Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Хоёр намын шинэ имиж

АРДЧИЛСАН НАМ ДАХЬ ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ардчилсан намын генд өөрчлөлт оржээ. Өөрөөр дүгнэвэл, тус намд ургийн гажиг үр хөврөл явагдаж байна. Мэдээж хэрэг, үүнээс сиамын ихрүүд л мэндэлнэ. “Майн 1”-ний улс төрөөс үүдэлтэй энэхүү дүгнэлт биеллээ олж, Ардчилсан нам хэмээх “шүхэр” дор хоёр өөр нам бий болов. Мэдээж хэрэг, нэг нь Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракцийнхан. Харин нөгөө нь З.Энхболд ерөнхийлөгчтэй Ардчилсан хүчний холбоо. Тэдний ашиг сонирхлын зөрчилдөөн эрх ашиг, хүсэл, зорилгоороо эвлэлдэн нэгддэг нам гээчийн утга учрыг үнэнхүү үгүй хийлээ.

Өдгөө Ардчилсан нам буюу сиамын ихрүүдийн зөрчилдөөн хэр хэмжээнээсээ хальж, хот, хөдөөд эмх замбараагүй байдал үүсгэв. Эмх замбараагүй байдал хэмээгчийн тухай эцсийн дүгнэлт нь гишүүдийн хуваагдал юм.

Анагаах ухааны салбарынхны дүгнэлтээр, хэд, хэдэн шалтгааны улмаас сиамын ихэр төрдөг аж. Агаарын бохирдол, химийн хорт бодис, хүнсний чанаргүй бүтээгдэхүүн гэх мэт. Хэрэв энэ үндэслэлээр дүгнэвэл, Ардчилсан намынхан ашиг сонирхлын зөрчилдөөндөө хэт “хордчихож”. Тиймээс Монголын улс төр дэх цор ганц сөрөг хүчний имижээ умартаж, өөрсдийг нь нэгтгэж байсан “шүхэр”-ийг эвдэж орхилоо. Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг фракцийнхантайгаа хамт төв аппаратаа сахиж байгаа бол Ардчилсан хүчний холбооныхон хөдөөг чиглэсэн бодлого явуулж байна. Тус намын залуус Н.Алтанхуягийн заавраар орон нутагт саяхан ажилласан бол Ардчилсан хүчний холбооныхон тэдний гишгэсэн мөрөөр нэхэж, бүс нутгуудад хүчээ зузаатгаж эхэллээ. Тэд өнгөрөгч өдрүүдэд хангай, төвийн бүсийн чуулга уулзалт зохион байгуулсан бол зүүн бүсийн чуулга уулзалтаа өнөө, маргаашгүй хийх гэж байна.
Тэгвэл Ардчилсан нам буюу “Алтангадас” фракци, Ардчилсан хүчний холбоо хэмээх “нам”-ынхны эцсийн зорилго юу вэ. Тус нам ирэх сард, амжихгүй бол аравдугаар сард Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хурлаа хийнэ. Тиймээс Н.Алтанхуяг тэргүүтэй намын удирдлагууд байр сууриа алдчихгүйн тулд жирийн гишүүдээсээ нэмэх оноо цуглуулж яваа. Харин Ардчилсан хүчний холбооныхон тэдний эсрэг “хар” данс хөтөлж байна. Гэхдээ хоёр “нам”-ынхан цөм нэг тийш анхаарал хандуулж байгаа. Мэдээж хэрэг, тэр нь МАХН-ын Бага хурлын XII хуралдаан, XXVI их хурал юм. Дотооддоо дахин эвлэж нэгдэхээргүй хоёр хуваагдсан сөрөг хүчнийхэн ийнхүү МАХН-ынхны сценарит үндэслэн улс төрийн тоглолт хийхээр анаж байна. Тэр цагт З.Энхболд нар “сум”-аа хамтарсан Засгийн газрын зүг чиглүүлэх бол Н.Алтанхуяг тэргүүтэн гүйцэтгэх засаглалыг цээжээрээ хамгаалцгаана. Энэхүү прогнозоор бол хамтарсан Засгийн газрын нэг тал Ардчилсан намынхны харвасан “сум”-нд оногдох нь гарцаагүй.

Ардчилсан хүчний хол­бооны­хонд хэтийдсэн ашиг сонирхол бий. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд тэд цаг хугацаатай уралдацгааж байна. Тиймээс 2011 оноос өмнө эрх мэдлийг гартаа авах тактик тэднийх. Тактикаа амжилтгүй хэрэгжүүлж, 2010 оныг үдвэл тэдний хувьд З.Энхболд ерөнхийлөгчтэй Ардчилсан хүчний холбоог байгуулсны үр дүн гарахгүй. Тэдний улс төрийн зорилго намынхаа удирдлагыг гартаа авч, МАХН-тай зөвшилцөн хамтарсан Засгийн бүрэлдэхүүнд орох явдал билээ. Эдийн засгийн ашиг сонирхол нь мэдээж Тавантолгой. Учир иймээс тус холбооноос Орос, Хятад, Өмнөд Солонгос, Японы талыг баримтлагчид цөөнгүй төрөх болсон. Тавантолгойн орд дээр хамтран ажиллах оператор компаниудыг шалгаруулах үест тэд улс төрийн уур амьсгалыг халуухан болгоно. Ардчилсан нам дахь генийн өөрчлөлтийн үр дүнд “Алтангадас” фракци, Ардчилсан хүчний холбооныхны аль нь тунаж үлдэх нь намрын халуун өдрүүдэд тодорхой болох юм. Учир нь тус нам дахь хоёр “нам”-ын сөргөлдөөний өрнөл хэсэг ид үргэлжилж байна. Ардчилсан намын жирийн гишүүд энэ мөчид “Нам болохоо байлаа шүү” хэмээн бүрээгээ үлээж эхэллээ.  

МАХН-ЫГ СОНСЪЁ

МАХН-ынхны тодотгол бол өөр. Тэд сөрөг хүчинтэйгээ эвсч, хамтарсан ч эрх баригчийн имижээ хадгалсаар байгаа. “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд намын гишүүд, иргэдийн үгийг сонсч байгаа тус намынхныг сонсох цаг болсон. Эрх баригч бүлэглэлийнхэн энэ удаад намрын “халуун” улс төрийг эхэллээ. Тус намын Удирдах зөвлөл ирэх саруудад өрнөх улс төрийн үйл явцаас өрсч, тактикийн шинж чанартай алхмуудаа хэрэгжүүлж эхлэх нь өчигдөр, уржигдраас тодорхой болсон. Дотооддоо үймээн самуунтай байгаа хоёр аймгийн Засаг даргын огцрох хүсэлтийг тэд хүлээн авсан нь өрнөл муутайхан мелодрам. Харин хамтарсан Засгийн газрыг хагалж, бутаргах гэсэн Ардчилсан намынхны хөдөлгөөн дээр тоглох нь тэдний бодлого юм. Тийм ээ, МАХН гүйцэтгэх засаглалын хувь заяаг сөрөг хүчнийхэндээ даатгаж байна. Гэвч эцсийн бүлэгт Ардчилсан нам дахь хоёр “нам”-ынхан дэггүйтэж, засгийг хөнтөрвөөс хожил МАХН-д ирнэ. Энэ бол тус намын зүгээс дуулдаж буй их чимээ. Басхүү “МАХН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Хөгжлийг түргэтгэх зорилгоор Ардчилсан намтай хамтарсан” гэдэг нь тэдний PR.  

Чимээгүй агаад нүргээнтэйхэн үйлдэл хийдэг нь МАХН-ын онцлог. Тэд Бага хурлын XII хуралдаанаараа 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэнэ гэж байгаа ч “Ардчилсан намтай хамтран байгуулсан Засгийн газраа хэвээр ажиллуулах уу. Аль эсвэл засгийн эрхийг дангаар барих уу” гэдэг талаар мэтгэлцээн өрнүүлнэ. Бага хурлын үеэр энэхүү мэтгэлцээн уур амьсгалыг ямар болгохоос их хурал, ирэх өдрүүдийн улстөржилтийн дүр төрх тодорхой болох юм.
МАХН, Ардчилсан намынхны хувьд 2012 оны сонгууль хэдийнэ эхэлжээ. Тиймээс аль, аль нь шинэ имижийг эрэлхийлж байна. МАХН-ын дэргэдэх МАСЗХ нэрээ өөрчлөхөөр шийдсэнчлэн МАХН ч “Хувьсгалт” хэмээх үгнээс татгалзана. Хамгийн сонирхолтой нь Ардчилсан намынхан сөрөг хүчний имижээ бүдгэрүүлэх энэ цагт МАХН-ынхан нэр, үзэл баримтлалдаа ардчилсан өнгө аясыг оруулахаар зэхэж байгаа билээ. Эрх баригч, хаалттай, бугшмал хэмээх имижээ тэд ардчиллаар гоёж, ирэх сонгуульд Ардчилсан намтай хүч үзнэ. Тэр цагт сонгуулийн марафон өмнөхөөсөө ч сонирхолтой өрнөх биз. Тэгээд ч МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд баруун аймгуудад ажиллаж, ард иргэдийн үгийг сонссоныг сонгуулийн марафоноо албан ёсоор эхэллээ гэж ойлгож болно. Тэрбээр гишүүддээ дажин зарлаж суугаа Ардчилсан намын даргаас лав нэг алхам түрүүллээ.

МАХН-ын Бага хурлын 255 гишүүн дунд ч сөргөлдөгчид бий. Тус намын Удирдах зөвлөл “болдоггүй” засаг ноёдыг ирэх сарын 7-нд болох хурлаас өмнө огцруулж байгаа нь бусдад нь сануулга өгөх гэсэн хэрэг. Эл үйл явцаас дүгнэвэл, МАХН махны “машин” биш, диктатурын машинаа ажиллуулаад эхэлчихэж. Гэвч 255 гишүүний цаана XXVI их хурлын төлөөлөгчид хэмээх нүсэр баг бий. Өмнөх их хурлын өмнөхөн тус намыг Н.Энхбаярын фракци буюу “Элсний 13” донсолгож, хотын фракцийнхантай ширүүхэн тулсан бол энэ удаад С.Батболд, У.Хүрэлсүх, М.Энхболд нарын эсрэг тэд бас л хөдлөх нь гарцаагүй. Ардчилсан намд эрх мэдлийг алдах, авахын төлөөх тулаан үргэлжилж байгаа бол МАХН-д алдсан эрх мэдлээ буцааж авахын төлөө нэг хэсэг нь “амь орно”. Эцсийн эцэст, МАХН-ын дарга С.Батболд, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд нарын ашиг сонирхол нэг л зүйл дээр төвлөрч байна. Мэдээж хэрэг, энэ бол хүчээ бэхжүүлж, нөлөөгөө тогтоох юм.   

С.БАТТУЛГА.

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж