод нийт 14 шар хуудас, нэг улаан хуудас гарч талбайн ахлах шүүгч завгүй ажиллав. Хоёр багийн сэлгээний тамирчид хүртэл талбайд орж ирэн үймээнд хувь нэмрээ оруулаад амжсан.

Торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах мөч ирэхэд Аргентинаас хашир туршлагатай хаалгач Эмилиано Мартинез гайхамшигтай хаалтуудыг толилуулав. Тэрбээр Нидерландын эхний хоёр цохилт буюу Виржил ван Дик, Стивен Бергейс нарын цохилтыг хааж, багтаа давуу байдлыг үүсгэсэн. Аргентинаас Гонзало Монтиел, Леандро Паредес, Лионель Месси, Лаутаро Мартинез үүргээ биелүүлснээр Аргентин 4-3 гэсэн харьцаатай ялалт байгуулав.

Тоглолтын дараа Эмилиано  Мартинез “Би үүнийг 45 сая хүний төлөө хийлээ. Тэднийг аз жаргалтай болгох нь хамгийн гайхалтай мэдрэмж. Бид хагас шигшээд шалгарлаа. Бидэнд зүрх зориг, хүсэл тэмүүлэл байна” гэжээ.

Харин Лионель Месси “Бид нэмэлт цагт тоглох эсвэл торгуулийн цохилт цохих шаардлагагүй байлаа. Бид уначихлаа. Гэхдээ үүнийг давлаа, гайхалтай” гэж ярив.

Тус тоглолтын шилдгээр Лионель Месси тодров.

Хагас шигшээд Аргентин-Хорват гэсэн тулаан биднийг хүлээж байна. Хожсон нь финалд шалгарах бол хожигдсон нь хүрэл медалийн төлөө тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж