Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Тус өөрчлөлтийн дагуу хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-наас эхлэн дөрвөн өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн шалгалтад 5605 шалгуулагч бүртгүүлсэн байна.
Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Д.Отгонбаатар:
-2022 оны хоёр дахь удаагийн ЭЕШ арванхоёрдугаар сарын 16-19-ний хооронд дөрвөн өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн шалгалтад 5605 шалгуулагч бүртгүүлсэн байна. Өмнөх жилүүдэд Монгол хэл, бичгийн шалгалт хоёр сарын өмнө зохион байгуулагддаг байсан бол арванхоёрдугаар сарын 16-ны эхний шалгалт Монгол хэл, бичгээр эхлэх юм. Тэгвэл ЭЕШ өгөх сургууль болоод анги танхимын суудлын хуваарь маргааш /2022.12.10/ тодорхой болох юм байна. Шалгуулагчид БҮТ-ийн www.eec.mn цахим хуудсаар нэвтэрч, суудлын хуваариа хэвлэн аваад шалгалтад орох өдрөө авч ирэх ёстой. Монгол хэл, бичгийн шалгалтад зөвхөн цэнхэр өнгийн тосон балтай ирнэ. Харин бусад хичээлд ирэхдээ шалгалтад заасан баримт бичгээс өөр (ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас) зүйлсийг авч орохыг хориглоно. Энэ удаагийн шалгалтад зориулж нийслэлд тав, аймаг бүрт нэг байрыг тус тус бэлдээд байна. Шалгуулагчид ирэхдээ иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэсэн дөрвөн бичиг баримт бүрдүүлж ирэх ёстой гэлээ.
Холбоотой мэдээ