Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг 2017 оноос эхлэн шалгаж, хэрэг бүртгэл нээсэн ч шалгах ажиллагааг хаасан. Тухайн хэргүүдийг яагаад хаасан, дахин шалгалт хийж байгаа эсэх талаар дараах тайлбарыг өглөө.
АТГ-ын дэд дарга Г.АЗЖАРГАЛ:
-Өмнө нь шалгаж байсан нүүрсний хулгайтай холбоотой эрүүгийн хэргүүд бий. 2017 оноос өмнө эрүүгийн хэрэг гэж нэрлэгдэж байсан хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг дахин шалгах ажлын хэсгийг гаргасан. Ямар шалтгаанаар хэн шалгасан, ямар үндэслэлээр хаасан талаар нийт 20-иод хэргийг шалгаж байгаа.
Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг шалгах шаардлагатай бол шалгана. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй.
Мөнгө мөртэй. Одоогоор эцсийн өмчлөгчдийн нэр ил гараагүй ч мөнгөний мөрөөр шалгалтыг хийнэ. Хэрэв улс төрд нөлөө бүхий хүмүүстэй үнэхээр хамааралтай бол бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгалтыг үргэлжлүүлнэ.
Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага, тагнуулын газраас нийслэлийн прокурорын хяналттай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ингэхдээ нүүрсний хулгайн хэрэгт таван үндсэн чиглэлээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Нэгдүгээрт, нүүрсийг бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон асуудлыг, хоёрдугаарт, нүүрстэй холбоотой гэрээний асуудлыг шалгаж байна. Мөн тээвэртэй холбоотой, төслийн санхүүжилттэй холбоотой асуудлыг шалгах чиглэлд ажиллаж байгаа.