Нүүрсний хулгайн асуудал өндрөө авч, "Эрдэнэс Тавантолгой", орон нутгийн жижиг "Тавантолгой" компанид Засгийн газраас зургаан сарын хугацаатай Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилсон. Анх өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “шүгэл үлээж”, нүүрсний хулгайн асуудлаар "Эрдэнэс Тавантолгой" компанид бүрэн эрхт төлөөлөгч томилсон талаар мэдээлж байв.
Энэ үйл явдалтай зэрэгцэн тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, компанид шалгалт оруулсан. Өдгөө түүнийг тус компанид ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт сэжигтэнээр шалгаж, цагдан хорьж буй. Түүнтэй хамт түүний эгч, эхнэр, хамаарал бүхий этгээдийг цагдан хорихоор болж байна. Мөн Авлигатай тэмцэх газар "Эрдэнэс Силвер ресурс"-ийн захирал Т.Мөнхбаяр нарыг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
Төрийн өмчит компаниуд ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-өөр дамжуулан гаргадаг зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн асуудалд "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Эрдэнэс Силвер ресурс" компаниудын удирдлага холбогдсон бол энэ асуудалд ТУЗ-ийн гишүүд ч хамааралтай байх боломжтой.
Эдгээр компаниудын ТУЗ-д сүүлийн жилүүдэд болон Б.Ганхуяг, Т.Мөнхбаярын үед ажиллаж байсан ТУЗ-ийн гишүүдийг танилцуулж байна. Мөн ТУЗ-ийн гишүүд нь цалин авч, тухайн компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, санхүүжилтийг дэмжих, үйл ажиллагааны чиглэлд оролцох зэрэг олон давуу талтай. ТУЗ нь компанийг стратеги удирдлагаар хангах болон гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх мэдэл, ур чадвар, хараат бус байдлыг бүрдүүлэх ёстой.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН ТУЗ-Д ТӨРИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД АЖИЛЛАДАГ
"Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-д сүүлийн гурван жилийн хугацаанд ажилласан ТУЗ-ийн гишүүдийг танилцуулж байна.
2018 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн (тухайн үеийн албан тушаалыг хавсаргав)
- Г.Нандинжаргал – УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
- У.Бямбасүрэн – ЗГХЭГ-ын дэд дарга
- С.Наранцогт – Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Р.Мэргэн – ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- Ц.Баяр-Эрдэнэ – Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга
- Б.Ганхуяг – "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал
- Ц.Ганболд – Монголын хуульчдын холбооны тамгын газрын дарга
- Х.Болор-Эрдэнэ – "Монголросцветмет" компанийн захирал асан
2019 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн:
- ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан
- ТУЗ-ийн гишүүн М.Баяраа
- ТУЗ-ийн гишүүн У.Бямбасүрэн (ЗГХЭГ-ын дэд дарга)
- ТУЗ-ийн гишүүн С.Наранцогт ("Эрдэнэс Монгол"-ын захирлаар сая томилогдсон)
- ТУЗ-ийн гишүүн Р.Мэргэн
- ТУЗ-ийн гишүүн Ц.Баяр-Эрдэнэ
- ТУЗ-ийн гишүүн Б.Ганхуяг
2022 оны ТУЗ-ийн бүрэлдэхүүн:
- Б.Ганбат – ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга
- Х.Батжаргал – Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Б.Бямбадагва – Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Ж.Ганбат – Засгийн газраас томилогдсон БЭТ
- С.Мөнхчулуун – ШӨХТГ-ын дарга
- Ч.Энх-Амгалан – "Эрдэнэс Монгол" ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга
- Д.Баярбат – “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал
Төрийн өмчит компаниудын ТУЗ нь төмөр замын бүтээн байгуулалт, сонгон шалгаруулалт, хийж хэрэгжүүлж буй бүх төлөвлөгөө, ажлыг танилцуулдаг, тайлангаа тавьж, төсвөө батлуулдаг. Гэтэл нүүрсний хулгайн дүйвээнээр ТУЗ-ийн гишүүд нь ямар нэг хариуцлага хүлээхгүй өнгөрөх үү. Эсвэл энэ бүхнийг ТУЗ-ийн гишүүд огт мэдээгүй өнгөрсөн үү. Хийгдсэн гэрээ нь нууцын зэрэглэлтэй учраас ТУЗ-ийн гишүүдийн оролцоогүй, шийдвэрээ Б.Ганхуяг дангаараа гаргасан уу гэх мэт олон асуулт эргэлзээ төрүүлж байна.
“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Т.МӨНХБАЯР ҮЕИЙН ТУЗ-ИЙН МЭДЭЭЛЭЛ
Нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал Т.Мөнхбаярыг цагдан хорьсон. Тэгвэл тус компани нь "Эрдэнэс Монгол" компанийн охин компани юм. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 133 дугаар тогтоол, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг 2019 оны 05 дугаар сард үүсгэн байгуулжээ.
- Уул уурхайн чиглэлээр зөвөлгөө өгөх
- Ашигт малтмал эрэх, хайх
- Ашигт малтмал олборлох, ашиглах
- Гэрээгээр өрөмдлөг хийх үүрэгтэй компани аж.
Тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэл ил, тод байдаггүй. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус компанийн Төлөөлөн Удирдөх зөвлөлийн даргаар ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч А.Энхзул, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Санхүүгийн хэлтсийн дарга М.Баясгалан, "Эрдэнэ Монгол" компанийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Элбэгзаяа, "Эрдэнэс Монгол" компанийн нягтлан Г.Отгонцэцэг, УУХҮЯ-ны Стратеги төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, С.Батсүрэн, Б.Алтаннар зэрэг хүмүүс ТУЗ-ийн гишүүдээр ажиллаж байсан гэх мэдээлэл байна.
Засгийн газар нүүрсний асуудлыг шалгаж буй. Маш өргөн бүрэлдэхүүнтэй, том хүрээний шалгалт хийж байгаа гэсэн. Тиймээс ганц гарын үсэг зурсан захирлуудын шийдвэр гаргасан захирлууд нь хариуцлага хүлээгээд дуусах уу. Гүйцэтгэх удирдлагад хяналт тавих үүрэгтэй байгууллага бол ТУЗ байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайтай холбоотой болон нууцаас гаргасан гэрээнүүдийг "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Эрдэнэс силвер ресурс"компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд мэдэж байсан уу, тэд үүнд оролцсон уу гэдэг асуулт урган гарна.
Холбоотой мэдээ