Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай цаг үеийн асуудлаар болон салбарын бодлогын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол нүүрсний хулгай. Нүүрсний хулгайн асуудал удаан хугацаанд яригдаж байгаа боловч шийдэгдсэн асуудал байхгүй өнөөдрийг хүрсэн нь худлаа биш. Үүний гол шалтгааныг хуулийн байгууллагатай их холбож байна. Үнэхээр нүүрсний хулгай илрэхгүй байгаа нь хууль, хүчнийхэнтэй холбоотой юу?
-Нэгд, төрийн өмчит компанийн засаглал сайн биш байгаагийн тод жишээ энэ. Хувийн өмчит компанийн нүүрсний уурхайгаас хэдэн их наяд байтугай хэдэн саяар тоологдох нүүрс алга болох ямар ч боломжгүй. Тиймээс бид төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хоёрт, бид БНХАУ-ын прокурорын байгууллагатай хамтарч ажиллах чиглэлийг гадаад харилцааны шугамаар ярьж байна. Монголд дан ганц шингээгүй, экспортлогч орон руу гаалийн татвар төлөгдөөгүй болон тухайн компанид нүүрсний төлбөр төлөгдөөгүй гарсан нүүрсийг бид нүүрсний хулгай гэсэн томъёоллоор шалгаж байгаа. Дээр нь ОПТЕК-тэй холбоотой асуудлууд бий. БНХАУ, Монгол Улсын гаалийн мэдээлэл зөрдөг гэдгийг өмнө нь хэлсэн. БНХАУ руу гарсан бүх тээврийн хэрэгслийн бүртгэл, ачаатай, ачаагүй гарсан шалгалтууд бас хийгдэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд мөрдөн шалгагдаж байгаа хэргийн талаар нарийн мэдээлэл авах эрх байхгүй. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. АТГ-ын удирдлагууд Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй, ил мэдээлж болох тэр мэдээллийг авах нь зөв байх. Огт шалгагддаггүй байсан асуудал шалгагдаж, эхнээсээ хил, гаалийн ажилтнууд нүүрсний хулгайн хэрэгт ял сонсоод, яллагдагчаар татаад шалгалтын ажил үргэлжилж байна. Нилээд олон хүнийг хамарсан шалгалтын ажлууд үргэлжлэхээр төлөвтэй байна гэж харж байна. Жилд бид нэг машин ойролцоогоор 90-100 тонны нүүрс тээвэрлэж, 10 гаруй сая тонн нүүрс гаргадаг гэж үзэхэд БНХАУ-ын гаалийн мэдээ, орсон гарсан автомашины бүртгэл, манайхаас гарсан машины бүртгэлүүдэд тулгалтын ажил хийж байна. Тухайн үед уурхай дээр ажиллаж байсан удирдлагууд, хил, гаалийн ажилтуудтай холбоотой мэдээллүүдийг нэг бүрчлэн шалгаж, тогтоосны дараа тодорхой дүн гарна.
Нэг асуудал олны анхааралд орж, шалгагдаж, буруутай хүмүүст хариуцлага хүлээлгээд эхлэхээр цаашид энэ төрлийн асуудлыг хүний хүчин зүйлээс үл хамаарах байдлаар цахимжиж хяналтыг явуулдаг тогтолцоо руу бид шилжинэ.
2017 онд УИХ-ын Л.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэгт би гишүүн нь байсан. Тэр үед Л.Энхболд гишүүн 2012-2015 оны google map дээрх мөргөцөгийн зураг багасч, байхгүй болсон талаар мэдээлж, тэр үед ажлын хэсэг газар дээр нь очиж үзсэн. Жижиг Тавантолгойн удирдлагууд тэр хэсгийг авсан, уулын ажлын нөхцөл байдлаас шалтгаалж авсан. Хоёр байгууллага хоорондоо акт үйлдсэн гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш хууль хяналтын байгууллага ямар ажил хийсэн, хаана гацсан бэ гэдэг асуудал. Тэр нүүрс жижиг Тавантолгойн нэр дээр Гашуунсухайт боомтоор гарсан юм уу, хэн нэгэн албан тушаалтан гаргасан уу гэдгийг нарийвчлан тогтоож байна гэх сүүлийн мэдээллийг надад өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн яам шалгадаг байгууллага биш учраас нарийн мэдээлэл алга. Яам гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд тодорхой байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хүн хүчээ зөв хуваарилахад тал дээр чиглэл өгөх үүрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрх яаманд байхгүй.
-Нүүрсний хулгайн хохирлын хэмжээг хүмүүс олон янзаар ярьж байна. Яг тодорхой дүн байна уу, танд мэдээлэл байна уу. Үнэн, худал нь мэдэхгүй тоонууд олон нийтийг их эргэлзүүлж байна?
-Үнэлгээ гаргасан хүмүүсээс асуух хэрэгтэй. Нийт хохирлын үнэлгээг Шүүх шинжилгээний байгууллага гаргах ёстой. Дөнгөж энэ процесс нь эхэлж байгаа учраас өнөөдөр би тоо хэлэх боломжгүй. Сошиал орчинд том синсаацтай асуудал дээр давалгаа, өхөөс үүсгээд тодорхой тоотой дүн яриад байх шиг байна. Шүүх шинжилгээний байгууллагын гаргасан дүнгээр үнэлгээ, хохирлын асуудлыг ярина. Монгол Улсын тогтолцоо нь Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хууль зүйн бодлого тодорхойлох, дотоод аюулгүй байдлын салбарыг мэргэжил арга зүйн удирдалага, бодлогоор хангах үүрэгтэй. Түүнээс гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд прокуро, шүүгчийг томилдог эрх байдаггүй, ХЗДХЯ-нд. Ерөнхий сайд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэгт орж хэлэлцэх ёстой гэсэн чиглэлийг өгсөн байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЭРХ БАРИГЧИД АН-ЫГ ЧАДАМЖГҮЙ БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн Н.Ганибалаас цаг үеийн асуудлаар байр суурийг сонслоо.
-Ардчилсан нам өнөөдөр бий юу. Тухайлбал, өнөөдөр АН-ын хувьд түүхэн өдөр тохиож байхад та бүхэн таг чиг байна?
–Арванхоёрдугаар сарын 6 бол Монголын ардчиллын хувьд түүхэн өдөр. Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, ардчилал гээд 32 жилийн түүхэн цаг хугацаанд ололт олсон сайхан өдөр гэж боддог. Цаг хугацааны хувьд ардчилалд сорилтууд тулгарч байна. Энэ цаг мөчид ардчиллын мөн чанарыг буруугаар эргүүлэх гэсэн эрх баригч нам уг өдрийг өөрсдийнхөө арга хэмжээ болгож булааж авах гэсэн нь харагдаж байна. Аливаа юмс хэлбэрээс илүүтэй бусдыг буруутгах, бүдгэрүүлэх гэхээс илүүтэй мөн чанар нь алдагдаад байгаа нь харамсалтай байна. Өнөөдрийн хувьд эрх баригч нам бол 62-уулаа хүчээ нэгтгээд бүгдийг чадна гэж буй ч энэ цаг үед иргэд төр засгийн бодлогыг шүүмжлэн, шударга ёсыг хайж жагсч байна.
-Иргэд нүүрсний хулгай, эдийн засаг доройтсоныг шүүмжлэн жагслаа. Үнэндээ танай нам яагаад иргэдийнхээ төлөө дуугарахгүй байгаа юм бэ?
-Монгол Улсад төрийн мэдэлд бүх зүйлийг авсны хар лайгаар хулгайч гэх нэр томьёо улам их хүчээ авч байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Засгийн газар, эрх баригчид өнөөдөр хүнээ томилж тэр компанийг удирдаж байна. Дээрээс нь гарч буй бүтээгдэхүүн болгон дээр хяналт тавьж байгаа нь нөгөө л төрийн албадууд байна. Төрийн тусгай чиг үүрэг буюу гааль, мэргэжлийн хяналт хилийн цэрэг, тагнуул гээд байгууллагууд хяналтаа муу тавьж нүүрсний хулгайн үйл ажиллагаатай хамтарч оролцож буй учраас хулгай гэдэг асуудал яригдаж байна.
Монголын ард түмэн, “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцаа эзэмшигчийн хувьд иргэн болгон эрхээ эдэлж, хулгай хийсэн хүмүүсийг илрүүлж, шаардлага тооцох нь зүйн ёсны хэрэг. Засгийн газраас "Эрдэнэс-Тавантолгой"-д БЭТ томиллоо. Тэгэхээр өмнөх удирдлагууд нь хулгайч байсан учраас БЭТ томилж, үйл ажиллагааг нь засах гэж байгаа байх. Томилогдсон БЭТ нь хулгайг ил болгож ард түмэнд зарлаж, ард түмний 1072 хувьцааг эзэмших эрхийг нь нээж өгөх шаардлага гарч байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙГЭЭР ШАЛГАРСАН МИНЬ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ"
“Монголын сайхан бүсгүй” тэмцээний 2001 оны “Тана эрдэнэ” өргөмжлөлт мисс М.Сэлэнгэ цагтаа загварын ертөнцийг шуугиулж явсан нэгэн. Тэрбээр өөрийн төрсөн дүү М.Хэрлэнгийн хамт “Гоёл” наадмын тайзнаа зэрэгцэн алхаж “Шилдэг загвар өмсөгч” өргөмжлөлийг гардан авч байсан түүхтэй. Мисс бүсгүй сүүлийн жилүүдэд хувиараа бизнес эрхэлж, үл хөдлөхийн салбарт амжилттай яваа. Ингээд түүнтэй 20 жилийн өмнөх дурсамжийн талаар яриа өрнүүллээ.
-Загварын ертөнцөд гурван Сэлэнгэ байдаг байх аа?
-Тийм ээ. Загварын ертөнцөд гурван Сэлэнгэ бий. Хүмүүс намайг том М.Сэлэнгэ гэж дууддаг. Би 15 настайгаасаа загварын тайзнаа алхаж эхэлсэн.
-Одоогоос 20 жилийн өмнө Монголын сайхан бүсгүйгээр шалгарч байсан дурсамжаасаа ярихгүй юу?
-Анх 2001 онд 20 насандаа “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байлаа. Тухайн үед өөрөө тэмцээн уралдаанд оролцох бодолгүй байсан ч “Эра” төвийн Д.Эрдэнэтуяа эгчийн саналаар, ээжийнхээ зөвшөөрлөөр орсон. Ээж минь “Миссийн тэмцээнд оролцох нь эмэгтэй хүний насан туршийн бахархал, дурсамж байх болно” гэж намайг дэмжсэн.
Анхны тэмцээндээ ороод “Тана эрдэнэ” өргөмжлөл, “Хамгийн гоолиг биетэй мисс” өргөмжлөл хүртэж байлаа. Тухайн үед тэмцээн маань Улсын циркт болсон санагдана.
Цаг хугацаа маш хурдан өнгөрч, 21 жил болжээ. Ойрын хүрээллийн хүмүүсийн зөвлөснөөр үнэхээр дурсгалтай, эргээд бодоход гоё дурсамжийг үлдээжээ. Энэ дашрамд, Д.Эрдэнэтуяа эгчдээ баярлалаа. Ээждээ хайртай шүү гэж хэлье.
-Хамгийн анх 1989 онд Монголын сайхан бүсгүйгээр мисс Н.Биндэръяа шалгарч байсан шүү дээ?
-“Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг 1989 оноос хойш зохион байгуулж, анхны тэмцээнд Н.Биндэръяа эгч “Алтан эрдэнэ” өргөмжлөлийг хүртсэн. Тэгэхэд би жаахан охин байсан. Тухайн үед титэм зүүсэн миссийг хараад “Том болоод ийм сайхан бүсгүй болох юмсан” гэж мөрөөддөг байлаа. “Монголын сайхан бүсгүй” тэмцээн хамгийн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй уралдаан байсан.
Энэ тэмцээний “Алтан эрдэнэ” өргөмжлөл хүртсэн бүсгүйд нэр хүндээс гадна их хариуцлага ирдэг байлаа. Тиймээс ч уралдааныхаа нэр хүнд, чансааг хадгалж үлдэхийн тулд 2007 оноос хойш зохион байгуулахаа больсон юм.
Сүүлд 2006, 2007 оныг хүртэл миссийн тэмцээнд янз бүрийн гоо сайхны мэс засал хийлгээгүй, шивээсгүй байх шалгуурыг тавьдаг байсан. Сүүлийн үед гоо сайхны мэс засал нээлттэй болж, нийгмийн хөгжлөө дагаад гоо бүсгүй шалгаруулах тэмцээний шалгуур өөрчлөгдсөн.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ТӨРГҮЙ УЛСАД АМЬДАРЧ БАЙГАА ЮМ ШИГ ДАНАЛЗАХ ХЭРЭГГҮЙ"
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтолцооны өөрчлөлт хийхээ мэдэгдсэн. Ингэхдээ улс төрийн намуудтай зөвшилцөж, Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэдгээ илэрхийлсэн. Үүнийг та дэмжих үү?
-Сонгуулийн тогтолцоог өөрчилье гээд өнөөдөр ярьсан юм биш. Сүүлийн хоёр жил ярилаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь илүү шударга ёс тогтооё гэсэн үг шүү дээ. Ил тод болгоё, шударга болгоё л гэж байгаа юм. Сонгуулийн тогтолцоо ярихаас гадна, сонгуулиа хийдэг дүрэм, журмаа өөрчлөх хэрэгтэй. Цаашдаа хар машинаар сонгуулиа хийх юм уу, хийхгүй юм уу, хар машин шударга байж чадав уу. Сонгогчдын эрх үүргийг хамгаалж чадав уу.
Сонгуулийн луйвар хийж байна уу гэх мэт асуудлаа ярьж шийдэх ёстой. Дээр нь сонгуулиар иргэд авлига авдаг явдлыг болиулах хэрэгтэй. Авлига авсан иргэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг, төрийн эсрэг хандаж байна гэж үзэх ёстой.
Иргэн болгон заавал сонгуулиа өгдөг, хэрвээ сонгуулиа өгөөгүй бол төрийн үйлчилгээ үзүүлдэггүй болох хэрэгтэй. Сонгууль өгөх нь хүн болгоны үүрэг байх хэрэгтэй. Тэрнээс сонгуулиар хашааныхаа орой дээр гарч зогсчихоод “мөнгө өгвөл танай намд очиж саналаа өгнө” гэж шантааж хийдгийг болиулах ёстой. Оюутнууд бөөн бөөнөөрөө очиж 100 мянган төгрөг аваад, Монгол дээл өмсөөд саналаа өгдөг юм билээ. Үүнийг ч зогсоох шаардлагатай.
-Та иргэдийн жагсаалыг юу гэж харж байна. Тэмцэл нь үр дүнд хүрэх болов уу. Нөгөөтэйгүүр, жагсаалын ард нүүрсний бүлэглэл байгаа гэж Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцолсон?
-Монгол Улс ардчилсан орон. Өчигдөр гадаад дахь найз нар "Танайд юу болоод байгаа юм бэ? Төрийн эргэлт гараад байгаа юм уу. Бослого гараад байгаа юм уу"гэдэг юм ярьж байна. Би юу гэж хариулсан гээч “Манайх ардчилсан орон. Манай иргэд үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх хэрэгтэй. Тиймээс ийм жагсаал цуглаан болж л байдаг юм. Болох ч ёстой гэж бодож байгаа. Төр засгаасаа шударга ёсыг шаардаж байна. Байдаг л зүйл. Энийг далимдуулаад зориуд бусдын өмч хөрөнгөд халдах, бусдын эрхэд халдах үйлдэл гаргаж буй иргэдтэй хууль хяналтын байгууллага хатуу тэмцэх хэрэгтэй.
Соёлтой жагсч сурах хэрэгтэй. Тэмцэнэ гэдэг чинь далимдуулж үймээн дэгдээхийг хэлж байгаа юм биш шүү дээ.
Европын холбооны улсад зөндөө л жагсаал болдог юм билээ. Герман, Швед цалингаа нэмүүлнэ энэ, тэр гээд зөндөө жагсдаг. Гол төлөв үймээн болж буй орнууд бол хөгжиж буй орон байдаг. Тэгэхээр жагсаалыг далимдуулж үймээн гаргаж буй нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Энэ бол ардчиллаас ухарч буй үзэгдэл. Би ардчилсан үзэлтэй учраас жагсаал цуглаан болох ёстой гэж үздэг. Ардчилсан үнэт зүйлсийг бид өөрсдөө хамгаалах хэрэгтэй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ТАЙВАН ЗАМААР ЖАГСААЛ ХИЙВЭЛ ХЭД ДАХИН ҮР ДҮНД ХҮРЧ ЧАДНА"
Монголын "Эмнести интернэшнл" байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.
-Сүхбаатарын талбайд тав дахь иргэд өдрөө эсэргүүцлийн жагсаал хийж байна. Энэ үеэр зарим хүмүүс ухаан алдаж, гэмтэж бэртсэн. Хүний эрхийн талаас танай байгууллагад гомдол санал ирсэн үү?
-Сүүлийн хэдэн өдөр үргэлжилж буй жагсаалтай холбоотойгоор хүний эрх зөрчигдлөө гэсэн гомдол ирээгүй байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагынхаа хувьд болж буй жагсаал цуглааны талаарх мэдээ мэдээллийг боломжит сувгуудаар хүлээн авч байна. Мөн хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум гишүүдийн хамтаар жагсаал цуглааныг ажиглаж, баримтжуулж байгаа. ХЭҮК-оос ч мөн жагсаал цуглааны үед хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, анхаарал тавин ажиллаж байна.
Бидэнд одоогийн байдлаар цугласан мэдээллээс харахад, иргэдийн бөөгнөрөл, Төрийн ордон руу дайрах явцад ухаан алдах, бэртэж гэмтэх зэргээр 10 иргэн эмнэлгийн тусламж авсан, цагдаа, дотоодын цэргийн 13 гаруй алба хаагч гар, хөл, толгой цээжиндээ гэмтэл авч мөн эмнэлгийн тусламж авсан.
Гэхдээ энэ бол эцсийн бүрэн тоо биш юм. Тиймээс та бидэнд байгаа мэдээллүүд зөрж байгаа байх. Хэдий тайван замаар эхэлсэн боловч энэ жагсаал цуглааны үеэр гацуур шатаах, хамгаалалттай бүс рүү дайрах, хашаа болон бусад эд зүйлс, хөрөнгөд хохирол учруулсан үйл явдал болсныг хэвлэл мэдээллийнхний шууд дамжуулалт, цахим сүлжээнд тавигдсан иргэдийн мэдээллээс бид харсан. Тэгэхээр жагсаалд оролцогч зарим иргэний санамсаргүй биш, санаатайгаар үйлдсэн бусдын эд зүйл хөрөнгөд хохирол учруулсан зөрчил байгаа эсэхийг цагдаагийн байгууллага алба үүргийнхээ дагуу тогтоох, шалгах үйл ажиллагаа явуулах нь гарцаагүй.
Байцаагдсан хоёр иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлсэн тухайгаа өмгөөлөгч мэдээлсэн. ХЭҮК болоод Өмгөөлөгчдийн холбооноос энэ асуудалд онцгой анхаарал хандуулж хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхээр хамтарсан баг гарган ажиллаж байгаа учраас цагдаагийн байгууллагаас иргэдийг баривчилж шалгаагүй гэдэг мэдэгдлийн үнэн зөв эсэх дээр тайлбар өгөх байх.
Харин цагдаагийн байгууллагын зүгээс уг жагсаалыг бүртгэлгүй хууль бус гэдгээр зохион байгуулагчдыг болоод оролцогчдыг шалгах, байцаах, зөвхөн тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэдийг баривчилж, байцаах ёсгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ