НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 1996 онд Иракийн эсрэг хориг тавьж, энэ хориг үйлчилж байснаас 13 жилийн хугацаанд тус улсад 1.5 сая хүн нас барсны 500 мянга орчим нь хүүхэд байсан гэж үздэг. Нидерландын Дээд шүүхийн тэргүүн асан, мэргэжлийн хуульч, түүхч, дипломатчид орсон тусгай ажлын хэсэг Иракийн дайныг олон улсын хуулийг зөрчсөн гэж дүгнэжээ. Мөн Их Британийн зүгээс Нидерландад шахалт үзүүлэн дайнд татан оруулсны ард бизнесийн ашиг сонирхол байсан гэж үзсэн юм. Бизнесийн ашиг сонирхол гэдэгт Их Британийн газрын тосны томоохон компаниуд хамгийн түрүүнд дурдагдсан юм. Үүгээр зогсохгүй Иракийг эзэлсний дараа тус улсын иргэдэд тулгасан олон төрлийн эдийн засгийн хязгаарлалт нь олон улсын аливаа хууль дүрэмд харш юм. Тухайлбал, Иракийн фермерүүдийг өөрийн үрийг ашиглахыг хориглон зөвхөн АНУ юмуу Австралиас худалдан авсан үрээр тариалан эрхлэхийг тулгасан байдаг.
Иракийн эсрэг хориг үйлчилж байх жилүүдэд хэрэгжсэн “Газрын тосыг хүнсээр солих сан” болон Иракийн эрдэнэсийн сангаас хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө алга болсон тухай мэдээлэл урьд нь гарсан билээ. Тэр бүх хөрөнгө энэ дайныг өдөөсөн санхүү, улс төрийн бүлэглэлүүд ийн мэдэлд орсон тул тэр тухай мэдээлэл хэзээ ч ил гарахгүй нь тодорхой. Иракийн эсрэг хориг үйлчилж байсан жилүүдэд АНУ, Их Британийн олон байгууллага С.Хуссейнээс газрын тос борлуулах гэрээг олноор авч, хориг арга хэмжээг зөрчин их хэмжээний ашиг олж байсан тухай мэдээлэл байдаг боловч Аюулгүйн зөвлөлөөс тэдгээр хэргийг шалгаагүй. Түүнд нь нэлээд нэр нөлөө бүхий хүмүүс холбогдсон тухай мэдээл гарч байсан юм. Түүнчлэн Ж.Бушийн засаг захиргаа Иракийн газрын тосны гэрээтэй холбоотой хэрэг, маргааныг АНУ дахь шүүхээр шалгах эрхгүй гэсэн заавар бүхий тушаал гаргаж энэ хэргийг замхруулахад тусалжээ.
Иран, Бразиль, Туркийн удирдагчид Ираны Эмнэлгийн зориулалттай судалгааны реакторд нэг жилд шаардлагатай 20 хувийн агуулгатай 3.5 кг ураныг нийлүүлж, оронд нь 3.5 хувийн агуулгатай 1200 кг уран авах тухай гэрээг өнгөрсөн хавар үзэсгэлэн билээ. Гэвч АНУ тэргүүтэй барууны орнууд энэ боломжийг бүрэн үгүйсгэж, Аюулгүйн зөвлөлөөс Ираны эсрэг дөрөв дэх хориг арга хэмжээг баталсан юм. Энэ нь НҮБ-ын дүрмийн долдугаар бүлгийг зөрчсөн хэрэг. Уг бүлэгт “Энх тайванд заналхийлсэн, халдан түрэмгийлэх аюул оршиж байвал” гэж заасныг зөрчин Ираны эсрэг дөрвөн ч удаа хориг арга хэмжээ аваад байгаа юм. Иракийг үй олноор хөнөөх зэвсэг боловсруулсан гэх үндэслэлээр эзэлсэн боловч тэр батлагдаагүй билээ.
Үй олноор хөнөөх зэвсгийг хязгаарлах гэрээг ч гэсэн их гүрнүүд зөвхөн өөртөө ашигтай тохиолдолд л хэрэгжүүлэхийг оролддог. Тухайлбал, Израиль цөмийн зэвсгийн их хэмжээний нөөц бүрдүүлсэн тухай баримтыг М.Вануну 1986 онд гаргаж ирэхэд цөмийн зэвсэгтэй их гүрнүүд хориг арга хэмжээ авах нь бүү хэл Тель-Авиваас энэ тухай тодорхой мэдээлэл шаардаагүй. Гэтэл Ираны хувьд тийм зэвсэг боловсруулж байна гэсэн сэжиг төдий байна. Энэтхэг, Пакистаны жишээ үүнийг бүр тод илтгэнэ. Энэтхэг, Пакистаныг 1980-аад оны сүүлчээр дахин цөмийн туршилт хийснийх нь төлөө тэдгээр оронд дэвшилтэт технологи ашигласан зэвсэг нийлүүлэх зэрэг тодорхой хүрээг хамарсан хориг тавьсан юм. Гэвч одоо тэдгээр орны эсрэг тавьсан хоригоо цуцалж, тэдэнд цөмийн технологи нийлүүлэх тухай гэрээ байгуулж эхэлжээ. Энэ бүхэн нь тухайн орон АНУ-ын холбоотон бол цөмийн зэвсэг эзэмшиж болно, холбоотоон нь биш бол тийм зэвсэгтэй байх хувьгүй гэсэнтэй утга нэг юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь сүүлийн үед аль нэг орны эсрэг хориг арга хэмжээ батлахын тулд хуралддаг боллоо гэхэд хилсдэхгүй. Иран, Умард Солонгос хоёрын эсрэг хориг арга хэмжээг батлахдаа бүх шийдвэрийг хөшигний ард байнгын таван гишүүний тохиролцоогоор гаргаж, зөвхөн түүнийгээ баталгаажуулахын тулд л хуралддаг болжээ. Үүний ард том гүрнүүдийн хооронд хийдэг эрх ашгийн наймаа гол үүрэг гүйцэтгэдэг. Иранд өнгөт хувьсгал бүтэлгүйтсэн тул тус улсыг дуулгавартай болгох дараагийн алхам нь юу байхыг таахад хэцүү биш.
Д.МӨНХБОЛД. УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН